Сарын тэмдэг тогтворгүй болж эхлэх нь цэвэршилт дөхөж байгаагийн хамгийн эрт үеийн шинж тэмдэг бөгөөд биений юм бүрэн хаагдахаас 3-5 жилийн өмнөөс мөчлөгийн хугацаа өөрчлөгдөх, биений юм ирэх хэмжээ ихэсч багасах зэрэг олон хэлбэрээр эмэгтэй бүрт ялгаатай хэлбэрээр ажиглагдана. Эмэгтэйчүүдийн зөвхөн 10 хувь нь сарын тэмдгийн мөчлөг өөрчлөлтгүй цэвэршилт явагддаг байна.

Сарын тэмдгийн мөчлөг бүр бэлгийн даавраар зохицуулагдаж байдаг ба цэвэршилт дөхөхөд даавруудын түвшин буурах, даавруд хоорондын харьцаа алдагдах, хэлбэлзэж эхэлдгийг дагаад сарын тэмдгийн мөчлөг мөн тогтворгүй болж эхэлдэг.

Биений юм 25-31 хоног тутамд тогтмол ирж, 3-5 хоног үргэлжлэн, дунджаар 30-80мг \ойролцоогоор 3-8 хоолны халбага\ хэмжээгээр ялгарахыг хэвийн сарын тэмдгийн мөчлөг гэж тодорхойлдог. Цэвэршилтийн шилжилтийн насанд мөчлөгийн урт ойртох, холдох, үргэлжлэх хоног цөөрөх, уртсах, өөрчлөгдөх, ялгарах цусны хэмжээ багасах эсвэл ихсэх зэрэг олон хэлбэрээр илэрнэ.

Цэвэршилтийн насанд сарын тэмдэг дараах хэлбэрээр тогтворгүйждэг байна:

  • биений юм хэтэрхий ойрхон, эсвэл хэт хол зайтай ирэх
  • биений юм ирэхгүй алгасах
  • зовиуртай, өвдөж ирэх
  • хэт олон хоног үргэлжлэн ирэх
  • ялгарах цусны хэмжээ өөрчлөгдөх
  • биений юм нөжтэй ялгарах

Хэдийгээр сарын тэмдэг тогтворгүй болж, биений юм ирэхгүй алгасдаг ч өндгөвчид өндгөн эс боловсрон ялгарсан хэвээр байдаг тул цэвэршилтийн урьдал үед жирэмслэх боломж хэвээр байдгийг анхаарч жирэмснээс хамгаалах шаардлагатай.

Цэвэршилтийн дааврын хэлбэлзлээс бусад шалтгаанаар сарын тэмдэг тогтворгүйтэх тохиолдлууд

Хэдийгээр цэвэршилтийн үеийн дааврын өөрчлөлт нь сарын тэмдэг тогтворгүйтэх үндсэн шалтгаан мөн боловч, зарим тохиолдолд эрүүл мэндийн байдал, амьдралын хэв маяг мөн адил шалтгаан болдог. Үүнд:

Эрүүл мэндийн байдал:

  • Зохисгүй хооллолт
  • Өндгөвчний үйл ажиллагааны өвчлөл, эмгэг
  • Умайн эмгэгүүд (умайн ургацаг, уйланхай, эндометриоз, полип)
  • Гэдэсний үрэвслийн хам шинж
  • Сүрьеэ
  • Жирэмслэлт, олон зулбалт, умайн хөндий хуссан
  • Элэгний эмгэг
  • Чихрийн шижин
  • Хорт хавдар
  • Цус багадалт
  • Бамбай булчирхайн эмгэг

 Амьдралын хэв маяг:

  • Биеийн жин огцом нэмэх/хасах
  • Дасгал хөдөлгөөний хэт ачаалал
  • Амин дэмийн дутагдал
  • Тамхи татах
  • Мансууруулах бодис хэрэглэх
  • Каффейн хэрэглээ хэтрүүлэх
  • Согтууруулах ундаа тогтмол хэрэглэх
  • Сэтгэлзүйн дарамт
  • Эмийн эмчилгээ
  • Хөхөөр хооллох

Доорх тохиолдлуудад эмчид хандаарай:

  • Биений юм хэт их хэмжээгээр, удаан үргэлжлэх (7 хоногоос илүү)
  • Бэлгийн хавьтлын дараа цус гарах
  • Биений юм ирэх хооронд цус шүүрэх
  • Хэвлийн доогуур ихээр өвдөх
  • Биед илүүдэл үс ургах
  • Шалтгаангүйгээр огцом жин нэмэх
  • Үтрээнээс үнэртэй ялгарал ихсэх

САРЫН ТЭМДГИЙН ХЭМ АЛДАГДАЛД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Энэхүү өөрчлөлтөнд 3 шатлалт арга хэмжээ авахыг зөвлөдөг. Ингэхдээ хамгийн хялбар аргаас эхэлж, улмаар дараагийн шат руу шилжинэ.

