ЦЭВЭРШИЛТ БА ЗҮРХ СУДАСНЫ ЭРҮҮЛ МЭНД

Биений юм бүрмөсөн хаагдаж, нөхөн үржихүйн үйл ажиллагаа зогсох үе шатыг цэвэршилт гэнэ. Өөрөөр хэлбэл өндгөвчин дэх өндгөн эсийн нөөц дууссан гэсэн үг юм.

Өндгөвчинд өндгөн эсийн хэмжээ буюу нөөц өндөр байх тусам  бие махбодид эстроген дааврын нийлэгжил илүү идэвхжилтэй явагдаж, цусан дахь эстроген дааврын хэмжээг тодорхойлно. Нас ахихын хэмжээгээр өндгөвчинд өндгөн эсийн нөөц багасч, эстроген дааврын түвшин буурснаас бие махбодид өөрчлөлт явагдан, цэвэршилтийн хамшинж илрэх шалтгаан болдог.

Цэвэрших явцад дааврын түвшин хэлбэлзэх болон буурснаас ихэнх эмэгтэйчүүдэд дараах бие махбодийн болон сэтгэлзүйн шинж тэмдгүүд илэрнэ:

  • Халуу оргих/ Хөөрөх
  • Шөнө хөлрөх
  • Нойргүйдэл, нойрны эмгэгүүд
  • Зүрх дэлсэх
  • Биеийн жин нэмэгдэх (ихэвчлэн хэвлий орчмын)
  • Толгой өвдөх
  • Арьс хуурайших, үс шинэгэрэх, хумс хэврэг болох
  • Булчин, үе мөч өвдөх, хөндүүрлэх
  • Бэлгийн дур хүсэл буурах
  • Үтрээ хуурайших, бэлгийн хавьтал эмзэглэлтэй болох, үтрээний үрэвсэл ихсэх
  • Шээс задгайрах, шээсний замын үрэвслийн эрсдэл нэмэгдэх
  • Анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй болох, ой тогтоолт буурах
  • Ядрах, эрч хүч буурах
  • Зан ааш тогтворгүйтэх, цухалдах
  • Сэтгэл гутрах

Хэдийгээр цэвэршилт нь байгалийн жам ёсны дагуу явагдах үйл явц боловч, эстроген болон бусад дааврын түвшин огцом буурснаас дээр дурдсан хамшинж илрэхийн хамт бусад өвчлөл хүндрэх эрсдэлт хүчин зүйл болно.

Эстроген даавар нь эмэгтэйчүүдийг зүрх судасны өвчнөөс хамгаалах үйлчлэлтэй нь судалгаагаар ажиглагдсан. Цэвэршилтийн үе шатанд эстроген дааврын хэмжээ буурахад эмэгтэйчүүдийн цусан дахь өөх тосны түвшин өснө. Өөрөөр хэлбэл, цусан дахь холестеролын хэмжээ ихэсч судасны хана зузаарснаас судсанд цусны даралт ихсэх, цус харвах зэрэг зүрх судасны эрхтэн тогтолцооны өвчинд өртөх эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Зүрх судасны өвчин үүсгэх болзошгүй түгээмэл эрсдэлт хүчин зүйлүүд

Зүрх судасны өвчлөлд өртөгдөх эрсдлийг тухайн хүний амьдралын хэв маяг, зуршил, зан үйл болон бусад өвчлөл тодорхойлж байдаг. Эдгээр эрсдэлт хүчин зүйлүүд архаг хэлбэрээр явагдаж буй бусад өвчилсөн өвчний явцыг ч улам хүндрүүлнэ. Зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлийг та амьдралын зөв хэв маягаар өөрийн ухамсаар зохицуулж, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эдгээрт:

  • Цусны даралт ихсэлтийг хянах
  • Зохистой хооллолтоор цусан дахь өөх тосны түвшинг хэвийн байлгах
  • Биеийн жин барьж чихрийн шижин (чихрийн шижингийн урьдал үед нь) хянах
  • Тамхинаас татгалзах
  • Архи согтууруулах ундаа зохистой хэмжээнд хэрэглэх
  • Хоолны зохистой дэглэм барьж илүүдэл жин, таргалахаас хамгаалж зүрхэнд өгөх ачааллыг багасгах.
  • Хөдөлгөөний идэвхтэй цусан хангамжийг нэмэгдүүлэх
  • Гэр бүлийн гишүүн зүрх судасны өвчнөөр эрт өвчилсөн түүхтэй бол урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах
  • Нас (55 ба түүнээс дээш настай эмэгтэй зүрх судасны эрүүл мэндэд илүү анхааралтай хандах)

Насжилт болон зүрх судасны өвчний гэр бүлийн түүхтэй зэрэг зарим эрсдэлт хүчин зүйлийг өөрчлөх бололцоогүй байж болно. Иймээс эмэгтэйчүүдийн хувьд 55 нас хүрч байгаа нь эрсдэлт хүчин зүйл болж эхэлнэ. Учир нь цэвэршсэний дараа эмэгтэйчүүдийн зүрх судасны өвчний эрсдэл нэмэгддэг нь  бие махбодид эстроген дааврын нийлэгжил буурдагтай холбоотой. Байгалийн болон өндгөвч тайруулах мэс заслын улмаас эрт цэвэршсэн эмэгтэйчүүд ижил насны хараахан цэвэршээгүй байгаа эмэгтэйчүүдтэй харьцуулахад зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл 2 дахин нэмэгдэнэ.

Хэдийгээр газарзүй, байгаль цаг уур, үндэстэн угсаатан, удмын сангийн ялгаатай байдлаас шалтгаалан олон эмэгтэй хувь хүн бүр зүрх судасны өвчлөлд өртөгдөх байдал харилцан адилгүй байдаг ч, ихэнх тохиолдолд амьдралын хэв маягийн ерөнхий үр нөлөө нь ижил төстэй ба зүрх судасны өвчний олон эрсдэлт хүчин зүйлийг амьдралын хэв маягийн өөрчлөлтөөр зохицуулах боломжтой юм.

Насжилтийн үр нөлөө

Насжилт бол зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлэгч хамгийн хүчтэй эрсдэлт хүчин зүйл. 10 нас ахих тутамд зүрх судасны өвчний эрсдэл ойролцоогоор 3 дахин нэмэгдэж байдаг.  Судалгаанаас харахад зүрхний титэм судасны өвчнөөр нас барсан хүмүүсийн 82 хувь нь 65 ба түүнээс дээш настай байжээ. Мөн цус харвах эрсдэл 55 наснаас хойш 10 жил тутамд 2 дахин нэмэгддэг.

Дасгал хөдөлгөөн

Хөдөлгөөний идэвхгүй буюу 7 хоногт өдөр бүр 30 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж чадахгүй байсан үр дагавараар өвчлөл хүндэрсэн нас баралт нь дэлхийн хэмжээнд нас баралтын тэргүүлэх шалтгааны 4-рт бичигдэж байна. 15-аас дээш насны эмэгтэйчүүдийн бараг 40 хувь нь хөдөлгөөний дутагдалтай байна гэсэн судалгаа бий. 7 хоногт нийт 150 минут дунд болон өндөр ачаалалтай дасгал хөдөлгөөн хийдэг насанд хүрэгчдийн зүрхний цусан хангамжийн дутагдал (зүрхний ишеми), чихрийн шижингээр өвчлөх эрсдэл 3 дахин бага байна. Нэмж хэлэхэд дасгал хөдөлгөөн нь илүүдэл жинг бууруулж, цусан дахь сахарын хэмжээ, цусны даралтыг хэвийн болгож, зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулна.

capture1

Тамхи татах зуршил

Тамхины хор эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн эрсдэл нь дан ганц тамхи татдаг хүнд нэмэгдэхгүй, дам тамхидалт ч үүнээс дутахгүй сөрөг үр дагавартай. Зүрх судасны өвчлөлийн 10 орчим хувь нь тамхинаас шалтгаалдаг гэж үздэг.

