Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэний загатнаа. Үргэлж мэдэхийг хүсдэг ч асуухаас эмээдэг асуудлууд.
Эмэгтэйчүүдэд гадна бэлэг эрхтэн орчмоор болон үтрээнд чимчигнэн загатнан зовиурлаж маажих, үрэх хүсэл төрүүлдэг зовиур элбэг тохиолдох бөгөөд ихэвчлэн харшлын, дааврын хэлбэлзлийн эсвэл ахуйн нөхцөл байдлаас шалтгаалж үүссэн байдаг. Ямар нэг халдвар аваагүй ч, үрэвслийн шинж тэмдэг илрэн, бэлэг эрхтэн орчмоор халуу оргих, таагүй үнэр мэдрэгдэх зэрэг үтрээний үрэвслийг халдварын бус гаралтай вагинит гэнэ. Вагинит нь халдварын бус гаралтай хирнээ загатнах, чимчигнэх нь маш хүнд хэлбэрийн таагүй байдал үүсгэдэг хүндрэлтэй. Бэлэг эрхтний загатнаа нь бэлгийн замаар дамждаг халдварууд, мөөгөнцөр зэрэг үрэвслүүдийн төст шинж тэмдгүүдтэй байдаг ч шалтгаан болон эх үүсвэрээр ялгаатай байдаг.
Эх үүсвэр
Ахуйн шалтгаан:
- Угаалгын нунтаг, ариутгал цэвэрлэгээний бодис, хүчтэй химийн найрлагатай үтрээний угаалга, тос, цацлага зэрэг өдөөгчөөс цочирдон тууралт үүсэх
- Цэвэршилтийн өөрчлөлт. Эстроген дааврын хэмжээ багассанаас үтрээний хана нимгэрч, хуурайшин үрэвсэл үүсэх нөхцөл бүрдэнэ
- Стресс. Стрессийн хүчин зүйл нь дархлааны тогтолцоог мөөгөнцрийн халдварт өртөмтгий болгоно
- Үтрээний мөөгөнцөр үржих нөхцөл бүрдүүлдэг хүнд өвчлөл, дааврын огцом хэлбэлзэл
- Охидын бэлгийн бойжилтын үед бэлэг эрхтний булчирхайн шүүрлийн ялгарал нэмэгдэж, бактери үржих нөхцөл бүрддэг.
Зарим тохиолдолд:
- Бэлэг эрхтэн, бэлгийн уруулын хавдрын өмнөх шатны хувирлаас эмчилгээнд үр дүн өгдөггүй үрэвслийн шинж тэмдэг өгнө
- Шулуун гэдэсний хялгасан хорхой (ихэвчлэн хүүхдүүдэд тохиолдоно)
Гэрийн нөхцөлд хэрхэн арчлах
- Будаг зурагтай, хурц үнэртэй ариун цэврийн цаас, олон найрлагатай ванны хөөс, бие угаагч хэрэглэхээс зайлсхийх
- Дэлгүүр худалдаагаар сурталчилдаг олон химийн найрлагатай үтрээний угаалга, цацлага хэрэглэхээс зайлсхийх
- Бие зассаны дараа бэлэг эрхтнээ цэвэрлэхдээ урдаас хойш арчиж, угааж байх
- Антибиотик эмчилгээ хийх шаардлага гарсан үед хэвийн бичил биетэн агуулсан “амьд” тараг хангалттай хэмжээгээр идэх, микрофлорын эм бэлдмэл хэрэглэх
- Бэлэг эрхтний ариун цэвэр хадгалж, цэвэр, хуурай байлгах. Аль болох үнэргүй энгийн саван хэрэглэх
- Чихрийн шижин өвчтэй үед арьс салстын шүүрэл хүчиллэг болж бэлэг эрхтнийг хорсгох, загатнуулах үр дагавартай байдаг тул цусны сахарын хэмжээг хэвийн байлгах эмчилгээг тасалдуулахгүй байх
- Илүүдэл жинтэй бол жингээ хасах
- Агаар чөлөөтэй нэвтэрдэг, хөвөн даавуун дотуур хувцас өмсөж, нийлэг синтетик материалтай хувцас өмсөхөөс зайлсхийх.
