ЭЕРГЭЭР БОДОХ ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЭХ НЬ

“Гутранги үзэлтнүүд боломжоос бэржшээлийг олж хардаг, өөдрөг үзэлтнүүд бэрхшээлээс боломжийг олж хардаг” Винстон Черчил

Бидэнд бэрхшээл тохиолдож,  сэтгэлээр унан гутарсан үед “эерэг бодолтой бай!” гэсэн зөвлөгөөг сонсох тохиолдол элбэг байдаг.

Гэхдээ эерэг байх гэдгийг сайн ойлгохгүй байвал яахав?

Эерэг байснаар зовлон, бэрхшээлээ үгүйсгэнэ гэж ойлгох уу?

Эсвэл бүх зүйл сайхан мэт дүр эсгэх хэрэгтэй гэсэн үг үү?

Магадгүй ихэнхдээ бид зөнд нь хаядаг ба энэ нь заримдаа давуу талтай байдаг. Үнэхээр “цаг хугацаа бүхнийг анагаадаг” ч, бид шаардлагатай үед өөрийгөө сэргээж, урагш тэмүүлэх хэрэгтэй.

Ингэхийн тулд бид үр ашиггүй, сөрөг хандлага болон сөрөг сэтгэлгээгээ өөрчилж, эрч хүчтэй өөдрөг бодлоор өөрийгөө цэнэглэн цаашаа дэвших хэрэгтэй. Гэхдээ мэдээж хэрэг бид бодит байдлыг үгүйсгэж, хорвоо ертөнцийг байгаагаас илүү сайхан болгож харж чаддаггүй.

Сөрөг мэдрэмж, таагүй нөхцөл байдал үүсэх нь ямар нэг зүйл болохгүй байгаагийн үр дагавар байдаг тул уг байдалд заавал анхаарлаа хандуулах шаардлагатайг илэрхийлдэг. Харин энэ үед бид эерэг бодол сэтгэлгээгээ ашиглан, тэдгээр таагүй нөхцлийг зөв шийдвэрлэх, цаашид өөрийгөө зөв залах хэрэгсэл болгон ашиглах талаас нь тайлбарладаг арга барилыг эзэмших ёстой. Энэ хандлагаараа зовлон, бэрхшээлийг үгүйсгэх биш, харин тэдгээрийг ойлгож, шийдвэр гаргах болон уян хатан байх чадвараа илүү хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг юм.

 СЭТГЭЛГЭЭГЭЭ ХЭРХЭН ӨӨРЧЛӨХ ВЭ?

  • Та амьдралын явцад туршлага сууж өсч хөгжихийн тулд хувьсан өөрчлөгдөх хэрэгтэйгээ ухамсарлах хэрэгтэй. Амьдралын зам үргэлж дардан байдаггүй. Амьдралыг өөрийнхөө тааваар өнгөрөөж хангалуун байх боломжгүй. Аливаа бэрхшээл, хүнд ачаалалтай нүүр тулгарахгүй, асуудлаас зайлсхийж, айдас болгоомжлолтой хандах юм бол  амьдралын гашуун туршлага илүү хүндээр тусна. Харин тохиолдох бэрхшээлийг илүү хүчирхэг болох боломж хэмээн харж ухаалаг, уян хатан байж чадвал та эергээр сэтгэж зөв алхам хийх чадвартай байх болно.
  • Бэрхшээлийн цаана Бэлэг. Бэрхшээл бүрээс сургамж ав. Ажил үйлс санаснаар бүтэхгүй үед өөртөө гутарч, сэтгэлээр унахын оронд цаашид дахин алдахгүйн тулд өөрийнхөө хийж чадах бүхнийг хий. Ингэснээр дараа дахин ийм алдаа гаргаж, бүтэлгүйтэхээс сэргийлж чадна.

