Бидний биед олон тэрбум эс байх бөгөөд тэдгээрийн хэвийн үйл ажиллагаа явуулахад их хэмжээний тэжээл, хүчилтөрөгчийн нөөц тасралтгүй хүргэгдэж байх шаардлагатай байдаг. Энэхүү хэрэгцээг бүрэн хангаж бие махбодийг хэвийн үйл ажиллагаа явуулан, эрүүл байлгах үүргийг цус бүрэн хариуцан гүйцэтгэж чаддаг юм.
Нас бие гүйцсэн хүний биед дунджаар таван литр цус эргэлдэж байдаг. Зүрх нь жигд агшиж, шахах үйл ажиллагаагаар цусыг артер болон венийн сүлжээгээр эд эсүүдэд хүргэж байдгийг бид мэдэх билээ. Зүрхний өөрийн булчингийн эд эсүүдэд ч мөн цусаар тэжээл хүргэгдэж байдгийн хүчинд зүрх цус шахах үүргээ гүйцэтгэж чаддаг.
Цусан хангамжгүйгээр бие махбодь амьдрах чадваргүй нь ойлгомжтой тул цусны эрүүл мэндэд нэн чухал анхаарах хэрэгтэй. Цус байхгүй бол бие махбодь халуун дулааны зохицуулга хийж чадахгүй, халдвар үрэвсэлтэй тэмцэж чадахгүй, өөрсдийн биед хэрэггүй бодисуудыг гадагшлуулж чадахгүй билээ.
Цусны үүрэг
Цус нь доорх чухал үйл ажиллагааг гүйцэтгэдэг:
- Эд эсийг хүчилтөрөгчөөр хангах
- Эд эсийг глюкоз, амин хүчил мөн өөхний хүчлээр хангах. Нүүрсхүчлийн хий, шээсний хүчил, сүүний хүчил зэрэг бодисуудыг гадагшлуулах
- Цусан дахь цагаан бөөмийн хэмжээг нэмэгдүүлэн, үрэвсэл болон халдварын гадна биетийг танин саармагжуулсан дархлааг идэвхжүүлнэ
- Биеийн ерөнхий дулааныг зохицуулах
- Даралт тохируулах
- Коагуляц буюу бүлэгнэх чадвараар биеийн эд эсийн нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжих
- Даавруудын түвшин болон эд эсийн гэмтэл бий болсон гэсэн дохиог зөөвөрлөн мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэнэ
- Бие махбодийн хүчил шүлтийн харьцааг зохицуулах. Цусны хэвийн pH нь 7.35 – 7.45 байдаг.
Цусны хэвийн үйл ажиллагаа хэрхэх явагддаг вэ?
- Зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааны үр дүнд цус хүний биеийн бүхий л хэсэгт хүргэгдэж байдаг. Зүрх цусыг артерийн судсаар эд эсүүдэд хүргэдэг бол венийн судсаар хураан авдаг. Артери венийн судаснууд олон сая хялгасан судас болон салаалж эдгээр хялгасан судасны нарийн ханаар хүчилтөрөгч болон тэжээлийн бодисууд эд эс рүү нэвчин ордог.
- Агаар амьсгалахад орж ирсэн хүчилтөрөгч уушгины эдийн хялгасан судсаар нэвчин цусан дахь гемоглобинтой холбогдон бүх биеийн эд эсүүдэд хүчилтөрөгч хүргэгддэг. Цусаар хүргэгдсэн хүчилтөрөгч болон тэжээл нь эсийн солилцоогоор энерги бий болгоно. Эд эсэд явагдах уг солилцооны үр дүнд бий болох нүүрсхүчлийн хий нь дахин цусны эргэлтээр дамжин амьсгалаар гарна.
- Хоол ч гэсэн хоол боловсруулах тогтолцоонд задран тэжээл хэлбэрээр цусны ачаар эд эрхтнүүдэд хүргэгдэж байдаг. Идсэн хоол нь ходоодонд задран, чухал нэгдлүүд болох өөх, сахар, уураг, амин дэм зэрэг нэгдлүүд болон задардаг. Эдгээр нэгдлүүд гэдэсний хананы хялгасан судсаар нэвчин цусны эргэлтэнд орж, эд эсүүдэд зөөвөрлөгдөн энерги болон хувирч танд эрчим хүч өгнө. Цус нь халуун дулааныг бүх биеэр зөөвөрлөн бидний биеийг дулаан байлгадаг. Харин хүний биед хэрэггүй болсон бодисуудыг цус буцаан цуглуулж бүдүүн гэдэс, бөөрөөр дамжин биеэс гадагшлуулдаг.
- Цусны цагаан бөөм нь бидний дархлааны тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бидний биед хортой бодис орж ирэх дохиогоор цусны цагаан бөөм идэвхждэг. Ингээд тэд гадны биетийг устгахаар ажиллаж эхэлдэг. Түүнчлэн вирус болон аюултай бактеритай тэмцэх эсрэг биетийг ялгаруулдаг.
- Цус нь дааврыг хэрэгтэй газар нь хүргэж өгдөг. Тэдгээр дааврууд нь очих ёстой эрхтэндээ хүрээд биеийн дотоод зохицуулгыг гүйцэтгэнэ.
- Хэрвээ бидний цус нөжирдөггүй байсан бол жижиг зүсэлтээс болж цус тогтолгүй шүүрсээр амиа алдах байсан. Судас гэмтэхэд цусны тромб буюу ялтсууд нь гэмтсэн хэсэгт очин нэг нэгэнтэйгээ наалдан бүлэн үүсгэн бөглөө үүсгэдэг.
Цусны бүтэц
Артер венийн судасны бүх сүлжээгээр эргэлдэх цусыг бүхэл цусны эд гэх ба цус нь гурван төрлийн цусны эс агуулна.
- Улаан бөөм буюу эритроцит – төмрөөр баялаг гемоглобин хэмээх уураг агуулдаг цусанд өөрийн өвөрмөц улаан өнгийг өгдөг
- Цагаан бөөм буюу лейкоцит – үрэвсэл буюу халдварын улмаас үүсэх өвчлөлийн эсрэг тэмцдэг
- Ялтас буюу тромбоцит – цус бүлэгнүүлэх үүрэг гүйцэтгэнэ
Эдгээр цусны эсүүд нь ясны чөмгөнд үүсдэг бөгөөд нурууны нугалам, хавирга, аарцаг яс, гавлын болон өвчүүний чөмгөнд илүүтэйгээр үүсдэг байна.
Цусны улаан, цагаан бөөм болон тромбоцит эсүүд нь цусны сийвэн буюу плазмд агуулагдан цусны шингэн хэлбэрээр эргэлдэж байдаг. Цусны сийвэнгийн 90 хувь нь ус байдаг ба сийвэнд уураг, даавар, бодисын солилцооны улмаас гадагшлах бодис болон дотоод шүүрлийн булчирхайнуудаас ялгарсан шүүрлүүд цусанд зөөвөрлөгдөж байдаг.
Цусны тухай зарим баримтууд
- Цус нь дунджаар хүний биеийн 1/13-тэй ижил хэмжээгээр байдаг бөгөөд энэ нь ойролцоогоор 5-6 литр байдаг юм.
- Цусны улаан бөөм цусны эргэлтийн тогтолцоонд дунджаар 120 өдөр амьдардаг
- Зөв бэлтгэгдсэн донорын улаан бөөм 42 өдөр чанараа алддаггүй байна
- Шинэ төрсөн нярай хүүхэд ердөө ганц аяганы хэмжээтэй цустай байдаг
- Ясны эрүүл чөмөг нь улаан бөөм, цагаан бөөм, цусны сийвэн ба ялтсуудыг тасралтгүй үйлдвэрлэж байх бололцоотой байдаг
Цусны эмгэгүүд
- Цусны улаан бөөм багадсанаас анеми буюу цус багадах бөгөөд энэ эмгэгийн улмаас эд эсүүдэд хүргэгдэх хүчилтөрөгчийн хомсдол бий болох уршигтай болно.
- Лейкеми буюу ясны чөмөгний хорт хавдрын улмаас цусны цагаан бөөмийн тоо хэт ихдэх эсвэл цөөрснөөс хүн гадны халдвар буюу үрэвслийг эсэргүүцэх чадваргүй болох аюултай болдог.
