Хонгорзул (Silybum Marianum) цагаан судал бүхий том навчтай, хөх ягаан түрүү ургадаг өндөр содон ургамал юм. Энэхүү ургамлын үрэнд эрүүл мэндэд тустай хамгийн чухал бүтэц агуулагддаг. Үр нь силимарин гэж нэрлэгдэх олон тооны химийн нэгдлүүдийг агуулдгаараа онцлогтой.
Хонгорзул эмийн ургамлыг 2000 жилийн турш олон төрлийн өвчин эмгэгт хэрэглэж ирснээс элэг, бөөр болон давсагны үрэвсэлд хамгийн үр дүнтэй байдаг нь ажиглагдсан. Эрдэмтдийн судалгаагаар Хонгорзул ургамлын бүтцэд байдаг силимарин нэгдэл нь эмийн хэт өндөр тунгаар удаан хугацаанд хордсон өвчтөнүүдийн элэгний хордлогыг тайлах байгалийн гаралтай эмчилгээ хэлбэрээр хэрэглэхэд мөн үр дүнтэй нь нотлогдсон. Силимарин нь хэт исэлдэлт болон үрэвслийн эсрэг шинж чанартай нэгдэл бөгөөд энэ нь элгийг өөрөөр нь төлжүүлэх болон шинэ эс бий болоход тусалдаг.
Элэгний үрэвсэл
Хонгорзул ургамлыг вирусын гаралтай болон согтууруулах ундаа хэт их хэрэглэснээс үүдсэн элэгний үрэвсэл, цирроз буюу элэгний хатуурлын эмчилгээнд элэгний хор тайлах зорилгоор өргөн хэрэглэдэг. Элэг нь цусны уураг нийлэгжил, дархлаа тэнцвэржүүлэх, бие махбодиос хор шүүж цэвэршүүлэх зэрэг 200 гаруй амин чухал үүрэг гүйцэтгэдэг хүний биеийн маш чухал химийн үйлдвэр юм. Эдгээр олон ачааллын улмаас архи хэтрүүлэн хэрэглэх, вирусын үрэвсэл, химийн хордлого зэрэг гадны нөлөөлөлд элэгний эсүүд гэмтэн өөрчлөгдөж, өөрийн эд эсийг цэвэршүүлэх үйл ажиллагаа сулран элэгний эд хатууран өөрчлөгддөг байна.
Токсинтой тэмцэгчид
Хонгорзул ургамлын силимарин нэгдэл нь эсийн гэмтэл үүсгэдэг чөлөөт радикалуудын нийлэгжлийг идэвхжүүлэх замаар элэгний үйл ажиллагааг сэргээхэд тусалдаг ач холбогдолтой. Үүнээс гадна силимарин нь хортой нэгдлүүд элэгний эс рүү нэвтрэхэд саад тавихын хамт элэгний өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх процессыг нь хурдасгаж элгийг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Хонгорзул ургамлыг элэгний хор тайлах, хамгаалах, нөхөн төлжих чадварыг нь идэвхжүүлдэг үйлчлэлийг элэгний архаг үрэвсэл, хатуурал, архи хэтрүүлэн хэрэглэсэн, элэгний өөхлөлт зэргийн эмчилгээнд өргөн хэрэглэнэ. Архины эмчилгээ хийлгэсэн хүмүүс Хонгорзул ургамлын бэлдмэлийг хэрэглэхэд элэгний үйл ажиллагаа нөхөн сэргэх боломжтой байдаг нь судалгаагаар батлагдсан.
Milk Thistle буюу Хонгорзул нь цөс шүүрлийн үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг тул цөсний чулуу болон өтгөрлөөс хамгаалах ач холбогдолтой. Баяр тэмдэглэн архи дарс хэрэглэх шаардлага гарвал баяр эхлэхээс өмнө болон дараа Хонгорзулын бэлдмэл эсвэл ханд хэрэглэвэл элэг хамгаалах тустай байдаг. Энэхүү бэлдмэлийг Багваахайн цэцгийн үндэстэй (Dandeloin) хамт хэрэглэбэл илүү үр дүнтэй. Өнөө үед агаарын бохирдол ихэссэнтэй холбоотойгоор Хонгорзул ургамлын бэлдмэлийг өдөр тутам хэрэглэх шаардлага улам нэмэгдэж байна. Ингэснээр элэгний үйл ажиллагаа алдагдахгүй гэж судалгаагаар нотолсон байдаг.
Хэрхэн хэрэглэх вэ?
Хэрвээ та элэгний архаг үрэвсэлтэй бол өдөрт 3 удаа 1 мл хандыг устай стаканд найруулан ууна. Нэмэлт бэлдмэл болгон хэрэглэх бол нэг капсулыг өдөрт 2-3 удаа хэрэглэнэ. Эсвэл халуун усанд найруулан ууж болно.
Анхааруулга: хэрэв та жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй болон эмчийн хяналтанд байдаг бол эмчид хандан зөвлөгөө авч хэрэглэнэ үү.
Онолоос үзэхэд Хонгорзул нь цусан дахь сахарын агууламжийг бууруулж болзошгүй учраас цусан дахь сахарын хэмжээ нь огцом буурдаг хэлбэлзэлтэй, эсвэл цусан дахь сахар бууруулдаг эмчилгээ хийлгэж буй хүмүүс уг бэлдмэлийг хэрэглэхдээ эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй.
Энэхүү бэлдмэл нь эстроген даавар төст үйлчлэлтэй байж болзошгүй тул дааварт мэдрэг эндометриоз, умайн хавдар, хөхний хорт хавдар, умай болон өндгөвчний үрэвсэл зэрэг эмгэгтэй хүмүүст дааврын нөлөө үзүүлэх эрсдэлтэй бөгөөд жирэмснээс хамгаалах эмний үйлчлэлийг өөрчилж болзошгүйг анхаараарай.