Нас ахихад халдварын дархлаатай болохгүй
Бэлэг эрхтэний үү болон герпес нь цэвэршилтийн насныханд элбэг тохиолддог бэлгийн замын халдвар юм. Ил үү нь бэлэг эрхтэний гаднах арьсан дээр гарах ба вирүс нь умайн хүзүү рүү халдварлаж болно. Хамтрагчаасаа бэлгийн үүтэй эсэхийг зөвөөр асууж түүний гадна бэлэг эрхтэнийг ажиглах хэрэгтэй. Бэлгэвчинд найдах нь бэлгийн үүнээс хамгаалж чадахгүй.
Цэвэршилтийн дараах үеэс эхлэн бэлгийн замын халдвараас сэргийлэх алхмуудыг хийж эхлэх хэрэгтэй. Эстрогены түвшин багасах нь үтрээний эдийг илүү эмзэг болгож, хавьтлийн үед чийгшэл хангалтгүйн улмаас үрэлтийн гэмтэл үүсч, бэлгийн замын халдвар түргэн үржих нөхцөл болдог.
Дунд насны эмэгтэйчүүд гэр бүл салалт эсвэл бэлэвсэрснээс болж хамтран амьдрагчаа өөрчлөн шинэ харьцаанд орох нь элбэг. Шинэ харьцаанд орохоос өмнө эдгээр эмэгтэйчүүд удаан хугацаагаар ганцаар байсан эсвэл өмнөх харьцаанд удаан байснаас бэлгийн замын халдварын эрсдэл арай бага байна. Бэлгийн замын халдварт өвчний эрсдэлийн талаар мэдлэг хомс байх хандлагатай байдаг.
Шинэ харилцаанд бэлгэвч хэрэглэх нь хамгаас чухал. Таны шинэ хамтрагч ДОХ, бэлгийн замын бусад халдварын шинжилгээ өгч, найдвартай тогтсон харьцаатай болтол бэлгэвчийг тогтмол хэрэглэх шаардлагатайг анхаарна уу.
Таны хамтрагчид бэлгийн замаар дамжих халдварын шинж тэмдэг ажиглагдаж байна уу?
Хэдийгээр таны хамтрагч эрүүл мэт харагдах боловч герпес, вирүс, бэлгийн үү зэрэг бэлгийн замын бусад халдварын тээгч ч байж болох юм. Эдгээр халдваруудын үед бэлэг эрхтэнээс ялгарах ялгадас харагдахгүй. Бэлгийн замын халдвар нь чимээгүйхэн нэгээс нөгөөд дамжиж байдаг. Харин заг хүйтэн, хламидийн тээгч бол бага зэрэг ялгадас ажиглагдана.
ДОХ эсвэл элэгний вирүсын халдварын үед ямар нэгэн анхааруулах шинж тэмдэг гарахгүй. Эдгээр нь зөвхөн цусны шинжилгээгээр л илэрдэг. Тэмбүү нь бэлэг эрхтэний гадаргууд шархлаа үүсгэдэг ч өвчний хүнд шатанд л илэрдэг. Эхний шатуудад ямар нэг шинж тэмдэггүй явдаг.
Бэлгийн замын халдварууд бэлгийн замтай холбоогүй өөр шинж тэмдгээр илэрдэг. Үүнд:
Үений өвдөлт, ходоод гэдэс хямрах, даарах, халуурах, шөнө хөлрөх, шарлах, сарын тэмдгийн мөчлөг алдагдах, биеийн жин буурах, булчирхайнууд томрох, сэтгэл хямрах, оюуны саатал, шээс хаагдах зэрэг шинжүүд илэрч болно. Хэрэв ба бэлгийн идэвхтэй амьдралтай бөгөөд эдгээр шинжүүдээс илэрвэл эмчид хандах хэрэгтэй.
ДААВРЫН ТЭНЦВЭРИЙН АЛДАГДАЛ БА МӨӨГӨНЦРИЙН ХАЛДВАР
Их хэмжээгээр сахар хэрэглэх, эсвэл удаан хугацаагаар, эсвэл давтан антибиотик эмчилгээ хийлгэх, жирэмслэхээс сэргийлэх дааврын эм, даавар орлуулах эстроген эмчилгээ, стрессийн нөлөөгөөр үтрээний мөөгөнцөр буюу кандидиазыг (candidiasis) үүсдэг.
Эстрогений түвшин ихсэхэд үтрээний мөөгөнцөр үүсэх хандлагатай болдог. Эстрогенүүд нь шууд утгаараа кандидуудыг хооллож ургуулдаг бөгөөд жирэмлэхээс сэргийлэх дааврууд болоод эстроген эмчилгээ нь эмэгтэйчүүдийг илүү их мөөгөнцөртөх аюулд хүргэдэг.
Үтрээ хүчиллэг орчинтой байх нь мөн мөөгөнцрийн ургалтанд нөлөөтэй. Үтрээний хүчил шүлтийн тэнцвэр хүчиллэг болж өөрчлөгдөх байдалд хэт халуун чийглэг орчин, харшлын урвал, цусан дахь сахарын хэмжээ ихсэх, дааврын тэнцвэргүйдэл зэрэг ихээр нөлөөлнө.
Бэлэг эрхтэний болон үтрээний салст нь хангалттай чийгшэлгүйн улмаас гэмтэн мөөгөнцөр үржих таатай орчин болж өгдөг. Үтрээний мөөгөнцрийн халдвар нь бэлгийн хавьтлаар шууд халдварлах боломжтой. Гадуур үзлэг болон лабораторийн оношилгоогоор кандидуудыг илрүүлэх бүрэн боломжтой. Эмчид хандсанаар мөөгөнцөр устгах эмийг танд зөвлөнө. Зориулалтын үтрээний лаа, шахмал, тос эсвэл гелийг түрхэж хэрэглэнэ.
Бэлгийн замын халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
- Нэг хамтрагчтай байх. Энэ нь зөвхөн нэг хүнтэй бэлгийн харьцаанд орохыг хэлнэ. Таны хамтрагч мөн адил нэг хамтрагчтай байснаар эрсдэлийг бууруулна.
- Хамтрагчаа болгоомжтой сонгох. Бэлгийн замын халдвартай байж магадгүй гэж үзсэн хүнтэй бэлгийн харьцаанд бүү ор.
- Бэлгийн замын халдварыг шинжлүүл. Бусад хэн нэгэнд халдварлуулах эрсдэл бүү хий.
- Олон бэлгийн хамтрагчтай бол үргэлж бэлгэвч хэрэглэж занш. Хэрэв үтрээний чийгшүүлэгч болон тосолгоо хэрэглэдэг бол усан суурьтай байх хэрэгтэй.
- Бэлгийн харьцаанд орохын өмнө архи, мансууруулах бодис бүү хэрэглэ. Ийм үед эрүүл бэлгийн харьцаа хийх нь ховор байдаг.
- Бэлгийн замын халдварын шинж тэмдгүүдийг мэдэж ав. Тэдгээрийг өөртөө болон хамтрагчаасаа хай.
- Бэлгийн замын халдварын талаар мэдэж ав. Хэр их зүйл мэдэж авна тэр хэмжээгээрээ өөрийгөө хамгаалж чадна.
Хэрэв танд ямар нэгэнд зүйл мэдрэгдэж, харагдвал заавал эмчид үзүүлж зөв эмчилгээ хийлгээрэй. Өөрөө дур мэдэн хийсэн эмчилгээ халдварын явцыг гүйцэт эмчлэлгүй далд хэлбэрт оруулан цаашид бүрэн эмчлэгдэх баталгаагүй болгоно.