- Цусны тромбоцит буюу ялтсын хэмжээ өөрчлөгдсөнөөс шаардлагатай үед бүлэгнэж цус тогтоох боломжгүй болж хүн цус алдаж амь насанд аюул хүргэх эмгэгүүд байдаг.
Цус бүлэгнэх – шарх эдгэрэлтийг хурдасгах чухал механизм
Цус бүлэгнэж нөжрөхөд цусны ялтсаас гадна бүлэгнэгч фактор оролцож байдаг. Цусны тромб буюу ялтсууд нь жижиг судсуудын цус алдалтыг зогсоох чадвартай ч тогтвортой бүлэгнэл болон нөж үүсэн эд эсийн нөхөн сэргэж эдгэрэхэд бүлэгнүүлэгч факторууд голлох үүрэг гүйцэтгэнэ.
Ялтас болон бүлэгнүүлэгч факторууд нь биеийн ил хэсгийн болон дотор эд эсийн гэмтэлд тав үүсгэн цус алдалтаас сэргийлдэг. Гэхдээ цусны гол судсуудын гэмтлийн үед хүний бие өөрөө өөрийхөө цус алдалтыг тогтоох чадваргүй байдаг ба ихэнх тохиолдолд даралттай боолт эсвэл оёдол тавих шаардлага гардаг.
Цусны судас нөжрөн, битүүрэх аюулд та ойр байгаа юм биш биз?
Тромбоз гэдэг нь цус өтгөрөн бүлэгнээд судсаа бөглөхийг хэлдэг эмнэлгийн нэршил юм. Судасны хана зузааран хатуурсан /атеросклероз/ дээр өтгөрсөн артерийн цусны нөж судас бөглөхийг артерийн тромбоз гэнэ. Энэ хэлбэрээр зүрхний титэм судас бөглөрснөөс зүрхний булчингийн цусан хангамжийн хурц дутагдалд хүргэн зүрхний шигдээс үүсэх, харин тархины артерийн бөглөрлөөс тархины цусан хангамжийн хурц дутагдал буюу цус харвалтанд хүргэх онцгой аюултай байдгийг анхаарна уу.
Цус бүлэгнэлт нь мөн хураагуур венийн судсанд үүсэх тохиолдол илүү элбэг ажиглагддаг ба үүнийг венийн тромбоз гэнэ. Ихэвчлэн хөл, гуяны булчингийн гүнд үүсдэг бөгөөд үүнийг гүний венийн тромбоз гэнэ. Шинж тэмдэг нь хөл, заримдаа үе мөч хавагнаж өвддөг. Венийн тромбозтой үед арьсны өнгө өөрчлөгдөх, тэмтрэхэд жигд бус халуун дулаан байх, зарим тохиолдолд халуурдаг байна. Хэрэв тэрхүү бүлэн нь тухайн хэсгээсээ хөдлөн, цусны эргэлтэнд уушиг, тархи, зүрхний гол судаснуудад очин цусан хангамжийг боогдуулбал амь насанд аюултай юм.
Доорх шалтгаанууд тромбоз үүсэхэд нөлөөлнө:
- Хөдөлгөөний дутмагшил. Гүний судасны тромбоз нь ямарваа шалтгаанаас хөдөлгөөнгүй удсанаас үүсэх нь элбэг байдаг. Ихэнх тохиолдолд өргөн хүрээний том хагалгаа, хагалгааны дараа урт хугацаагаар хэвтэрт байвал эрсдэл эрс нэмэгддэг. Урт нислэг болон машины аяллын үед урьдчилан сэргийлж даралттай оймс өмсөх болон дасгал хөдөлгөөн хийж байх арга хэмжээ авах нь чухал.
- Таргалалттай хүмүүсийн хөдөлгөөн хязгаарлагдсан, зүрхний ачаалал ихэдсэнээс цусан хангамж удаашран цусны зогсонгишил үүсэх эрсдлээс цусны бүлэн үүсэх эрсдэл нэмэгддэг юм.