 “Aлдаа болгоны ард нээлт хүлээж байдаг” Жэймс Жойс

  • Өөртөө итгэ. Амжилтанд хүрэхэд шаардлагатай бүх юм танд байгаа гэдгийг ойлго. Таны өөртөө тавьсан зорилго болон мөрөөдөл болгон чинь таны авьяас чадвар, жинхэнэ чадавхи юунд хүрэх боломжтойг илэрхийлдэг. Танд гайхамшгийг бүтээх хосгүй хүч чадал бий гэдгийг ойлгож гагцхүү өөрийн дотоод нөөц, чадавхиа хөгжүүлэх ухамсарлах хэрэгтэй. Та бол нэгэн хосгүй бие хүн мөн.
  • Дэмжлэг, урамшууллыг эрж хай. Бусдын амжилтын түүхийг судалж, тэднээс суралц. Амжилтанд хүрсэн маш олон хүмүүс өнөөдрийн өндөрлөгт хүрэхийн тулд бүхнийг тэгээс эхэлж, олон бэрхшээл саадыг даван туулсан байдаг.  Тэдгээр хүмүүсийн туршлага нь таныг хүссэн амжилтандаа хүрэх сэдлийг төрүүлж, таныг зоригжуулна. Амжилтандаа анхаарлаа хандуулж, эерэг бодлоо хадгалахын тулд гэр бүл, найз нөхдөөсөө тусламж аваарай.
  • Өөрийн хатуу шийдвэр гаргадаг чадалтай байж, орчин хүрээндээ зөв дүгнэлт хийж сур. Энэ нь таныг тойрон хүрээлэх сөрөг нөлөөг үгүйсгэх, ялан дийлэх шийдвар гаргаж чаддаг байх гэсэн үг. Бусад хүмүүсийн харш нөлөө, амьдрал ажлын сөрөг орчин танд  тушаах боломжийг олгохын оронд та өнөөдөр үүнд хэрхэн хандах, юу хийж чадах тал дээр  сайтар бодож үзээрэй.
  • Таныг хөгжүүлэх, сайнаар нөлөөлөх хүмүүстэй харьц. Таны энергийг сорж, идэвхийг бууруулдаг хүмүүстэй харьцахаас зайлсхий. Хэрвээ та тэднээс зай барих боломжгүй, эсвэл хүсэхгүй байвал тэдгээр хүмүүсийн сөрөг нөлөөллөөс өөрийгөө хамгаалах аргад суралц.
  • Өөрийнхөө талаар эерэг сайн талыг өөртөө хэлж итгүүл.  Өөрийгөө үнэлж, өөртөө итгэснээс таны оюун бодол, сэтгэл санаа, өөрийгөө хүндлэх байдалд нөлөөлдөг
  • Шинэлэг зүйлсийг турш. Амьдарлын олон өнгө аясыг эергээр мэдрэх нь гайхамшгийг бүтээнэ. Зоогийн газар урд нь амсаж үзээгүй шинэ хоол захиалах, очиж үзээгүй мэдэхгүй гудамжийг олж алхах нь энгийн мэт боловч, та үүнээс шинэ амт, шинэ мэдрэмжийг авч болох юм.
  • Яг одоо биелэх боломжгүй мэт санагдавч, өмнөө том зорилго тавь. Зорилгодоо хүрэхийн тулд бүх хүчээ дайчилж үз. Өмнөө тавьсан нэг зорилгодоо хүрэхэд танд урам орно. Улмаар том, жижиг нь ялгаагүй зорилгоо биелүүлэхэд та өөртөө итгэлтэй болж, өөрийгөө хүндлэх сэтгэл тань нэмэгдэнэ.

Та амьдралдаа тохиолдох үйл явдлуудыг бүгдийг нь хянаж чадахгүй нь мэдээж. Харин уг үйл явдлыг хэрхэн хүлээж авах,ойлгох нь таны гарт болон хяналтанд байж чадна. Үйл явдлыг эергээр боломж гэж харах уу, эсвэл сөргөөр харж шаналж явах уу гэдгийг та сонгоно. Шийдвэр таны гарт байна.

САНАГТУН: эерэг хандлага эерэг байдлыг татдаг, сөрөг бодол нь сөрөг алхам хийлгэдэг. Хэрвээ та сайхан сэтгэлтэй, бусдад тусархуу бол бусдаас ижилхэн хайр, хүндлэлийг эргүүлэн авах болно. Харин та бүдүүлэг, хувиа хичээсэн нэгэн бол таны увайгүй зангаас болж бусад хүмүүс ч таныг хүндлэхгүй, нүүр буруулах болно.

ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Таны бодол тэр чигээрээ энергийн хэлбэртэй байдаг. Энэхүү энергийн урсгал нь таны биеийг нэвчин үйл хөдлөл болон гадагшлахад хүний биеийн гэрлэн бүрхүүл буюу аураг бий болгодог. Таны биеийн гэрлэн бүрхүүл эерэг байж аз хийморь сэргэлэн байх уу, сөрөг байж зогсонгишилд орших уу гэдгийг зөвхөн таны бодол л шийднэ.

ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ЮУГ ХИЙЖ БОЛОХ ВЭ…

  • Өдөр бүр нийтдээ нэг цаг орчим ямар нэг дасгал хөдөлгөөн хийх. Өглөө оройд явган алхсан ч таны сэтгэлзүйн эрүүл мэндэд нөлөөлж орчноо эергээр хүлээж авдаг болно .
  • Зөвхөн өртөө зориулах цаг гаргаж сур. Ном унших, хөгжим сонсох, найз нөхөдтэйгөө уулзах зүгээр залхуурч хэвтэх зэрэг өөрийнхөө хийхийг хүссэн зүйлдээ өдөр бүр чаддаггүй юмаа гэхэд долоо хоногтоо цаг зарцуулаарай. Таны сэтгэл санаа сэргэг байвал энергийн эерэг урсгал бий болно.
  • Сөрөг муу бодлуудыг бодогдож эхлэхээс нь өмнө зогсоож өөрийгөө өөр зүйлд саатуул. Хэрэв та сөрөг муу бодлуудаасаа болж сэтгэл зүйн хямралд орж байгаа бол, сөрөг бодлоосоо даруйхан ангижирч, эерэг бодлоор солих хэрэгтэй.
  • Таныг хайрладаг, хүндэлдэг, таныг аз жаргалтай байлгадаг хүмүүстэй аль болох хамт цагийг өнгөрөө. Үнэнч харилцаа нь амьдралыг сайхнаар мэдрэхэд тусална.
  • Дааж давшгүй бэрхшээл тохиолдсон мэт санагдах үед таныг сайтар сонсох, мэдрэх найз нөхөддөө ярьж сөрөг бодлоо гадагшлуулаарай. Тэдгээр хүмүүс танд тусалж чадах эсэх нь чухал бус, харин тантай хамт байж, сэтгэл санаагаар дэмжих нь чухал.

Эцэст нь хэлэхэд, өөрийгөө өрөвдөж хүнд байгаагаа бодохоос өмнө эргэн тойрноо сайн хар… Энэ хорвоо дээр танаас хэдэн зуу дахин хэцүү асуудалтай тулгарч, түүнийгээ даван туулахын тулд өдөр тутам уйгагүй тэмцэж буй олон хүмүүс бий шүү.

Тиймээс танд тохиосон аз завшааныг үнэлж, хувь тавиландаа баярлан би сайхан амьдарч байна гэж өөртөө хэл. Амьдралд юу эс тохиолдохыг хэн мэдэхэв, гэсэн ч эерэг байдлаа хадгалж үлдээрэй. Эерэг бодолтой байна гэдэг нь танд аливаа бодит муу зүйлийг бүрэн үгүйсгэнэ гэсэн үг биш. Ямар нэгэн тааламжгүй зүйл тохиолдвол хэрхэн сайнаар шийдвэрлэх, эсвэл эерэг талаас нь харах нь чухал байдаг юм.

Буддын сургаалд: Амьдрал амар биш. Амьдралыг бүхэлд нь өөрчилж болно гэсэн бодол үнэхээр ташаа.Харин амьдрал амаргүй гэдгийг энгийнээр хүлээн зөвшөөрч чаддаг болвол амьдралын бэрхшээл хялбар санагддаг. Хүмүүс амьдралыг бэрхшээл зовлонгоор дүүрэн гэдгийг ухамсарлан ойлгож зовлонгоо нимгэлэхийн тулд итгэдэг шашин, итгэл үнэмшил, эм эмчилгээ зэрэг аргаа зөв олж чадвал амьдрал урсгалаараа явах болно. Амьдрал амар биш, тэгэхдээ бэрхшээлийг давах аргын төлөө өөрөө тэмц. 

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »