Түрүү булчирхайн эрүүл мэнд

Түрүү булчирхай нь эрэгтэй хүний нөхөн үржихүйн тогтолцоонд хамаарагдах жижиг булчирхайт эрхтэн юм. Түрүү булчирхай нь хэмжээ бөгөөд хэлбэрээрээ хушгатай ойролцоо. Энэхүү булчирхай нь давсагнаас шээсийг гадагшлуулдаг шээлүүрийг бүслэн тойрч, давсагны дор, шулуун гэдэсний урд байрладаг. Түрүү булчирхайн шүүрлийн шингэн нь төмсөгнөөс хүргэгдэх эр бэлгийн эсүүдэд таатай орчин бий болгож, үрийн шингэн хэлбэрээр дур тавихад гадагшилдаг.

Түрүү булчирхайн хэмжээ эрэгтэй хүн нас ахих хэмжээгээр томордог. 40 нас хүрэхэд түрүү булчирхайн хэмжээ хушга самарны хэмжээнээс тоор жимсний дайтай болтол томордог ба 60 нас хүрэхэд хэмжээгээрээ нимбэг (лемон) шиг болж томрох нь элбэг.

Түрүү булчирхай нь шээлүүрийг бүсэлж байрладаг тул томорвол хэмжээгээрээ шээлүүрийн сувгийг дарах, шээсний урсгалыг боогдуулан саатуулах уршиг учруулж болно. Энэ шалтгаанаар шээхэд хүндрэлтэй, удаашралтай шээх шинж тэмдгүүд үүсч эхэлдэг. Ихэнх 50 хүрсэн эрэгтэйчүүдэд шээс ялгарлын өөрчлөлт мэдрэгдэж эхэлдэг ба тэрнээс эрт ч илрэх тохиолдлууд байдаг.

Нарийн мэргэжлийн эмч нарын тодорхойлолтоор түрүү булчирхайн хоргүй томролыг хоргүй хавдар буюу түрүү булчирхайн гиперплази (ТБГ) гэж нэрлэдэг. ТБГ нь насжилт дагасан нийтлэг өөрчлөлт бөгөөд томрохоос сэргийлэх боломж бага байдаг. Түрүү булчирхайн томролын зэрэгт нас болон гэр бүлийн түрүү булчирхайн томролын түүхтэй байх нь голлох эрсдэлт хүчин зүйл болно. 10 эрэгтэй тутмын наймд нь түрүү булчирхайн томрол тохиолдож болно. 85-с дээш насны эрэгтэйчүүдийн 90 хувь нь түрүү булчирхайн томролтой болж, тэдгээрийн 30 хувьд нь уг эмгэгийн хүндрэл, зовиуртай байдаг.

Түрүү булчирхайн томролын нийтлэг шинж тэмдгүүд:

  • Шээсний эхлэл саатах, шээс чөлөөтэй ялгарахгүй байх
  • Ойр ойрхон шээх, ялангуяа шөнийн цагаар
  • Шээсний дараа давсаг бүрэн сулраагүй мэт санагдах
  • Шээсээ барьж чадахгүй мэт гэнэт шээс хүрэх
  • Шээх явцад шээс тасалдах, дахин шээж эхлэхэд хүргэх
  • Хүчилж шээдэг болох

Түрүү булчирхайн томролын эдгээр шинж тэмдэг мэдрэгдэж эхэлбэл цаг алдалгүй эмчид очиж, болзошгүй хүндрэлээс хамгаалах зөвлөгөө авах нь чухал. Түрүү булчирхай хэмжээгээрээ томрох нь нийтлэг тохиолддог ч хэт хурдан томрох эсвэл хатуурвал бөөр болон давсагны үйл ажиллагаанд хүндрэл үүсгэх өндөр эрсдэлтэй.

Эмчилгээ:

  • Анхааралтай хянах. Түрүү булчирхайн томрол онцын зовиур анхааруулах шинж тэмдэггүй бол жилд нэг удаа шаардагдах шинжилгээ хийлгэн, эмчид хянуулж байхад хангалттай.
  • Өдөр тутмын амьдралдаа тодорхой өөрчлөлт оруулах. Үүнд унтахаасаа өмнө хэрэглэх шингэний хэмжээг, ялангуяа согтууруулах ундаа каффеины хэрэглээг хязгаарлах.
  • Зориулалтын эмчилгээ. Түрүү булчирхайн томролын эмчилгээг 2 үндсэн чиглэлээр хийнэ: – алфа блокатор /түрүү булчирхайн томролын өвдөлтийг багасгадаг/ – 5 альфа редуктаза сааруулагч бүлгийн бэлдмэлүүд /түрүү булчирхайн хэмжээг багасгах үйлчлэлтэй/. Уг эмчилгээнүүдийг ихэвчлэн хамтад нь хэрэглэх ба эмчийн жор болон давтан хяналтаар эмчилгээний тун болон үргэлжлүүлэх хугацааг зөв тохируулах хэрэгтэй.
  • Мэс заслын. Аливаа эмчилгээнд үр дүн өгөхгүй, зовиур болон үрэвслийн шинж тэмдэг удаан хугацаагаар хурц илрэх өвчтөнд мэс заслын аргаар төгс эмчилгээ хэрэглэдэг.