- Тамхи татах. Тамхи нь цусны эргэлтийн хурдыг багасгадаг, тамхины өөрийн химийн хортой нэгдэл цусны өтгөрөлтийг ихэсгэх уршигтай байдаг.
- Жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэлүүдийг удаан хугацаагаар хэрэглэвэл тромбоз үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг байна.
- Жирэмслэлт. Жирэмслэлтийн үед ургийн жингээр том судас дарах, жирэмсний дааврын нөлөөгөөр судаснуудад бүлэн үүсэх илүү эрсдэлтэй болдог тул цусны шинжилгээгээр хянах, төрсний дараа хөлийн боолт хэрэглэх зэрэг урьдчилан хамгаалах арга хэмжээнүүдийг эмч нарын хамт авч байх нь зүйтэй.
- Насжилт. 40-с доош насныханд тромбозын эрсдэл арван мянган хүнд нэг байдаг бол 70 насныханд нэг мянгад нэг болж нэмэгддэг байна. Насжилттай холбоотой судасны ханын уян налархай чанар өөрчлөгддөгтэй холбоотой байх магадлалтай.
- Удамшлын гаралтай. Зарим хүний гэр бүлийн түүхэнд судас томрох эмгэг ажиглагддаг байсан ч удам дамжих нь маш цөөхөн юм. Амьдралын зөв хэвшил эзэмших нь аливаа цусны эргэлтийн эмгэгээс хамгаалж чадна.
Эмчлэгдэх нь
Цусны бүтцийн эмгэгийг цусны шинжилгээгээр тодруулдаг бөгөөд голдуу фибрин гэдэг уургийн задралаар тодорхойлогддог байна.
Хэрвээ цусны шинжилгээгээр фибрин уургийн задрал тромбоз явагдаж байгааг илрүүлвэл үүнийг баталгаажуулахын тулд хэт авианы Допплерын шинжилгээ хийж болно. Энэ нь гэрлийн долгионоор артер болон вений цусны урсгалыг шинжилдэг.Хэрэв илүү нарийвчилсан шинжилгээ хэрэгэй гэвэл венограмм ашигладаг. Энэ нь тусгай будагч бодисыг хөлний венд тарин дараа нь рентгэнээр хардаг байна.Энэ шинжилгээ нь бүлэнгийн хэмжээ болон байрлалын талаар нарийвчилсан мэдээлэл өгдөг.
Тромбозын эмчилгээнд цус шингэлэх гепарины эмчилгээ, цус бүлэгнэлтийг сааруулах варфарин эмчилгээг эмчийн хяналтанд хийнэ. Эдгээр эмчилгээ нь уушигны эмболи, болон бусад том судаснуудын боогдлоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Сэргийлэх
Дээрх эмчилгээнээс гадна мэдээж тромбоз үүсэхээс урьдчилан сэргийлэх нь илүү чухал юм.
- Байнгын дасгал хөдөлгөөн нь маш чухал. Та 7 хоногт 3-5 удаа дор хаяж 30 минутын дундаж ачаалалтай дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг зорих хэрэгтэй. Ажлын явцад аль болох өдрийг хөдөлгөөний идэвхтэй өнгөрөөх зуршилтай болоорой.
- Биеийн жингээ эрүүл хэмжээнд хадгалахыг зорих нь нэн чухал. Судалгаагаар тогтоосноор жин нэмэх тусам хүний хөдлөх хүсэл багасдаг болох нь тодорхойлогджээ.
- Эрүүл хооллолт ба отега 3-р баялаг хүнс хэрэглэх. Омега-3 нь зүрх судасны эрүүл мэндэд их хэрэгтэй бөгөөд салмон, шинэ туна загас хэрэглэхийг хичээж, боломж муутай тохиолдолд Омега-3 нэмэгдэл тэжээл хэрэглээрэй.
- Гинко Билоба ургамлын бэлдмэл хэрэглэх нь тархи, зүрхний цусны эргэлтийг идэвхтэй дэмждэг гэж үздэг.
Ерөнхийдөө таны жин хэвийн мөн та хөдөлгөөн ихтэй амьдралын хэв маягтай бол тромбозын аюулд өртөх магадлал маш бага гэсэн үг.