Хооллолт

Өөх тос ихтэй хоол идэж, хүнсэндээ жимс, хүнсний ногоо, загасны мах бага хэрэглэх нь зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Судалгаанаас харахад Газар Дундын Тэнгис орчмын хоолны дэглэм нь өөх тос багатай, цусны даралтыг бууруулдаг хоолны дэглэмээс илүү үр дүнтэйгээр зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулдаг байна. Самар, загас, жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэж, сахар, улаан махны хэрэглээг бууруулах нь цусны даралт, холестеролын түвшинг бууруулж, илүүдэл жингээ хасах, биеийн жингээ барихад тустай.

Илчлэг ихтэй хүнс болох сахар, өөх тосны агууламж ихтэй нөөшилсөн хүнсийг тогтмол хэрэглэх нь биеийн жинг нэмж, зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй. Сахарыг хэтрүүлж хэрэглэх нь цусны даралтыг нэмэгдүүлээд зогсохгүй, чихрийн шижин өвчний эрсдэлийг ихэсгэнэ.

Архи, согтууруулах ундаа

Хэдийгээр архи, согтууруулах ундааны хэрэглээг хэрэглэвэл зохих хэмжээнд хэрэглэх  нь зүрх судасны эрүүл мэндийг хамгаалах үйлчлэлтэй гэсэн судалгааны дүгнэлт байдаг ч, зохистой хэмжээнээс хэтрүүлэх, их хэмжээгээр тогтмол хэрэглэх нь эрсдэлийг эрс нэмэгдүүлнэ.

capture2

Амин дэм, нэмэлт бүтээгдэхүүнийн хэрэглээ

B3 аминдэмийн хэлбэр болох ниацин зүрх судасны өвчний эрсдэл өндөртэй хүмүүсийн эрсдэлийг бууруулах үйлчлэлтэй. Магнийн нэмэлт бүтээгдэхүүн нь цусны өндөр даралтыг бууруулдаг.

Нийгэм-эдийн засгийн хүчин зүйл

Зүрх судасны өвчлөл нь бага, дунд орлоготой улс орнуудад өндөр орлоготой орнуудаас илүү тохиолддог. Гэвч бага, дунд орлоготой орнуудад, тухайн орны нийгэм-эдийн засгийн  байдлаас шалтгаалсан өвчлөлийн талаар бие даасан судалгаа, баримт, нотолгоо хангалтгүй байдаг. Харин өндөр орлоготой орнуудад хийсэн судалгаанаас харахад тухайн орны орлого багатай болон боловсролгүй хүн амын дунд зүрх судасны өвчний эрсдэл өндөр байгаа нь нийгэм-эдийн засгийн хүчин зүйл нөлөөлдөг болохыг илтгэж байна.

Цэвэршилтийн дараах насанд зүрх судасны өвчнөөс сэргийлэх нь

Зүрх судасны өвчин нь 50-аас дээш насны эмэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан юм. Тухайн эмэгтэйн зүрхний шигдээс, цус харвалт зэрэг бие даасан зүрх судасны өвчтэй байсан түүх нь цаашид нас ахихын хирээр зүрх судасны эрүүл мэндийн байдлыг тодорхойлно. Нас ахих хэмжээгээр зүрх судасны өвчний эрсдэл нэмэгдэх ба эрсдлийн хэмжээнд эм бэлгийн дааврын түвшин, тамхины хэрэглээ, цусны даралт ихсэх, чихрийн шижин зэрэг нь мэгдэхүйц нөлөө үзүүлнэ.

Цусны даралт ихсэлтийн хянаж чаддаг байх нь зүрх судасны өвчин үүсэх, цус харвахаас сэргийлэх  хамгийн чухал, эмчлэгдэх боломжтой эрсдэлт хүчин зүйл юм. Цусны өндөр даралтыг бууруулж, хянаснаар цус харвалтын эрсдэлийг 30-40 хувиар бууруулж болно. Мөн зүрхний шигдээсийн (зүрхний булчингийн гэмтэл) эрсдэлийг 20-25 хувь, зүрхний дутагдлын эрсдэлийг 50 хувиар бууруулна.

capture

Цэвэршилтийн дараах насанд зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдах нь туйлын чухал. Мөн түүнчлэн тамхинаас гарах, биеийн жингээ хянах зэрэг амьдралын хэв маягийн хүчин зүйл нь эрсдэлийг бууруулахад ихээхэн ач холбогдолтой. Америкийн Зүрхний Холбооноос гаргасан хооллолт, амьдралын хэв маягийн зөвлөмж нь зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулж, эрүүл мэндийг сайжруулдгийг судалгаагаар баталжээ. PREMIER судалгаагаар амьдралын хэв маягийн зохицуулалт нь эрсдэлийг 12-14 хувиар бууруулдаг нь нотлогджээ.

Цэвэршилтийн Даавар Эмчилгээ (ЦДЭ)-г зөв хийснээр цэвэршилтийн хамшинжийг хөнгөвчлөх төдийгүй зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. 60 нас хүрэхээс өмнө даавар эмчилгээг хийж эхлэх, эрт цэвэршсэн бол цэвэршээд 10 жил болоогүй байхад хийсэн ЦДЭ нь ихэнх эрүүл эмэгтэйд ЦДЭ-ний ач холбогдол нь эрсдэлээс харьцангуй өндөр байдаг.

Хожуу насанд зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж

Цэвэршилтийн шилжилтийн нас нь өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зохистой арга  хэмжээ авч эхлэхэд тохиромжтой  эмэгтэйчүүдийн амьдралын нэн чухал үе юм:

  1. Тамхинаас гарах, дам тамхидалтаас зайлсхийх
  2. Архи, согтууруулах ундааны хэрэглээг багасгаж, өдөрт хэрэглэвэл зохих зөвлөмж хэмжээг баримтлах. Хэдийгээр согтууруулах ундааны хэрэглээг өдөрт 1-2 нэгжээс хэтрүүлэхгүй хэрэглэдэг байх нь зүрх судасны өвчний эрсдэлийг 30 хувиар бууруулдаг ч хэрэглэвэл зохих хэмжээг хэтрүүлвэл эсрэгээр зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлнэ
  3. 7 хоногт дор хаяж 5 удаа 30 минутын турш тогтмол хэмийн дасгалаар хичээллэх.
  4. Сахар, өөх тосны хэрэглээг бууруулж, бүхэл үрийн, жимс, хүнсний ногоо зэрэг ислэгээр баялаг эрүүл хоолны дэглэм баримтлах. Дурдсан хүнснээс өдөрт 5 нэгжийг хэрэглэх нь эрсдэлийг 25 хүртэл хувиар бууруулна.
  5. Илүүдэл жинтэй, таргалалттай бол биеийн жингээ хасах арга хэмжээ хойшлуулалгүй авч эхлэх ба биеийн жинг аажим, бага хэмжээгээр хасах
  6. Халуу оргиж хөөрөх болон цэвэршилтийн бусад хамшинжийг хөнгөвчлөх зорилгоор цэвэршилтийн даавар эмчилгээг (ЦДЭ) харьцангүй эрт насанд болон 60 нас хүрэхээс өмнө  хэрэглэж болох ба ЦДЭ нь зовиур хөнгөвчлөх төдийгүй зүрх судасны өвчний эрсдлийг багасгах ач холбогдолтой.
  7. Цусны даралт ихсэх өвчтэй эмэгтэйчүүд тэдгээрт тохирсон даралт бууруулах эмчилгээний зөвлөгөө авч, хэвийн хэмжээнд байлгах .
  8. Цусан дахь холестеролын хэмжээг бууруулах.
  9. Нийгмийн харилцааны сэтгэлзүйн стрессийн ачааллыг бууруулах. Стрессээр өдөөгдсөн зүрхний шигдээсийн эрсдэл зүрх судасны өвчтэй хүмүүст илүү өндөр байдаг.

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »