Даавар орлуулах эмчилгээний тухай

Даавар орлуулах эмчилгээний талаар зөвлөж байна.

Даавар нөхөх эмчилгээг сонгохдоо эргэлзэж байна уу? Ихэнх эмэгтэйчүүд үүнд эргэлздэг учир нь даавар хавдар үүсгэдэг гэсэн айдас олны дунд байдгаас үүдэлтэй . Дааврын аюулгүй эсэх дээр эргэлздэг болохоос биш үзүүлэх эмчилгээний ач холбогдол, зовиур хөнгөлж, өдөр тутмын амьдралыг хичнээн хөнгөлж чаддаг тухай мэдээлэл хомс байдагтай ч холбоотой байх магадлалтай.

Цэвэршилтийн үеийн шинж тэмдэг хүндээр илэрч, дааж давшгүй зовиуртай байсан ч  даавар эмчилгээнээс гарах эрсдэлд нь илүү эргэлздэг учир дааврын эмийг ууж хэрэглэх, туйлбартай үргэлжлүүлэн хэрэглэхээс татгалздаг байна. Харин нарийн сайн үзлэг, шинжилгээнд үндэслэн тухайн хүндээ тохирсон дааврын төрөл болон тун, хэрэглэх аргыг эмэгтэй хүн бүрийн биеийн онцлог, бусад өвчлөлийн явцыг харгалзан зөв тохируулж чадвал ихэнх эмэгтэйчүүд аюулгүйгээр хэрэглэх боломжтой юм.

Хорт хавдрын гэр бүлийн өвчлөлийн түүхтэй, шинжилгээгээр хөхний хавдарт өртөх эрсдэл өндөртэй бол даавар эмчилгээнд болгоомжтой хандаж, нийлэгжсэн даавар хэрэглэхгүй байх, байгалийн гаралтай даавар төст үйлчлэлтэй эмчилгээний аргыг эмчээс зөвлөлгөө авч хэрэглэхийг зөвлөе.

Эмэгтэйчүүдийн 75 хувьд нь халуу оргих болон шөнө хөлрөх шинж тэмдэг илэрдэг. Эстроген даавар нөхөх эмчилгээ бол эдгээр илэрч буй шинж тэмдгийн гол эмчилгээ юм. Үүнийг уудаг үрлэн хэлбэрээр, арьсанд тосон түрхлэг, наалтаар, эсвэл үтрээний үрэл хэлбэрээр хэрэглэх боломжтой. Эстроген эмчилгээг хамгийн бага тунгаар хэрэглэснээр халуу оргихгүй, шөнөдөө хөлрөхгүй болж сайжрахаас гадна сайн унтаж, сэтгэл санааг ч өөдрөг байлгаж амьдралын чанар, мэдрэмж эрс сайжирдаг байна. Хамгийн бага тунгаар, зөв сонгож хэрэглэснээр цэвэршиж буй эмэгтэйд зориулсан аюулгүй мөн үр дүнтэй эмчилгээний арга болдог.

Бид зөвлөгөө өгч буй хүмүүстээ даавар орлуулах эмчилгээг байгалийн гаралтай хэлбэрээр цэвэршилтийн өмнөх эсвэл цэвэршилийн эрт үед хэрэглэхийг зөвлөдөг. Хэрвээ өвчтөн цэвэршилтийн өмнөх жилүүддээ даавраа тэнцвэртэй байлгаж чадвал, ясны нягтрал нь хэвийн, сийрэгжихгүйгээр бөх байдлыг хадгалах, зүрхний үйл ажиллагааг дэмжиж өгөхөд ач холбогдолтой байдаг. Дааврыг тэнцвэртэй байлгаснаар аливаа өвчлөлийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болж чаддаг байна.

Эмчилгээний талаар зөвлөгөө авахаар хандсан хүмүүстэй ярилцахдаа хэрэглэх хугацаа, тунгийн талаар тохирох ба богино хугацаанд бага тунгаар хэрэглүүлэхийг хичээдэг. Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд даавар эмчилгээг 5 жилийн турш хэрэглэхэд тохиромжтой. Гэсэн ч энэ хугацаа өвчтөн бүрийн хувийн онцлогоос хамаарч байдаг. Зарим эмэгтэйчүүдэд нэг жил хэрэглэхэд хангалттай байж, даавар эмчилгээгээ зогсоодог бол зарим нь 5 жилээс илүү удаан хугацаагаар хэрэглэх шаардлагатай байдаг.

Цэвэршилтийн дараа дааврын дутагдлаас үтрээний хуурайшил, хатингаршлыг үүсгэх үр дагавартай байдаг тул би цэвэршилтийн нас дөхөж буй дийлэнх эмэгтэйчүүдэд үтрээний эстроген урьдчилан сэргийлэх зорилгоор бага тунгаар хэрэглүүлэхийг ихэд дэмждэг. Цэвэршилтийн дараах бүхий л эмэгтэйчүүдэд үтрээний хатингаршил, үтрээний болон давсагны хананы давхарга нимгэрэл үүсдэг тул энэ хүндрэлүүдээс үтрээний эстроген хамгаалж чадна. Хуурайших, загатнах, бэлгийн харьцаа эмзэглэлтэй болох, үтрээ, давсагны үрэвсэл үүссэн мэт санагдах зэрэг зовиурт эстроген онцгой сайн тусалж чадна.

Даавар тэнцвэржүүлэх зорилгоор эстроген даавар хэрэглэх шаардлага гарсан тохиолдолд заавал прогестерон дааврыг хавсаргах хэрэгтэй. Прогестерон нь умайн эндометрийн салстыг бүтцийн өөрчлөлт, цаашдаа хорт хавдраас хамгаалж өгнө. Умайг тайрч авах мэс засалд орсон эмэгтэй эстрогенийг дангаар нь хэрэглэж болно.

Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн насандаа нийлэгжүүлдэг бэлгийн даавруудтай химийн бүтцээр төстэй, биологийн төст байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд тэнцвэржүүлэлтийн өндөр үр дүнтэй байдаг. Байгалийн гаралтай эстрадиол, прогестерон, тестостерон зэрэг нь тос, шахмал, гель зэргээр үйлдвэрлэгддэг нь цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд бага тунгаар, хавсарсан хүндрэлгүйгээр даавар тэнцвэржүүлж, зовиур арилган, архаг өвчлөлүүдийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдгаараа онцлог юм.

Цэвэршилтийн өмнөх үед болон цэвэршилтийн эрт үед илрэх халуу оргих, шөнө хөлрөх, нойргүйдэх, сэтгэл санаа өөрчлөгдөх, бэлгийн дур хүсэл буурах, үтрээ хуурайших зэрэг шинжүүдэд даавар орлуулах эмчилгээ өөрийнхөө үүргийг гүйцэтгэж чаддаг байна. Эмэгтэйчүүдийн эмчтэйгээ уулзаж, даавар эмчилгээний талаар мэдээлэл аваарай.

Та бүхэнд асууж, ярилцах зүйл байвал манай веб хуудас www.mmas.mn, болон info@mmas.mn хаяг руу холбогдоорой.

Эмч С.Энхээ

 

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »