Мөн эдгээр нь мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг тэнцвэртэй жигд явуулах нөхцлийг бүрдүүлж өгөхийн хамт тодорхой өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Өөхний хүчлүүд нь хорт хавдрын эсрэг хамгаалах, өвчлөлийн явцыг удаашруулах болон сэтгэц мэдрэлийн эмгэг зэрэгт эмчилгээний өндөр ач холбогдолтой нь судалгаагаар тогтоогджээ.
Хүний тархины хөгжил, дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагаа болон цусны даралтыг тогтворжуулахад нэн чухал Омега-3 болон Омега-6 хүчлийг хүний бие махбодь өөрөө үүсгэдэггүй тул эссэнциал буюу нэн чухал өөхний хүчлийн ангилалд хамаарагдана.
Омега-3 өөхний хүчил гэж юу вэ?
Омега-3 тосон хүчил нь хүний биеийн мэдрэлийн тогтолцоог хөгжүүлэхэд тустай бөгөөд хүүхэд төдийгүй насанд хүрсэн хүний тархины чадамжийг эрчимжүүлэх үйлчлэлтэй. Мөн Омега-3 буюу альфа-линолений хүчил нь холестерол, триглицеридийн түвшинг бууруулж, цусны судасны уян хатан байдлыг хангаж, артерийн судсанд өөхний хуримтлал үүсэхээс сэргийлэх замаар зүрхний өвчин болон цус харвалтыг бууруулдаг. Хүний бие дэх үрэвслээс үүдэлтэй өвчлөлүүд болох үе мөчний үрэвсэл, дархлааны тогтворгүй байдлыг Омега 3 хамгаалж, дэмжих чаддаг. 7 хоногт ядаж хоёр удаа салмон, май, яргай болон туна зэрэг тослог загасыг хоол хүнсэндээ хэрэглэж байвал Омега-3 өөхний хүчлийн хэрэгцээг хангах бололцоотой байдаг.
Омега-6 өөхний хүчил гэж юу вэ?
Омега-6 нь ихэнхдээ самар, маалинганы үр зэрэг ургамлын гаралтай хүнсэнд агуулагддаг. Энэ нь ерөнхийдөө Омега 3 өөхний хүчилтэй ижил үр ашигтай байдаг ч загасны гаралтай эх сурвалж шиг чухалчлан хэрэглэхийг заагаад байдаггүй. Омега-6 өөхний хүчил нь үе мөчний үрэвсэл, дархлалын эмгэг урвал зэрэгт Омега-3 өөхний хүчлийн ижил үр дүн үзүүлдэг ч хэрэглэж буй хүмүүсийн үс, арьсанд илүү нөлөө үзүүлдэг байна. Судалгаанаас үзэхэд Омега-6 өөхний хүчил нь арьсны батгажих, үс хуйхны эмгэг болон псориаз (хайрст үлд) зэрэг эмгэгүүдийн эмчилгээнд өндөр үр дүнтэй нь батлагджээ.
Эмэгтэйчүүдийн сарын тэмдэг болон сарын тэмдгийн хямралын эмгэгт тэнцвэржүүлэх үйлчлэлтэй байдаг.
Ихэнх омега-6 өөхний хүчлүүдийг бид ургамлын тосноос авч байдаг ба эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөө Омега-3аас харьцангүй бага байдаг ч эрүүл хооллолтын шаардлагатай хэсэг болгохыг судлаачид зөвлөдөг.
Омега-3 болон омега-6 өөхний хүчлүүдийн тэнцвэрт байдал
Омега-3 болон омега-6 өөхний хүчлүүдийг тэнцвэртэй байлгах нь эрүүл мэндэд их ач холбогдолтой. Тэнцвэргүй хэрэглээ, омега-6-ийн хэмжээ ихэссэн тохиолдолд үрэвслийг дэмжиж олон эмгэгт хүргэдэг. Омега-6 болон Омега-3 өөхний хүчлүүдийн хэрэглэх тунгийн хэмжээ 2:1 харьцаатай байвал зохино. Гэвч орчин цагийн өнөөгийн түргэн эсвэл бэлэн хоол, өндөр илчлэгтэй зууш хэрэглэж буй ихэнх хүмүүсийн хоолны дэглэм нь омега-6-г омега-3-аас 11-30 дахин их хэмжээгээр агуулсан байдаг. Тийм ч учраас Омега-6 нь олон үрэвсэлт эмгэгийг үүсгэдэг.
Омега-9 өөхний хүчил гэж юу вэ?
Омега-9 өөхний хүчлүүд нь ургамал болон амьтны гаралтай тосонд ихээр агуулагддаг. Омега-9 нь хүний биед бага хэмжээгээр үүсдэг ч хоол хүнсээр авах нь эрүүл мэндэд ач холбогдолтой байдаг. Омега-9 өөхний хүчлийн гол төлөөлөгч нь олейн хүчил юм. Олейн хүчил нь оливийн тос, канола, наранцэцгийн тосны найрлагад агуулагддаг.
Омега-9 өөхний хүчлүүдийг моно-ханаагүй өөхний хүчил гэж нэрлэдэг бөгөөд зүрх судасны өвчин, цус харвалтын эрсдэлийг бууруулдаг. Эдгээр өөхний хүчлүүд нь сайн холестеролыг ихэсгэж, муу холестеролын хэмжээг бууруулж, артерийн судасны хананы хатуурал үүсэхээс сэргийлдэг.
Омега-3, 6, 9 өөхний хүчлүүд нь биед өөр өөр үүрэгтэй хэдий ч тэнцвэртэй хэмжээгээр байж бие махбодийг эрүүл байхад тусалдаг ба тэнцвэртэй харьцаагаар хэрэглэх хамгийн хялбар арга нь нэмэлт тэжээл байдаг.
Тун хэмжээ
Омега өөхний хүчлүүдийн хомсдол сөрөг үр дагавартай ч хомсдлоос болгоомжлон хэтрүүлэн хэрэглэх нь ч мөн сөрөг нөлөөтэй. Хамгийн чухал нь тунгийн зөв харьцаа байдаг. Омега-6 болон Омега-3-ын харьцаа 2:1 байвал зохилтой. Омега-9-ын заасан тун 300-400мг байх заалттай. Oмега 3,6,9-ыг зөв харьцаатай үйлдвэрлэгдсэн нэмэлт бүтээгдэхүүний тосон үрлүүдийг хэрэглэхэд хялбар, шингэц сайтай байдаг. Омега 3,6,9 нь ихэнхдээ 1,200 мг савлагаатай байдаг.
Хүн идэвхтэй амьдрал болон эрүүл хооллолтоор өөрт шаардагдах омега өөхний хүчлүүдийг нөөцлөх бүрэн бололцоотой ч архи дарс хэтрүүлэн хэрэглэх, эсвэл хөдөлгөөний идэвхгүй амьдралыг загасны тосны нэмэлт бүтээгдэхүүнээр нөхөх нь ухаалаг сонголт биш гэдгийг ойлгоорой. Хамгийн зөв зарчим бол – эрүүл хооллолт!