Гэхдээ нас ахих тусам бид бүгд бие махбодийн “элэгдэлд” орж, ясны үе ч мөн адил өөрчлөгдөн эмгэг байдалд ордог. Өвдөгний ясны үений үрэвсэл буюу өвдөгний остеоартрит нь эрэгтэйчүүдэд 50 наснаас өмнө илүү их илэрдэг бол эмэгтэйчүүдэд 50 наснаас хойш тохиолдох нь элбэг.
Үе мөчний үрэвслүүдээс ясны үений үрэвсэл остеоартрит нь хамгийн элбэг тохиолддог. Остеоартритын үед ясны нэг төгсгөл үед холбогддог гадаргууны мөгөөрс гэмтэж үрэвсдэг юм. Остеоартрит дан ганц үе болон олон үеийг ч хамарсан байж болно.
“Остео” нь ясны харин “артрит” нь үе мөчний үрэвсэл гэсэн утгатай. Үений үрэвслийг гүйцэд ойлгохын тулд хэвийн үед үе мөч хэрхэн ажилладгийг ойлгох хэрэгтэй. Хоёр ясыг холбож өгдөг цэг болох үе нь яснуудыг бэрхшээлгүй хөдлөх нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой. Ясны төгсгөлийг хучиж байгаа мөгөөрс нь ясны төгсгөлүүдийг хоорондоо хавиралгүй гулгах нөхцлийг бүрдүүлэхээс гадна ачаалал өгөх үед доргилт багасгагчийн vvрэг гvйцэтгэнэ. Үеийг ороодог синовиум хэмээх уутанцар нь мөгөөрсийн гадаргууг “тослох” маягаар гулгамтгай байлгах шингэнийг ялгаруулж өгдөг.
Остеоартритийн үед мөгөөрсний бүтэц нь настай холбоотой элэгдэж, жил ахих тусам нимгэрсээр хучлагагүй болж эхэлсэн яс үрэгдэн гэмтлээ нөхөхийн тулд урган зузаарч бидний хэлж сурсан “ яс ургах” эмгэг үүсдэг.
Шинж тэмдэг
Остеоартрит нь эмэгтэйчүүдэд илүү элбэг тохиолддог ба өвчлөлийн хам шинж нь илүү их хүндрэлтэй байдаг. Яс үений үрэвсэл зөвхөн нэг үеийг гэмтээдэг. Өөрөөр хэлбэл тодорхой нэг газар элэгдэж гэмтсэнээс байн байн үрэвсэж өвдөлт өгдөг.
Биеийн жингийн илүүдэл, халдвар, гэмтэл, төрөлхийн гажиг нь удаан явцтай хувирлыг хурдасгадаг.
Үе хавдаж өвдөх, хөдөлгөөн хийхэд өвдөлт нэмэгдэх, хөших, хөдөлгөөн хязгаарлагдах буюу үеэр хөдлөхөд шаржигнаж дуугарах шинж тэмдэг илэрдэг. Уг зовиурууд хүйтэн, чийглэг уур амьсгалд илүү хүндэрдэг. Үенүүд маш эмзэглэлтэй болохын зэрэгцээ ясны төгсгөл үенд суух байрлал өөрчлөгдсөний улмаас үений хэлбэр, гар хуруу, өвдөгний хэлбэр өөрчлөгдөж булдруутай мэт болж хэлбэрээ алддаг. Остеоартрит даамжрахын хирээр өртсөн үеүдийн завсраар илүүдэл шингэн хурснаас эсвэл үеүдийн ирмэгээр шинэ яс ургасны улмаас үрэвссэн үенүүд хавагнаж эхэлдэг. Үеийг тойрон байршиж байгаа булчингууд хөдөлгөөний хязгаарлалтын улмаас нимгэрэх хирээр үеүд томорсон мэт харагддаг.
Нурууны остеоартритын үед нурууны нугалам хооронд үеүд үрэвсэлд өртөгддөг. Нурууны ясны үеүдийн өөрчлөлтийн улмаас нурууны гол ясны тэнхлэгт тэнцвэр алдагдан тулгуур холбоос болон булчингууд агшиж мэдрэл дарагдан бүгд нийлээд нурууны маш хурц өвдөлт, хөшүүн байдлыг үүсгэнэ. Олон эмэгтэйчүүд мөн үүний адилаар хүзүүний өвчтэй байдаг.
Хэн хамгийн их өртдөг вэ?
Таны генетикийн түүх ихээхэн үүрэг гүйцэтгэх боловч гол эрсдэлт хүчин зүйл нь таргалалт болон хөдөлгөөний дутагдал юм. Хэдийгээр остеоартритийн эсрэг тусгайлсан зориулалтын эмчилгээ үгүй ч гэсэн өвдөлт болон зовиуруудыг багасгах аргууд байдаг.
Та юу хийж чадах вэ?
Хэдийгээр остеоартритийн зориулалтын эмчилгээ үгүй ч гэсэн өвдөлтийг энгийн өвчин намдаагчаар багасгаж болно. Парацетамолыг тогтмол хэрэглэвэл үр дүнтэй байдаг. Стероид бус үрэвслийн эсрэг эмийн тосон түрхлэг (ибупрофентэй тос ) өвдөг болон гарын ясны үрэвсэлд илүү үр дүнтэй. Зарим хүндэрсэн тохиолдолд стероидтой тарилга үе рүү тарихад өвдөлт сайн намдаадаг. Үрэвссэн үе эргэшгүй хэлбэрээр өөрчлөгдсөн бол үе орлуулах мэс засал хийгддэг ба ташааны үений үрэвсэл ихэнх тохиолдолд мэс засал эмчилгээ шаарддаг.
Хэрэв та артриттай бол аль болох хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Зарим хүмүүс илүү хөдөлгөөн нь өвдөлт болон хөшүүн байдлыг хүндрүүлэхээс болгоомжилж хөдөлгөөнөө хязгаарладаг. Гэвч ташаа болон өвдөгний остеоартритийн үед идэвхтэй хөдөлгөөнтэй байж л эмчилгээ болдог. Дасгал хийх нь өвдөж байгаа үед хэцүү боловч хүн хөдөлгөөнгүй байх тусам жин нэмэгдэж, үений гэмтэл даамжирдаг.
Усан сэлэлт хамгийн шилдэг арга бөгөөд энэ хөдөлгөөнт хэлбэр нь үе мөчинд ачаалал өгөлгүйгээр үений хөдөлгөөнт байдлыг хадгалж чаддаг.
Нэмэгдэл тэжээл: Глюкозамин ба загасны тосыг өдөрт 1500мг хэрэглэх. Омега–3 тос салмон, хар амаг, хулд загас зэрэг загасанд агуулагддаг ба эдгээр бүгд үе мөчийг эрүүл байлгахад нөлөөтэй.
Ревматойд артрит – үений хэрлэг төст үрэвсэл
Ревматойд артрит бол тархинаас хөлийн эрхий хуруу хүртэл хүний биеийг бүхэлд нь хамран явагддаг өвчин юм.
Үений хэрлэг төст үрэвсэл нь аутоиммуны гаралтай өвчин, энэ үед дархлааны тогтолцоо биеийн өөрийн эдийг гэмтээх ба энэ өвчний үед өөрийн үеийг гэмтээдэг. Биеийн өөрийн эдийн эсрэг бие үүсдэг. Энэ өвчин нь тархинаас хөлийн эрхий хуруу хүртэл бүх биеийг хамарна.
Ревматоидартрит ба остеоартритийн ялгаа
Ревматойдны артрит нь остеоартритыг бодвол залуу насанд тохиолддог ба анхны шинж тэмдэг ихэвчлэн 30-40 насны хооронд эхэлдэг. Үений үрэвсэл нь биеийг сулруулж ядраадаг бол ревматойдны артриттай өвчтөнгүүд маш ихээр тамирдаж мөн халуурдаг.
Шинж тэмдгүүд
Үе хавдаж, хэлбэр нь алдагдана. Өвдөлтэй үенүүдийн хөдөлгөөн хязгаарлагдана. Өвдөг, гар, бугуй, хөл, тохой болон шагайны яснууд ихэвчлэн өртдөг. Эрт үеийн ерөнхий шинж тэмдгүүдэд халуурах, арьс цайх, ядрах зэрэг орно.
Эдгээр шинж тэмдгүүд нь ядаргаа, гутрал, уцаар зэрэг сэтгэл санааны өөрчлөлт маягаар илэрдэг байна.
Энэ өвчний онцлог нь олон жижиг үенүүд хоёр талд ижилхэн гэмтдэг, тухайлбал гарын болон хөлийн хуруунууд хоёр талд ижил түвшинд гэмтдэг. Өвчин заримдаа сэдэрч, хэсэг хугацаанд намждаг. Энэ өвчин нүдний эд, арьс, зүрх, мэдрэл, уушгийг хамарч болно. Цус багадалт үүсч болно.
Бүх насны хүмүүс ревматоидны артритаар өвчилж болох боловч ихэвчлэн дунджаар 40-50 насныхан мөн эмэгтэйчүүд илүү өртдөг. Ревматоид артритаар удам дамжин өвчлөх магадлалтай.
Шинжилгээ ба эмчилгээ
Ревматоидны артрит гэдэг оношийг ихэвчлэн илэрч байгаа шинж тэмдгүүд болон цусны шинжилгээнд илрэх улаан эсийн тунах хурд ба С-реактив уураг зэрэг үрэвслийн илтгэгчүүдийг харьцуулан үзэж байж тавьдаг. Эрт үед рентген зураг хэвийн харагдах боловч хожуу үед нь үений бүтцэд өвөрмөц өөрчлөлтүүд гарч ирдэг.
Ревматоид артритийн үед үзүүлэх тусламж
Өвчнийг эрт үед анхлан оношлох маш чухал. Үрэвслийн эсрэг энгийн эмээс эхлэн аутоиммуны урвалыг дарангуйлдаг зориулалтын эмчилгээ хэрэглэдэг.
Хөдөлгөөнтэй байж булчинг чангалж өгснөөр үе мөчүүдийг хөдөлгөөнтэй бөгөөд тулгууртай байлгаж чадна. Харин үрэвссэн үеийг гэмтээхээс урьдчилан сэргийлэхийн тулд хөдөлгөөний хэлбэрийг зөв сонгох нь маш чухал.
Бусад эмчилгээ
- Загасны тос, Evening Primrose Oil болон витамин С–ийн бэлдмэл зэрэг нь ревматоид артриттай хүмүүст тус болдог
- Зүү тавих нь мөн л үр дүнтэй байдаг.
Таны идэж байгаа хоол хүнс яс болон үе мөчийг хамгаалдаг кальци, витамин С, D зэргээр баялаг байх хэрэгтэй. Магадгүй зарим төрлийн хоол үрэвслийг сэдрээж байгааг ажиглавал хоолны тэмдэглэл хийж ажиглалт хийгээрэй. Загасны тос, зарим ургамлын үрийн тос, загасыг хүнсэнд хэрэглэвэл үрэвслийн сэдрэлийг багасгадаг ач холбогдолтой.
Артрит буюу үений үрэвслийн зовиур өдөр тутмын амьдралыг хязгаарлах нөлөө үзүүлдэг ч өөдрөг байж өдөр тутмын амьдралын эрх чөлөөний мэдрэмж болон өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх арга замууд байдагт найдаж, зохих арга хэмжээг аваарай.
https://www.youtube.com/watch?v=yfyTiXWWblw