Цэвэршилтийн халуу оргих шинж тэмдэг гэж юу вэ? Яагаад илэрдэг вэ?

Халуу оргиж хүйтэн хөлрөх нь цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн 75 хувьд нь тохиолддог цэвэршилтийн сонгодог шинж тэмдэг юм. Халуу оргих шинж тэмдэг нь ихэвчлэн шөнө хөлрөх, түүнээс болж нойргүйтэх зовиураар дагалдаж байдаг. Халуу оргих шинж тэмдэг нь арьсны гадаргуу орчмын цусны судаснууд биеийн халууныг гадагшлуулах зорилгоор өргөсөн нүүр улайж, халуу дүйгэж мэдрэгддэг байна. Мөн биеийн халууныг гадагшлуулахын тулд бүх бие хөлрөх нь элбэг. Халуу оргиж хөлрөхийн хамтаар зүрхний хэм түргэсэх, дотор муухайрах, толгой эргэх, биеийн ерөнхий байдал тавгүйрхэх зэрэг шинжүүд тохиолддог.

Халуу оргих шинж тэмдэг мэдрэгдэж байна гэдэг нь тухайн эмэгтэй ойрын хугацаанд цэвэршиж эхлэхийг заасан цэвэршилтийн сонгодог дохио юм. Халуу оргих зовиур эмэгтэй бүрт харилцан адилгүй илэрдэг. Нэг хэсэг эмэгтэйд цэвэршилт ямар ч зовиургүй явагдаж, зөвхөн сарын тэмдэг аяндаа хаагддаг бол нөгөө хэсэгт халуу оргих шинж нь огцом халуу оргиж, нэвт хөлрөхийн хамт  нүүр, цээжээр улайж ажил амьдралын хэв маягийг алдагдуулах хүртэл хүндрэл учруулна.

Халуу оргих шинж нь хоромхон зуур гэнэт дүйгэж өнгөрөх эсвэл хагас цаг орчим үргэлжлэх зэргээр эмэгтэй бүрт ялгаатай байна. Ихэвчлэн цээж хэсгээс эхлээд нүүр лүү шилжин халуу хөөрөх, бага хэмжээгээр хөлрөх хэлбэрээр явагдах нь элбэг.

Халуу оргих байдал нь эмэгтэйчүүдийн сарын тэмдэг хаагдахаас нэгээс хоёр жилийн өмнөөс илэрч эхлэх бөгөөд цэвэршсэний дараа аажим цөөрч эрч нь багасан илрэхээ болино. Судалгаанаас үзэхэд сарын тэмдгийн алдагдал нь аажим явагдах тусам халуу оргих зовиур бага байдаг нь ажиглагдсан ба цэвэршилт эрт явагдах эсвэл сарын тэмдэг гэнэт хаагдахад цэвэршилтийн халуу оргих зовиур хүнд хэлбэрээр илэрдэг нь тогтоогдсон байна. Халуу оргих шинж нь  цэвэршсэнээс хойш ойролцоогоор 2 жил орчим үргэлжилдэг ч 10 хувьд нь энэ шинж тэмдэг таваас дээш жил үргэлжилдэг. Халуу оргиж хөлөрснөөс болж нойргүйддэг нь эмэгтэйчүүдийг илүүтэйгээр тавгүйтүүлдэг.

Халуу оргих шинж тэмдгийн үндсэн шалтгаан                                    

Халуу оргих шинж тэмдгийн эх үүсвэрийг тайлбарласан олон онол байдаг ч ихэвчлэн бие махбодийн халуун зохицуулж байдаг тархины гипоталамус хэсэг нь цэвэршилтийн явцад эстроген дааврын түвшин огцом  буурсанд хариу урвал болж биеийн халууныг нэмэгдүүлдэг гэсэн тайлбар хамгийн оновчтойд тооцогдоно. Биеийн халуун нэмэгдэхэд биеийн халууныг эргэн хэвийн байдалд оруулахын тулд арьсны гадаргуу судаснууд тэлж, хөлсний булчирхайнууд хөлс ялгаруулан дулааныг гадагшлуулдаг байна. Халуу оргих шинж тэмдэг нь эрүүл мэндэд хүндээр нөлөөлдөггүй ч гэсэн шөнийн нойр, амралтанд сөргөөр нөлөөлж, сэтгэл санааны тогтворгүй байдал, эрч хүчгүй, ядрах зэрэг хүндрэлийг дагуулна.

Халуу оргих зовиурыг хүндрүүлэх нөхцөл байдлууд:

  • Стресс
  • Кофе хэтрүүлэн хэрэглэх
  • Архи дарсны тогтмол хэрэглээ
  • Халуун ногоотой хоол
  • Хэмжээ тохироогүй, агаар нэвтэрдэггүй бариу хувцас өмсөх
  • Халуун орчин
  • Тамхи татах

Бусад эд эрхтэний эмгэг өвчлөл болон эмчилгээний зориулалтаар хэрэглэсэн эмний үйлчлэлээс мөн халуу оргин хөлрөх шинж тэмдгээр илэрч болно. Хэрвээ таны халуу оргих хөлрөх нь цэвэршилтээс өөр шалтгаантай гэж үзвэл заавал эмчээс зөвлөгөө аваарай.

Цэвэршилтээс бусад тохиолдолд халуу оргих шинж илрэх зарим тохиолдол:

  • Сэтгэл санааны гэнэтийн цочролд орох
  • Халдвар, үрэвсэл
  • Хорт хавдар
  • Чихрийн шижин
  • Хэт хөлрөх эмгэг хам шинж
  • Бамбайн эмгэг
  • Таргалалт

Халуу оргих шинж тэмдгийн зохицуулалт

Халуу оргиж хөлрөх үед зовиурыг хөнгөвчлөх, давтамж болон эрчийн хэмжээг багасгах зорилгоор урьдчилан сэргийлэх энгийн аргуудыг хэрэглэж заншвал цэвэршилтийн шинж тэмдгүүдийг хянах бүрэн боломжтой байдаг. Үүнд:

  • Агааржуулагч болон хүйтэн үлээдэг сэнс бэлдэж хэрэглэх
  • Хүйтэн ус, мөс гар дор бэлэн байлгаж хэрэглэх
  • Орой унтахаас өмнө хүйтэн шүршүүрт орох
  • Силк болон синтетик хувцаснаас зайлсхийж хөвөн даавуун хөнжил, дэвсгэр, хэрэглэлийн голчлон хэрэглэдэг байх

Эдгээр энгийн боловч зайлшгүй чухал арга хэмжээг авч халуу оргилтын давтамж болон эрчийг нэмэгдүүлдэг нөхцлөөс зайлсхийж чадвал эмэн эмчилгээгүйгээр цэвэршилтийн үеийг эрүүл өнгөрөөж болно.

Дараах зүйлүүд халуу оргилтыг нэмэгдүүлдэг:

  • Хэт халуун, бүгчим орчин (халуун цаг агаар, агааргүй бугчим өрөө, халуун ор, халуун шүршүүр гэх мэт)
  • Стресс болон түгшилт
  • Халуун хоол цай эсвэл халуун ногоотой хоол хэрэглэх
  • Тамхи татах
  • Кофе, архи дарс, сахарын хэмжээг хэтрүүлэн хэрэглэх
  • Тураах эм

Өдөр тутмын жижиг өөрчлөлтүүдийг хийснээр цэвэршилттэй олон эмэгтэйчүүд халуу оргилтыг зохицуулж чадна.

Цэвэршилтийн үед халуу оргих шинж тэмдгийн эмчилгээ

Цэвэршилтийн насанд зөвхөн эм эмчилгээ, амин дэм, тэжээл хэрэглээд зогсохгүй амьдралын зөв хэв маягийг хэвшүүлж чадвал дааврын тэнцвэр алдагдлыг эмгүйгээр зохицуулж эрүүл байх бололцоотой байдаг. Цэвэршилтийн нас дөхөөд ирэхэд дараах алхмуудыг хэрэгжүүлснээр та өөртөө тусалж чадна.

Цэвэршилтийн шинж тэмдэг маш өргөн хүрээтэй. Өөрийгөө өөрчлөлтөнд бэлтгэх хамгийн сайн арга бол амьдралын зөв хэвшилтэй болох явдал юм. Үүнд:

  • Хоолны сонголтоо зөв хийж, хоолны цаг алгасалгүй, тогтмол цагаар болон хэтрүүлэхгүй хэмжээгээр хэрэглэдэг байх. Хоол холдсоны улмаас цусан дахь сахарын түвшин буурахад халуу оргих нөхцөл нэмэгддэг. Шар буурцаг түлхүү хэрэглэвэл шаардагдах уургийн хэмжээг хэвийн хадгалж болно.
  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхтэй байлгадаг ширхэглэг ихтэй хоол хүнс хэрэглэж өдөр алгасалгүй хүндээр бие засдаг байх. Өтгөн хатдаг бол халуу оргих нь илүү хүндээр мэдрэгдэнэ.
  • Ус, шингэн хангалттай хэмжээгээр хэрэглэдэг байх. Өдөрт 1.5 литрээс багагүй шингэн хэрэглэдэг байвал бие махбодид шаардагдах шингэнийг хангаж халуу оргих байдлыг багасгана.
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийж, идэвхтэй байх. Өдөр бүр дор хаяж хагас цагийн аливаа нэг хэлбэрийн идэвхтэй хөдөлгөөн хийдэг болж занших хэрэгтэй. Өдөр бүр 30 минут явган алхахад үр дүн маш хурдан мэдрэгддэг. Бясалгал болон иогийн дасгалууд хийж эхлэх, мөн зөв амьсгалахад суралцаарай.
  • Стрессээс ангижрах. Стресс нь халуу оргих биологийн урвалыг үүсгэдэг химийн нэгдлийн нийлэгжлийг хурдасгадаг уршигтай.

Ургамлын гаралтай эм бэлдмэлүүд гаж нөлөө үзүүлэхгүйгээр халуу оргих зовиурыг маш үр дүнтэйгээр багасгаж чаддаг. Байгалийн гаралтай эм тэжээлийн хамтаар зүү тавиулах, бариа массаж хийлгэж болно. Байгалийн гаралтай тэжээлээс даавар төст үйлчлэлтэй ургамлуудыг зөв сонгож, тохирсон тунгаар хэрэглэх нь хамгийн өндөр үр дүнтэй. Хооллолтондоо шар буурцгийн сүмс, салатны навч, хүнсний ногоог хангалттай хэрэглэдэг байвал зохимжтой.

Эдгээр арга хэмжээ авсан боловч цэвэршилтийн шинж тэмдгүүд хүнд хэлбэрээр илэрсэн хэвээр байвал эмчид хандан даавар тэнцвэржүүлэх, нөхөх эмчилгээг хүвь хүн бүрт тохирсон хэлбэр болон тунгаар хийлгэх нь зайлшгүй хэрэгтэй.

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »