Зөвлөгөө 1: “Дасгал хиймээр байна. Даан ч зав алга” хэмээх саадыг давах сэтгэлийн тэнхээтэй бол
- Эрүүл мэндийн төлөө дасгал хийх зорилтыг нэн тэргүүнд тавь. Ажлын долоо хоногтоо дасгал хийх цагийг заавал гарга. Энэ бол өөрөө өөртөө гаргаж байгаа хамгийн үнэтэй цаг. Үүнийгээ өдрийн ажлын хуанли дээрээ тэмдэглээрэй. Өглөөд 30 минутын өмнө сэрж явган алх. Өдөрт цайны цагаараа эсвэл ажлын дараа оролцдог дасгалын хөтөлбөрт хамрагд. Өөрийнхөө цагийн хуваарь байнгын дасгал сургуулилтыг хаана нь оруулж болох бодит бололцоог дахин дахин тооцоорой.
- Гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлдэг цагийг идэвхтэй амардаг цаг болго. Амралтын өдрүүдээр хотоос гарч явган явах эсвэл гэр бүлээрээ гар бөмбөг, хөл бөмбөг тоглодог байхаар амралтаа зохион байгуулж болно.
- Ажлын өдрүүдэд идэвхтэй хөдөлгөөнийг яаж ийгээд багтаа. Цахилгаан шат хэрэглэхийн оронд энгийн явган шатаар гарах, машинаа хамгийн хол машины зогсоолд байрлуулах, ажлын өрөөндөө алхдаг байх, телевиз үзэж байхдаа жижиг жин өргөдөг эсвэл сунгалтын дасгал хийдэг байх. Хүн өдөр бүр хийвэл зохих 30 минутын хөдөлгөөнийг нэг дор хийх бололцоогүй байвал таслаад 10 минутаар өдөр оройн ажлын дундуур хийвэл хэрэгжүүлэхэд арай хялбар байж магадгүй.
- Нэг хэлбэрийн дасгалын оронд өдөр тутмын гэрийн ажил болох тоос соруулах, шалаа арчих, машинаа угаах зэргийг илүү эрчтэйгээр хийвэл хийсний үр дүн нь танд ч хэрэгтэй.
Зөвлөгөө 2: Зорилгодоо хүрэхийн төлөө тэмц
- Зорилго тавь. Шантралгүйгээр зорилгодоо хүрэхийн тулд ойрын болон хэтийн хугацааны зорилго тавь. Үүнийгээ бодитой болгохын тулд хуанли дээр бичиж тэмдэглэж албан ёсны зорилго болго.
- Үр дүн болон амжилтаа сайн тэмдэглэж бай. Хийсэн дасгал хөдөлгөөний тэмдэглэгээ хийхдээ дасгалын төрөл, үргэлжилсэн хугацаа, мөн дасгал хийж чадаагүй өдөр шалтгаанаа сайн тусгаж байгаарай. Ингэснээр дасгал хөдөлгөөний ашиг тус болон үр дүн илт харагдахад танд зорьсондоо хүрэх улам их эрч хүч өгнө.
- Дасгал хөдөлгөөнөөс таашаал авч сонирхолтой болго. Өөрийгөө сорьж, улам өндөр зорилго тавьж амжилтанд хүрэхийн тулд дасгалын хэлбэрээ ойрхон өөрчлөн өөрт таалагдсан идэвхтэй хөдөлгөөний хэлбэрийг сонговол ядарч шантарсан үед ч дасгал хөдөлгөөнийг хаялгүй идэвхтэй байдлыг хэвээр хадгалахад тусалдаг.
- Өөрийгөө шагна. Амжилт бүрийг алгасалгүй өөрийгөө урамшуулж тэмдэглэж бай. Заримдаа аливаа зүйлийн эхлэл нь хамгийн хүнд мөч байдаг.
Зөвлөгөө 3: Буйдангаасаа босч, илүүдэл жингээ хаях
Биеийн жингээ зөвхөн хэвийн хэмжээнд хадгалахын тулд өдөр тутам доод тал нь 60 минутын идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хийж байх шаардлагатай. Харин жин хасахын тулд түүнээс ч урт хугацааны дасгал хийж байх хэрэгтэй болдог. Дугуй унах, эсвэл хурдан хэмнэлээр явган алхах хамгийн тохиромжтой. Эмэгтэй хүн бүр өдөр доод тал нь 30 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Гэхдээ долоо хоногт 30 минутаар 3 удаа дасгал хийсэн ч танд маш том өөрчлөлт гарна!
Зөвлөгөө 4: Ачааллаа бүү хэтрүүл
Дасгалын ачааллыг өөртөө тохируулсан хэм хэмжээгээр авч байх нь маш чухал. Өөрийнхөө мэдрэмжийг сайн сонс. Аливаа шинэ дасгалын хэлбэрийг эхлэхдээ аажим бага хэмнэлээр эхэлж эмчээс зөвлөгөө авсны дараа эхэлж байгаарай. Тохиромжтой, найдвартай болон баталгаажсан дасгалын хөтөлбөр сонгосноор бэртэл гэмтэлгүйгээр өвчлөлийн эрсдэлийг багасгах боломжтой хамгийн найдвартай арга юм.