Түрүү булчирхайн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах?

Хийгдвэл зохих оношилгоо болон шинжилгээнүүд

DRE – digital rectal examination буюу шулуун гэдсээр хуруугаар тэмтрэх шинжилгээ. Энэ нь түрүү булчирхайн эмгэгийг оношлох хэвшсэн аргачлал. Эмч түрүү булчирхайг шулуун гэдсээр тэмтэрч хэмжээ, гадаргуун өөрчлөлт болон хатуурлыг оношилно.

PSA – prostate specific antigen test. Энэ шинжилгээ нь цусанд түрүү булчирхайн эсээс ялгардаг тусгай уураг болох PSA- ын түвшинг тодорхойлдог. Хэвийн хэмжээ нь ихэссэн байвал түрүү булчирхайн хорт хавдар үүссэн байж болзошгүйн дохио болно. Гэсэн ч PSA хэмжээ түрүү булчирхайн хурдацтай томрол болон түрүү булчирхайн гаралтай үрэвслийн үед (простатит) ихэсдэг. PSA хэмжээ тогтмол хийлгэх нь хавдрын эрт илрүүлэлтэнд өндөр ач холбогдолтой. Гэхдээ зарим түрүү булчирхайн хорт хавдрын эрт шатанд PSA хэмжээ нь бага байх тохиолдол байдаг тул шинж тэмдгийг эрэгтэй хүн өөрөө сайн ажигладаг байх нь нэн чухал.

Түрүү булчирхайн эрүүл мэндийг хамгаалах зөвлөгөө

  • Биеийн жингээ хэвийн хэмжээнд байлгах, тогтмол дасгал сургуулилт хийх.
  • Жимс, хүнсний ногооны хэрэглэх хэмжээг нэмэгдүүлэх. Улаан лооль, тарвас, усан үзэм, гуава болон амтат гуа нь эрүүл эсийг хавдрын өөрчлөлтөнд орохоос хамгаалдаг хүчтэй антиоксидант ликопен бүтцийг ихээр агуулдаг. Броколли, байцаа, цэцэгт байцаа мөн буржгар байцаа зэрэг хүнсний ногоонууд мөн адил ач холбогдолтой.
  • Түрүү булчирхайн хавдрын гэр бүлийн түүхтэй бол нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт тогтмол хамрагдах хэрэгтэй. Төрсөн эцэг болон төрсөн ахад түрүү булчирхайн хавдрын тохиолдол илэрч байсан бол энэ нь таны эрсдэлийг 2 дахин ихэсгэхийг анхаарна уу.
  • Хүнсэндээ хэрэглэх буурцгийн хэмжээг ихэсгэ. Дүпү, шар буурцгийн сүү, буурцгийн самар, гурил, нунтаг зэргийг ихээр хэрэглэх нь зүйтэй.
  • Тамхинаас гарах.
  • Селен эрдсээр баялаг хүнсний зүйл хэрэглэ. Үүнд бүхэл үрийн гурил, хүнсний хивэг, далайн гаралтай бүтээгдэхүүн, туна загас, май загас, хясаа, үхрийн элэг, бөөр, өндөг, гүнжидийн үр, мөөг, наранцэцгийн тос, сонгино, сармис орно. Селен нь хавдрын эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.
  • 50 нас хүрсэн эрэгтэйчүүд жилд нэг удаа цусанд PSА шинжилгээ, шулуун гэдэсний дижитал тест зэрэг урьдчилан илрүүлэх шинжилгээ хийлгэдэг байх нь зүйтэй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн нийтлэлээс уншина уу.
  • Шээс хүрэх болгонд давсганд шээсээ удаан барилгүй, тэр дор нь шээдэг байх. Унтахаас өмнө давсгаа сайтар сулладаг байх. Давсганд удаан хугацаагаар хадгалагдсан шээс үрэвсэл үүсгэх боломжтой байдаг.
  • Хувийн ариун цэврээ сайн сахь. Шээсний дараа шодойн тээрхийн арьсыг зөөлөн арагшлуулж шодойн үзүүрийг тогтмол цэвэрлэдэг байх. Хүндээр бие засах болон бэлгийн хавьтлын дараа шулуун гэдэсний амсар болон бэлэг эрхтэн орчмоо сайтар цэвэрлэхгүй мөн өдөр тутам гарын ариун цэврийг сайтар сахихгүй бол бэлэг эрхтэний амсраар үрэвсэл өгч түрүү булчирхайг үрэвсүүлэх нь түрүү булчирхайн үрэвслийн эрсдэлийг 70-80 хувиар нэмэгдүүлнэ.
  • Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх.
  • Тогтмол амарч стрессээ багасгах. Энэ нь удаан хугацаагаар суугаа ажил хийдэг эрэгтэйчүүдэд ихээхэн хамаарна. Амарч завсарлага авч босч алхвал түрүү булчирхайд үзүүлэх даралтыг хөнгөлж, цусны эргэлт сайжирна. Холын замын тээврийн жолооч нар энэхүү зөвлөгөөг сайтар дагах хэрэгтэй.

 

vitaprost-zurag

https://youtu.be/NnIyimhNFDs

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »