Ирж буй шинэ ондоо хүрэх зорилгын тогтоолыг өөртөө гаргах нь
Шинэ жил, шинэ он бидэнд амьдралдаа өөрчлөлт хийх боломжийг олгодог. Шинэ он гарахын урд орой нь өнгөрсөн онд тохиолдсон бүх үйл явдал, бүтээсэн үйлээ эргэн дүгнэхийн хамт ирж буй шинэ оноо угтан авч өөртөө шинэ оны зорилго тавих өдөр юм. Шинэ ондоо өөрийнхөө амьдралаа хэрхэн авч явах, ямар өөрчлөлт болон эргэлт хийх, тэдгээр зорилгодоо хүрэхийн тулд тогтоол гаргаж түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө зоривол ирж буй ондоо өнгөрсөн жилээс илүү амжилттай, бүтээлч, аз жаргалтай байх эх үүсвэр болно.
Аз жаргалтай болон амжилттай байхын тулд дараахь тогтоолуудыг өөртөө тавиарай:
- Амьдралаа төлөвлөн шинээр зохион байгуулах. Ирж буй шинэ жилийг өдөр өдрөөр нь төлөвлөж, болзошгүй саад бэрхшээлийг урьдчилан харж төлөвлө. Ажлын ширээгээ цэгцлэн, ажлын нарийвчилсан жагсаалт гаргаж, шаардлагагүй зүйлд “үгүй” гэж сурвал нэг зүйлийг олон дахин хийхгүй, хэрэгтэй зүйлээ хайж алтан цагаа гарздахгүй, үндсэн зүйлээ бүтээж чадна.
- Тусч бай. Эд зүйл, амжилтын араас хэт хөөцөлдөхийн оронд өгөөмөр байж бусдад тусла. Үүний тулд эхлээд “Би яаж амжилтанд хүрэх вэ?” гэж өөрөөсөө асуухын оронд “Бусдын амьдралд нөлөөлж, туслахын тулд би юу хийж чадах вэ? гэж асуугаарай. Бид бусдад тусалж, дэмжихэд анхаарлаа хандуулж чадвал амжилт аяндаа өөрт чинь ирэх болно.
- Шинэ зүйл сурах. Энэ жил ямар нэгэн шинэ зүйл нэмж сурах зорилго өөртөө тавь. Албан тушаалаа ахиулан өөрчлөхийн тулд шинээр гадаад хэл сурах, компьютерийн хэрэглээгээ өргөсгөх чадвартай болох том зорилго тавьсан бол хэлний болон компьтерийн дамжаанд суух, сургалтын ном авч унших зэрэг боловсролдоо хөрөнгө оруулах зорилго тавьбал хэрэгжүүлэхэд хамгийн бодит зорилго байх болно. Ирж буй шинэ ондоо оюун ухаанаа сорьж, харах өнцгөө тэлээрэй.
- Өөрийн санхүүгийн бололцооныхоо хэмжээнд амьдарч сур. Хэрэгцээгээ хязгаарлах амаргүй ч аливаа нөхцөлд эмх цэгцтэй байж хувийн хичээл зүтгэл гаргавал яваандаа бага хэмжээний мөнгөнд эргэлдэж сурна.
- Архи дарсны хэрэглээг хязгаарлах. Шинэ жил гаргаад л архи хэрэглэхээ огт болино гэж өөртөө олон амалдаг боловч гэнэтийн өөрчлөлтөнд тэр болгон бэлэн биш байдаг. Удаан хугацаагаар, их хэмжжээгээр архи хэтрүүлэн хэрэглэж зуршсан хүмүүс архи уухаа бүрмөсөн зогсоох чадваргүй байдаг. Үүний оронд архины хэрэглээг аажмаар багасгаж харин хуучин амьдралын хэмнэлээ өөрчлөх арга хэмжээ авбал архинаас татгалзах амлалтандаа алгуур хүрч чадна.
- Амьдралдаа ханамжтай байж сурах. Олон хүн стресстэй амьдралын хэв маягтай амьдарч байгаагаас амьдралынхаа үнэ цэнийг олж харах чадваргүй болоод байгаа энэ үед “амьдралаас таашаал авдаг болох” шинэ жил хамгийн чухал байдаг. Энэ бодлоор өөрийгөө илүү аз жаргалтай, эрүүл саруул байлгах нь чухал алхам юм.
- Тамхинаас гарах. Хэрвээ та өмнө нь тамхинаас гарах гэж оролдоод бүтэлгүйдсэн бол шантралгүй энэ жил дахиад гарах гээд зорилго тавиад үз. Тамхинаас гарч чадсан хүмүүс дунджаар 4 удаагийн оролдлогоор гарч чадсан удаатай.
- Жин хасах. Хамгийн түгээмэл амлалт бөгөөд зорилгодоо хүрэхин тулд хамгийн гол нь хэт их хэмжээгэр нэг дор турах бус хэрэгжихүйц бага хэмжээгээр болон үнэнч хичээл зүтгэл гаргавал Шинэ жилийн жин хасах тогтоолоо биелүүлж чаддаг.
- Эрүүл чийрэг байх. Байнгын дасгал хөдөлгөөнөөс илүү хүн төрөлхтөний эрүүл мэндэд ашиг тустай зүйл гэж үгүй. Судалгаанаас харахад дасгал хөдөлгөөн нь хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулах, илүүдэл жинг багасгах, сэтгэл санааг тайвшруулах, цусны даралтыг бууруулах, үе мөчний үйл ажиллагааг сайжруулах зэрэг ашиг тустай. Товчхондоо байнгын дасгал хөдөлгөөн нь таныг эрүүл чийрэг болгож, сайхан харагдуулна.
- Хайртай хүмүүстэйгээ илүү олон цаг хамт өнгөрөөх. Энэ жил хайртай хүмүүс болох гэр бүл, найз нөхөдтэйгөө илүү их цагийг хамт өнгөрүүлэхийг хичээ. Хүүхдүүдтэйгээ хамт байж, тэднийг зорилгодоо хүрэхэд нь туслахын тулд ажлынхаа цагаас таслах арга хэмжээ аваарай.
Шинэ жилийн түгээмэл тогтоолууд /бодит хүмүүсийн амьдралаас жишээ авав/:
“Архи бага уух. 3 хундага архи тун амархан 4 болно Мөн буяны ажилд оролцож бусдад энэрэнгүй байхыг хүсч байна”
“Би зорилго болон амлалтандаа хүрч чаддаггүй тул өөртөө амлалт тавихгүй”
“Компьютерийн хичээлд хамрагдах. Миний компьютер дээр ажиллах чадвар үнэхээр муу. Би өмнө нь шивж байгаагүй. Товчлуур эзэмшиж сураагүй тул миний и-мэйл үг үсэг болон зай хоорондын алдаатай байдгаас ичингүйрч байна. “
“Эхнэрээ болзоонд илүү олон удаа урина“
“Англи хэл сурч, төгөлдөр хуур тоглож сурах. Би хүүхэд байхдаа л англи хэлээр ярьдаг байсан, гэхдээ ярихгүй байсаар бараг 100 жил өнгөрчихөж”
“Өнөөдрийнөө амьдралдаа ханамжтай байж аливаа зүйлд эмзэглэхээ болино” ”
Өнгөрсөн 5 жил өөртөө тависан “нарийн боов идэхээ болих” тогтоол энэ жил хэвээрээ
” Жингээ хасч, хэдэн жилийн турш хадгалсан хувцсаа өмсдөг болох”
Ингээд энэ жил шинэ оны тогтоол гаргаад энэ жил өөртөө жин хасах, хувь тавилангийн хүнтэй учрах, мөнгөний өрөө барагдуулах, найздаа туслах гэх мэт олон зорилго тавилаа гэж бодьё. Харин тэр зорилгодоо хүрэхийг хатуу шийдсэн үү? Харамсалтай нь ихэнх Шинэ жилийн тогтоолууд богино настай байж мартагдаж эхэлдэг. Нэгэнт өөртөө зорилго тавьж тогтоол гаргасан бол тэрийгээ биелүүлж хэрэгжүүлэх хэрэгтэй. Бүтэн жилийн турш өөрийгөө зоригжуулж, амьдралаа өөрчлөхийн тулд дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй.
- Эхлээд бие бялдар болон сэтгэл санааны зовиргүй бай. Оюун санаагаа төвлөрүүлж бие махбодийг зовиургүй болгох хэрэгтэй. Шинэ оноо угтах баярын бэлтгэлээс ядардаг ч аажмаар оюун ухаанаа сэргээж, бие махбодио идэвхжүүлж чадна.
- Цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлж эхлэ. Алсын төлөвлөгөө том зорилго биелүүлэх өндөр магадалтай ч үр дүнгий нь хурдан мэдэрдэг жижиг амлалт илүү урам зориг өгдөг тул аливаа амлалтаа хойшлуулалгүй хэрэгжүүлж эхлэ.
- Биелүүлэхэд бодит үр дүн харагдах зорилго тавь. Хэтэрхий том төлөвлөгөө бүтэлгүйтэх тохиолдол олон байдаг. Амлалтыг биелэгдэх хэмжээгээр тавьбал хэрэгжих илүү магадлалтай. Жишээлбэл ердоо 3 амлалт авах ба түүн дотор эрүүл мэндэд амин чухал тамхинаас гарах амлалтаа биелүүлсэн байхад дараа жилийн тогтоол дараагийн чухал бөгөөд биелэгдэх амлалтаас бүрдэх болно.
- Тодорхой зорилго тавь. Төлөвлөгөөндөө “Би эрүүл, чийрэг болно”, “Би хадгаламжтай болно” гэх мэт тодорхой бус зорилго байвал хэдийгээр гайхалтай ч биелэгдэх бараг л боломжгүй. Үүний оронд “Би 2 сард 3 килограмм хасна”, “Би сар бүр 100,000 төгрөг хадгаламжинд хийнэ” гэх нарийвчилсан шалгуур тавьж чадвал амархан зорилгодоо хүрнэ.
- Цаасан дээр буулга. Зорилгоо харж биелүүлэхийн тулд өдөр тутмын тэмдэглэлийн дэвтэр болон сануулах цаасан дээр бичих, компьютерийн хуанлид сануулах зэргээр албан ёсны баримт болгон хадгалаад хэрэгжүүлэхэд бодитой болго. Ингэснээр та зорилгоосоо няцахгүй, зорилгоо тодорхой болгох илүү урам зориг өгнө.
- Алсын хараатай бай. Хэрвээ та зорилгоо тодорхой мэдэж, түүнийгээ биелүүлэхээр төвлөрсөн хирнээ хэрхэн хэрэгжүүлж, хаанаасаа эхлэхийг мэдэхгүй бол алсын зорилго эцсийн үр дүнг харж төлөвлөгөө сайн гаргах хэрэгтэй.
Амлалтаасаа няцах тохиолдол гарвал өөрийгөө хэтэрхий бүү хүчилж шантраарай. Нэгэнт тогтсон зуршлыг бүрэн арилгах амаргүй. Ганц халбага элсэн чихэр хэрэглэж, 2 ширхэг тамхи татсаныхаа төлөө өөрийгөө зэмлэж, итгэл найдвараа алдан зорилгоосоо бүрэн эргэхийн оронд сургамж мэтээр хүлээн аваад үргэлжүүлэн зорилгоо биелүүлэхийн төлөө зориг бардам байгаарай.