Зовиур багасгах эмчилгээ
- Мөөгөнцрийн үрэвсэлд мөөгөнцрийг дарах үйлчлэлтэй (Fluconosole, Clotrimasole, Canesten) агуулсан тосон лаа, түрхлэг болон уухаар эмийн тунг эмчийн зөвлөсний дагуу хэрэглэнэ. Дотуур хувцсыг бохирдуулдаг ч үтрээндээ байгалийн цэвэр тараг түрхэх нь зөөлөн хирнээ үр дүнтэй арга болдог. Мөөгөнцрийн үрэвсэлтэй үед хөрөнгөөр исгэсэн талх гурилан бүтээгдэхүүн, шар айраг хэрэглэхээс зайлсхийгээрэй.
- Цэвэршилт ба жирэмслэлтийн дааврын хэлбэлзлийн үед Омега-3 өөхний хүчил \загасны тос болон самар\, яргуй цэцгийн тос (Evening Primrose Oil) бэлдмэл уух нь хуурайшсан үтрээг чийгшүүлж өгөх үр дүнтэй байдаг. Цэвэршилтийн үеийн үтрээний загатнаанд даавар тэнцвэржүүлэх байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх. Шар буурцаг \soy isovlavones\, Аgnus Сastus, Black Cohosh-ийн бэлдмэл
- Харшлын загатнаaтай үед антигистамин харшлын эсрэг эм ууж хэрэглэнэ. Зуу настын навчны зөөлөн эдийн бигнүүр нь цочирдсон арьс салстыг тайвшруулах зөөлөн үйлчлэлтэй байдаг.
- Арьсны халдвар: Хувийн ариун цэврийг сайтар сахих. Нүүр гарын арчуур, цагаан хэрэглэл, хувцас зэргийг бусадтай хуваан хэрэглэхээс зайлсхийх.
- Экзем, псориаз зэрэг арьсны эмгэгтэй хүмүүсийн үтрээ, бэлэг эрхтэн мөн цочромтгой байх хандлагатай байдаг. Эдгээр хүмүүс хяналтанд байдаг арьсны эмчийн заавраар зориулалтын стеройд тос хэрэглэх нь зүйтэй. Календула (Calendula) цэцгийн тос мөн тайвшруулах үйлчилгээтэй байдаг.
Ямар тохиолдолд эмчид хандах вэ?
- Үтрээ болон гадна бэлэг эрхтэн орчимд устай цэврүү, яр шархлаа үүсвэл
- Шээх үед хорсох, шээс ялгаруулалт хүндрэлтэй болох
- Үтрээ, бэлгийн уруул хавдах, хэвийн бус цусархаг болон салслаг ялгарал гарах
- Бэлгийн замын халдвар төст өвчний шинж тэмдэг танд болон таны нөхөрт илэрвэл
- Эмчилгээ хийж, арчилсан хирнээ шинж тэмдгүүд улам хүндрэх эсвэл долоо хоногоос урт хугацаагаар үргэлжилвэл
- Үтрээний зовиуртай байхын хамт ам цангах, хоолны дуршил ихсэх, шалтгаангүйгээр жин хасах, жин нэмэх, хэт их хэмжээгээр шээдэг болох зэрэг шинж тэмдгүүд илэрвэл чихрийн шижин байж болзошгүй тул эмчид хандан эмчилгээ хийлгэх
- Өндөр халуурч, нуруу болон хэвлийн доод хэсгээр өвдөж эхэлвэл
Оношлогооны зорилгоор хийгдэх шинжилгээ
- Үтрээний ялгадаснаас бактерлогийн шинжилгээ авах
- Эсийн наалдацын шинжилгээ авах
- Бэлгийн уруул орчмын эдийн шинжилгээ хийх
- Шээс болон цусны шинжилгээгээр үрэвсэл болон дааврын түвшинг тодорхойлох
ҮТРЭЭ ХУУРАЙШИХ (ХАТИНГАРШИЛ)
Эстроген дааврын түвшин буурснаас үтрээний хана нимгэрч хатингаршлын үрэвсэл үүсдэг. Үтрээний хатингаршил нь ихэвчлэн цэвэршилтийн дараах үед тохиолддог ч жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн бэлгийн даавар огцом хэлбэлзэх үед үтрээ хуурайшиж зовиурлах нь элбэг ажиглагддаг байна. Үтрээний хатингаршлын улмаас бэлгийн харьцаа эмзэглэлтэй болж, бэлгийн дур сонирхол бууран гэр бүлийн амьдрал, сэтгэлзүй болон эрүүл мэндийн байдалд хүндээр нөлөөлдөг байна. Бэлэг эрхтний тогтолцоо нь шээс ялгаруулах тогтолцоотой шууд хамааралтай байдаг тул эстроген дааврын дутагдлын үед шээс задгайрах эмгэг ихэвчлэн хамт дагалдаж байдаг.
Эстроген дааврын хэмжээ унаснаас бие махбодид олон төрлийн хямрал үүсгэдэг ч, тэдгээр зовиуруудаас үтрээний хуурайшлын эмзэглэлийг тэвчээд яваад байх шаардлагагүй. Үтрээний хуурайшлыг энгийн бөгөөд үр дүнтэй аргаар бүрэн эмчлэх боломжтой юм.
Эстроген дааврын түвшин багасахад үтрээний салстын хүчил шүлтийн тэнцвэр алдагдан илүү шүлтлэг болно \хүнсний сода төст\. Хүчил шүлтийн зөв тэнцвэр нь үтрээний орчны байх ёстой эрүүл бактери орших нөхцлийг бүрдүүлж өгдөг. Хүчил шүлтийн тэнцвэр алдагдан эрүүл бактерийг дарангуйлснаас эрүүл бактери идэвхжин үржиж эхэлдэг. Үүний улмаас үтрээний ялгарлын хэмжээ ихсэн, өнгө нь өөрчлөгдөж таагүй үнэртэй болж эхэлнэ. Үрэвсэлтэй ялгарал үтрээ, бэлгийн замын арьс салстыг цочроон үрэвсүүлж шархлуулдаг байна.
Халдвар авах шалтгаангүй хирнээ үтрээний үрэвсэлтэй болсон эмэгтэйчүүд ихэнх тохиолдолд мэргэжлийн эмчид очих шаардлагагүй гэж үзэж зовиураа хадгалаад явах эсвэл хүний амнаас сонссон тохирох, тохирохгүй эмчилгээ хэрэглээд яваад байх нь элбэг тохиолддог тул аливаа зовиур үүссэн үед үтрээний салстын цочрол үүсгэж буй шалтгаан олох, шинжилгээ өгөх, зөв арчлах зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй байдаг.
Үтрээний хуурайшлын үед анхаарах зүйл:
- Савангаар угаахаас зайлсхийх
- Үтрээний хүчил шүлтийг тэнцвэржүүлэх чийгшүүлэгч түрхлэг хэрэглэх
- Шинжилгээ өгч, мэргэжлийн эмчийн зааврын дагуу өөрийн биеийн онцлогт тохирсон үрэвсэл дарах эмчилгээ хэрэглэх. Үрэвсэл дарах антибиотик эмчилгээ нь ихэвчлэн богино хугацаагаар уух болон үтрээний лаа эсвэл тосон түрхлэгийг хэрэглэх хэлбэрээр хийгддэг. Антибиотик эмчилгээг давтах шаардлага гарч магадгүй.
- Бага тунгийн үтрээний эстроген эмчилгээ нь зөвхөн үтрээний хананд шаардагдах дааврыг нөхөж өгдөг тул сөрөг үг дагаваргүй маш өндөр үр дүнтэй эмчилгээ болдог.