Харшлын тоосонцрууд дотроос улирлын чанартай ургадаг өвс модны тоосонцор нь хамгийн элбэг харшлын төрөл бөгөөд голдуу тав зургаан сарууд буюу хаврын сүүлч зуны эхэн сард идэвхждэг байна. Ургамлын харшилд хаврын улирлын модны тоосонцрын харшил мөн адил хамаарна. Модны тоосонцрын харшил нь ихэвчлэн арай эрт, гурваас тавдугаар сард буюу хаврын сүүл үед илүү идэвхжинэ.
Өвс модны үр тоосонцроос илүүтэйгээр хүмүүс хогийн ургамал болох халгай, шарилжны тоосонцрын харшилтай байх нь элбэг байдаг. Халгай шарилжны харшил илүү эрт, хаврын эхэн үеэс эхэлж намрын эхэн үе хүртэл үргэлжилдэг. Ургамлын харшлын идэвхжлийн үеийг тодорхойлсноор та харшлын эх үүсвэрийг ялган мэдэж зориулалтын урьдчилан сэргийлэлт хийхэд хэрэгтэй байдаг.
Ургамлын гаралтай харшлыг улирлын гаралтай ринит гэдэг бөгөөд энэ нь жил бүр ижил үед давтамжтайгаар шинж тэмдэг нь илэрдэг учир ингэж үздэг ажээ.
Ургамлын харшлын тархалт
Ургамлын гаралтай харшил маш элбэг байдаг. Ургамлын харшлын эх суурь нь ихэвчлэн өсвөр үе болон сургуулийн насанд тавигддаг ба хавар зуны цагт давтагдаад байдаг нь ажиглагдана. Тухайн үеийн биеийн байдлаас шалтгаалж улирлын харшлын зовиур ихсэх, багасах, алга ч болдог байж болно.
Ургамал болон бусад тоосонцорт харшилтай байх нь ихэвчлэн удамшлын гаралтай байдаг ба ургамлын харшилтай хүн ихэвчлэн багтраа эмгэг \астма\ эсвэл арьсны экзема тууралтын эмгэгтэй болох магадлалтай. Эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдээс илүү харшилтай болдог нь ажиглагдсан. Нас бие гүйцээд ихэнх хүний харшлын шинж тэмдэг багасч эхэлдэг байна. Ургамлын гаралтай харшилтай хүмүүсийн 10-20 хувьд нь шинж тэмдэг нь арилдаг байна.
Ургамлын гаралтай харшлын онцлох шинж тэмдэг
Ургамлын харшлын шинж тэмдэг хүн бүрт өөр хэлбэрээр явагдаж болно. Зарим хүмүүст үл мэдэгдэх хэлбэрээр хааяа илэрдэг байхад бусдад ургамлын тоосонцрын идэвхжлийн бүх өдрүүдэд зовиурладаг байна.
- Харшлын нийтлэг шинж тэмдэг – хамар загатнах, хамрын салст хавагнан битүүрч , шингэн нус ялгарна, найтаана, нүд улайж загатнана, хоолой эрвэгнэнэ. Зарим тохиолдолд зөвхөн нүд болон хамрын салстын шинж тэмдгээр илэрнэ.
- Нийтлэг бус шинж тэмдэг – үнэрлэх чадвараа алдах, нүүрний арьс эрвэгнэн эмзэглэх, хөлрөх, толгой өвддөг байх.
- Астма шинж тэмдэг – амьсгаа давчдах, бачуурах, агаар дутагдах. Архаг хэлбэрийн астматай хүний өвчний явц ургамлын харшлын улиралд хүндрэх нь элбэг байдаг.
Зарим тохиолдолд ургамлын харшлын зовиур нь унтаж чадахгүй болгож, хичээл сургууль, ажилд саад болтол хүнд хэлбэртэй байдаг.
Эмчилгээ
Ургамлын харшлын эмчилгээнд хамгийн өргөнөөр харшлын эсрэг антигистамин хамрын болон нүдний дусаалга, антигистамин уухаар, стероид гаралтай нүдний болон хамрын дусаалгыг зааврын дагуу хэрэглэнэ. Ургамлын харшлын эмчилгээг 2-4 долоо хоног хийгээд үр дүн өгөхгүй бол эмчилгээний өөр аргыг хэрэглэх хэрэгтэй. Харшлын эмчилгээ үр дүнтэй байгаа бол ургамлын тоосонцрын улирал дуустал эмчилгээгээ үргэлжлүүлэх нь зүйтэй. Манайд сүүлийн үед нойронд гаж нөлөөгүй, 24 цагаа барьж үйлчилдэг эм үйлдвэрлэж байгаа. Тэр тусмаа гуурсан хоолойн багтрааны үед амьсгалын замаар сорж хэрэглэдэг эм хүрэлцээтэй байгаа. Хамрын харшлын үед дааврын бэлдмэлийг ууж тарьж хэрэглэснээс хамартаа шүрших хэлбэрээр нь хэрэглэвэл маш өчүүхэн тунгаар хамгийн их үр дүнтэйгээр эмчлэгддэг. Ер нь хүмүүс харшлын эмчийн хяналтанд орж, сорил тавиулж, харшилтай ургамлаа тодорхойлуулаад, харшлаа хэдийнээс хэдий хүртэл үргэлжлэхийг мэдэж, тухайн үедээ ямар эм хэрэглэхээ мэдэж авсан тохиолдолд харшил даамжрахгүй.
Өөртөө туслах зөвлөмжүүд
Зарим тохиолдолд энгийн хэдэн алхмыг хийвэл ургамлын гаралтай харшлаас сэргийлэх урьдач нөхцөл болдог:
- Гадуур гарахдаа нүдээ тоосонцроос хамгаалсан шил зүүх
- Гадуур гарсны дараа усанд орж хувцсаа угаан тоосонцроос салах
- Ургамлын тоосонцрын идэвхжлийн ид үед гадуур аль болох гарахгүй байх
- Нүдний эргэн тойрон хамрын нүхийг тойруулж вазилин нимгэн түрхэснээр тоосонцроос хамгаалж болно.
Хүндрэл
- Ургамлын гаралтай харшил нь амь насанд аюултай хүндрэл үзүүлдэггүй ч таны өдөр тутмын амьдралын хэм идэвхид харшаар нөлөөлж чадна. Ихэнх хүмүүсийн хувьд ажлын бүтээмж буурч ажиллах эрч хүч багасдаг.
- Удаан үргэлжилдэг харшилтай байхад хамрын дайвар хөндийн үрэвслээр \синусит\ хүндрэх эрсдэл гардаг.
- Астма болон уушгины багтраатай байхад ургамлын харшлын үед хүндэрч болох тул астмын багтрааг сулладаг цацлагыг тогтмол хэрэглэх эсвэл хэрэглэх хэмжээг ихэсгэх хэрэгтэй болдог.
Амьдралын зөв хэвшил ургамлын гаралтай харшлын явцыг хөнгөлөх ач холбогдолтой
- Стрессыг ялах. Судалгаанаас үзэхэд стрессийн ачаалал нь ургамлын харшлын шинж тэмдгийг хүндрүүлдэг болох нь тогтоогдсон.
- Нарны элчийг хүртэх. Ургамлын харшлын хүнд шинж тэмдэгтэй байх нь Д амин дэмийн дутагдалтай холбоотой болохыг олон судалгаагаар тогтоосон.
- Жимс, хүнсний ногоог хангалттай хэмжээгээр хэрэглэх. Харшлын урвалын идэвхжлийг сааруулдаг гистамины эсрэг үйлчлэлтэй байгалийн quercetin болон С амин дэмийг жимс, хүнсний ногооноос авах бололцоотой. Гэхдээ алим, улаан лооль, тарвас, банана, хатаасан жимс, целери ногооноос ургамлын харшлын улирлын үед татгалзах хэрэгтэй. Учир нь эдгээр жимс ногоон дахь аллерген нь ургамлын гаралтай харшлын аллергентэй бүтцийн хувьд ижил байдаг.
- Идэвхтэй байх. Долоо хоногийн таван өдөрт нь өдөр бүр 30 минут дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн харшлын шинж тэмдэг хөнгөн байдаг.
- Спиртийн хэрэглээг хязгаарлах. Шар айраг, дарс болон архи нь харшлын урвал үүсгэгч гистамин агуулдаг. Архи уух бүрт аллерги шинж тэмдгийг өдөөгч химийн элементийн түвшинг өсгөж байдаг.