Хоол боловсруулалтын эмгэгийн гаралтай гэдэс дүүрэх
Хоол боловсруулалтын дараах эмгэгийн улмаас гэдэс дүүрдэг:
- Хоолны шингэц муудах
- Ходоодны хүчлийн сөргөө
- Сүүн бүтээгдэхүүн зэрэг зарим төрлийн хоолыг шингээх чадваргүй байх
- Гэдэсний эрүүл бичил буюу амьд бактерийн тэнцвэрт байдал алдагдах
- Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удаашран, өтгөн хатах
- Бүдүүн гэдэсний хананы үрэвсэлт эмгэг
Гэдэс дүүрч цанхайдгийн үндсэн шалтгаан нь гэдсэнд хэт их хэмжээний хий хуримтлагдах явдал юм. Уг хий нь гэдэсний бичил биетийн үйл ажиллагаагаар үүснэ. Гэдэсний фермент болон эрүүл бичлийн оролцоотой хоолыг задалж, гэдэсний ханаар цусанд шингээх хэвийн хоол боловсруулалтын явцад гэдсэнд 5 л орчим хий үүснэ. Хоол боловсруулалтын хэвийн хэм ямар нэг шалтгаанаар алдагдахад гэдэсний бактерийн үйл ажиллагааны биологийн урвал өөрчлөгдөн үүсэх хийн хэмжээ ихсэхэд хүргэдэг. Гэдсэн дэх амьд бичлийн хэмжээ багасахад хоол бүрэн задрахгүй ялзралын хийгээр гэдэс дүүрч эхэлдэг байна. Хоолны ариун цэвэр буруу сахиснаас эмгэг бичил гэдсэнд хуримтлагдан хоол боловруулалтанд сөргөөр нөлөөлдөг. Мөөгөнцрийн бичил нь сахар, шар айраг, нүүрс усаар баялаг хүнсний нөлөөгөөр гэдсэнд ихээр үржиж их хэмжээний хий ялгаруулж ихээр гэдэс дүүргэдэг.
Ходоодны хямрал болон ходоодны хүчлийн сөргөө эмгэгийн улмаас хоол боловсруулалтын эхний шатанд хоолны шингэц муудаж эхэлдэг.
Улаан буудай үр тарианы хүнс, сүүн бүтээгдэхүүнийг шингээх төрөлхийн үл хүлцэлтэй хүмүүсийн хоол боловсруулалтын явц гэдэсний дунд хэсэгт хямран гэдсэнд хэрэгцээгүй хий ихээр үүсч, гэдэс дүүрнэ.
Өтгөн хатах, бүдүүн гэдэсний хананы эмгэгээс бактерийн үйл ажиллагаа алдагдах нь хоол боловсруулалт гэдэсний доод хэсэгтээ ихээр хямарна.
Гэдэс ходоодны олон төрлийн эмгэгт хүчин зүйл гэдэс дүүрэхэд нөлөөлдөг ч гол хүчин зүйл нь гэдсэн дэх бактерийн төрлийн тэнцвэрт байдал алдагдах явдал юм.
Гэдэс дүүрэхэд хүргэх бусад шалтгаан
Гэдэс дүүрэх нийтлэг бус шалтгааныг дор жагсаалаа. Гэвч энэ нь хангалттай бус гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв эдгээрийн аль нэг нь танд илэрвэл та яаралтай эмчид хандаарай.
- Агаар залгидаг байх. Төв мэдрэлийн тогтолцооны эмгэгээс шалтгаалж агаар залгих зуршил үүсэх.
- Бүдүүн гэдэсний өвчлөлүүд
- Нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдах
- Хорт хавдар
Гэдэс дүүрч, томрох үед өөртөө хэрхэн тусламж үзүүлэх вэ?
Гэдэс дүүрэх эмгэгийн эх үүсвэрийг тодорхойлж хэрхэн эмчлэх нь үүсгэж байгаа шалтгаанаас хамаарна.
Дараах зөвлөгөөг амьдралдаа мөрдөх нь хоол боловсруулах үйл ажиллагааг тэнцвэртэй эрүүл байлгахад тус хүргэнэ:
- Хоолоо гүйцэд зажлах. Нэг үмх хоолыг ойролцоогоор 30 орчим зажлахыг зорих.
- Хангалттай хэмжээний шингэн уух
- Хоол идэхээс өмнө болон хоолны явцад хэт их хэмжээний шингэн уухгүй байх. Учир нь хоол боловсруулах ферментийг шингэлж хоолыг дутуу задалдаг.
- Архины хэрэглээг багасгах, тамхи татахаас татгалзах
- Стрессээ удирдаж сурах
- Дасгал хөдөлгөөний идэвхтэй байх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлнэ
- Хийжүүлсэн ундаа, уснаас татгалзах
- Сахар, сахар орлуулагч, шар айргаас татгалзах
- Хүнсний ногооноос байцааны төрлийн ногоо, манжин, сонгино болон өөх тос зэрэг нь гэдсэнд задрах явцад их хэмжээний хий ялгаруулдаг онцлогтой байдаг.
Гэдэс дүүрэхийн хажуугаар дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай:
- Хэвлийгээр хүчтэй өвдөлт
- Цусаар суулгах, бөөлжих
- Гэдэс дүүрэхийг хянах боломжгүй болж ихсэх
- Хэт ихээр цээж хорсох
- Цустай эсвэл бор хүрэн өтгөн гарах
- Гэнэт их хэмжээгэр жин хасах
САРЫН ТЭМДЭГТЭЙ ХОЛБООТОЙ ГЭДЭС ДҮҮРЭХ
Хэрэв та амьдралын зөв хэв маяг мөрдөж эрүүл хооллодог ч гэдэс дүүрч цардайх зовиуртай хэвээр байвал өөр шалтгаан байж болохыг бодолцох хэрэгтэй. Гэдэс дүүрдэг өдрүүд, давтамж болон эрчийг бичиж тэмдэглэн гэдэс дүүрэлт болон сарын тэмдгийн мөчлөг хоорондын хамаарлыг ажиглана. Сарын тэмдгээс өмнө болон ирсэн эхний хэдэн өдөрт гэдэс дүүрэн хэвлийн доод хэсгээр өвддөг бол сарын тэмдгийн мөчлөгийн бэлгийн дааврын хэлбэлзлээс шалтгаалсан гэдэс дүүрэлт үүснэ. Дааврын хэлбэлзэл болон тэнцвэр алдагдалтай холбоотой гэдэс дүүрэх нь дараах шинж тэмдэгтэй хамт хавсарч явагдана:
- Сарын тэмдэг өвдөлттэй ирэх
- Сарын тэмдгийн мөчлөг алдагдах
- Бэлгийн дур хүсэл буурах
- Үр тогтож жирэмслэхгүй байх
- Хөх хөндүүрлэх, зангирах
- Биеийн жин тогтворгүй болох
- Өндгөвчний олон уйланхайт хамшинж (PCOS) зэрэг эмэгтэйчүүдийн бэлгийн дааврын хэлбэлзэл дагуулсан өвчлөлүүд
Хоолны дэглэм, амьдралын хэв маягаа өөрчлөх
- Цай, кофе, архины хэрэглээг бууруулах нь чухал
- Сахарын хэрэглээг багасгах. Дахин боловсруулсан нарийн ширхэгтэй сахар нь цусан дахь сахарын түвшинг огцом ихэсгэх бөгөөд бөөрний булчирхай үүнд хариу урвал хэлбэрээр стресс хамааралт даавар ихээр ялгаруулдаг. Стрессийн дааврын нөлөөгөөр бусад дааврын тэнцвэрт байдал алдагддаг.
- Хүнсний ногооноос тод ногоон өнгийн салатны навч, брокколи бутлаагүй тариагаар хийсэн бүдүүн ширхэглэлтэй хар талх, хөх тариа, шар будаа, бор будаа зэргийг хэрэглэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний идэвхижүүлэн хуримтлагдсан хий хоолны үлдэгдлийг гадагшлуулах ач холбогдолтой.
- Хуванцар саванд хоол хадгалах, халаахаас зайлсхийж шилэн саванд хүнсний зүйлээ хадгалахыг хичээ. Өндөр хэмийн халуун орчинд хуванцар эдийн бүтэц хоолонд шингэж бие махбодийн даавар нийлэгжлийн тэнцвэрт байдлыг алдагдуулах хор уршигтай.
Дааврын түвшингийн хэлбэлзэл маш өндрөөр явагдаж, хоол боловсруулах үйл ажиллагааны гүн хямралд хүргэвэл эмчид хандан даавар тэнцвэржүүлэх байгалийн гаралтай, шаардлагатай бол нийлэгжсэн дааврын бэлдмэлээр даавар тэнцвэржүүлэх эмчилгээг эмчийн хяналтанд хийлгээрэй.