  1. Амьдралын хэв маягаа өөрчлөх

Сарын тэмдгийн тогтворгүйжилтийг багасгахын тулд амьдрах хэв маягаа тааруулах:

  • Дасгал хөдөлгөөний идэвхтэй байх (өдөр бүр доод зах нь 30 минутын дасгал хийх)
  • Олон боловсруулсан нүүрс ус, гурилан бүтээгдэхүүний хэрэглээг багасгах
  • Олон төрлийн амин дэм, кальци, магни, загасны тос зэрэг эрдэс бодисыг агуулсан хоолны дэглэм баримтлах
  • Согтууруулах ундаа болон каффейний хэрэглээг багасгах
  • Иог, бясалгал гэх мэт стресс тайлах дасгалаар хичээллэх
  • Сарын тэмдгээр алдсан тэжээлийг нөхөхийн тулд хэрэглэх ус, шингэний хэмжээг нэмэгдүүлэх
  • Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх.
  1. Уламжлалт эмчилгээ

Эстроген даавар төст үйлчлэлтэй фитоэстрогенууд (дааврын бус) Black Cohosh, Agnus Castus, Evening Primrose Oil зэрэг) ургамлын үйлчлэлээр дааврын тэнцвэргүйжилтийг зохицуулж болдог.

Эстроген бус үйлчлэлтэй ургамлууд нь өнчин тархи, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг дэмжих хэлбэрээр даавар нийлэгжилд оролцдог. Энэ үйл ажиллагаа нь дан ганц эстроген дааврыг тэнцвэржүүлэхээс гадна прогестерон, тестостерон бусад бэлгийн даавруудыг мөн адил тнэцвэржүүлж чаддаг.

Амьдралын хэв маягаа өөрчлөхийн зэрэгцээ өөрт тохирох ургамал эмчилгээ зөв тохируулан хэрэглэх нь эрсдэлгүйгээр дааврын тэнцвэрт бус байдалтай тэмцэх хамгийн шилдэг арга болно.

  1. Эм тариа, мэс заслын арга

Сарын тэмдэг тогтворгүй болох нь хүндэрсэээр цус алдах, бусад эрхтэн тогтолцооны үйл ажиллааны эмгэгт хүргэх эрсдэлд хүргэх тохиолдолд эмчийн хяналтанд эмийн эмчилгээ болон яаралтай тохиолдолд мэс заслын аргаар эмчлэх шаардлага гардаг.

Мэс ажилбар нь биений юм их ирэх улмаар цус алдагдлыг үүсгэж буй шалтгаанаас хамаарна. Жишээ нь, умайн фиброид хавдрын үед түүний хэмжээ, байрлал, хүндрэлээс шалтгаалж мэс заслын аргаар тайрч авдаг. Шалтгаан тодруулах зорилгоор оношлогоонд хэвлийн хөндийн хэт авиа, умайн хөндий дурандах \гистероскопийн\ зэрэг нарийн оношилгоо хийлгэх шаардлагатай.

Олон Улсын Стандарт Удирдамжаар сарын тэмдэг тогтворгүйжих, цус алдахад даавар эмчилгээ хамгийн өргөн хэрэглэдэг.

Даавар эмчилгээ нь сарын тэмдгийн тогтворгүйжилтийг эмчлэх өндөр үр дүнтэй ч, эмчийн хяналтанд хүн бүрийн эмгэг байдлын шинж тэмдэг болон хувь хүний онцлог байдалд тохируулсан тун болон хэрэглэх аргыг тохируулан хэрэглэх нь нэн чухал.

Цэвэршсэний дараах цус ялгарах

Биений юм ирэхээ больж, зогсоод 12 сар болсны дараа цусархаг ялгарал гарах эсвэл цус алдах тохиолдолд эмэгтэйчүүдийн мэргэшсэн эмчийн зөвлөгөө яаралтай хэрэгтэй. Цус ялгарах тохиолдолд ихэвчлэн үтрээний хуурайшил болон хатингарталтай холбоотой байдаг ч дараах өөрчлөлт болон өвчлөлийн хүндрэлийн эрсдэл байж болзошгүйш анхаараарай:

  • Гэмтэл, цусны өвчин
  • Орлуулах даавар эмчилгээ хэрэглэж эхэлсэн
  • Үтрээний хатингартал
  • Умайн салст давхарга хөвсийж зузаарах
  • Умайн хавдар
  • Умай болон умайн хүзүүний полип \ургацаг\
  • Умайн хүзүүний хавдар
  • Өндгөвчний хавдар /ялангуяа эстроген даавар ялгаруулах хавдар/
  • Үтрээ эсвэл бэлгийн уруулын хавдар \ихэнх тохиолдолд ил шархтай харагдана\

Хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлүүд:

  • Хөхний хавдрын эмчилгээнд хэрэглэдэг TAMOXIFEN эмчилгээ хөхний булчирхайг эстроген дааварт мэдрэг чадварыг хорьдог ч умайн эндометрийг сэдээж хөвсийлгөн эсийн хувирал үүсгэх эрсдэлтэй байдаг.
  • Өндгөвчний Олон Уйланхайжих Хам Шинж эмэгтэйчүүд умайн эндометрийн хавдрын эрсдэл өндөр байдаг
  • Бүдүүн шулуун гэдэснийн хорт хавдрын гэр бүлийн өвчлөлийн түүхтэй
  • Таргалалттай хавсарсан чихрийн шижин

Харин хавсарсан дааврын жирэмснээс хамгаалах эм хэрэглэх нь умайн хавдрын эрсдэлийг багасгадгийг мэдэх нь зүйтэй.

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »