Иймээс үглэж шаналгалгүй, илүүдэл жингийн хор уршгийг анагаахын үл ойлгогдох нэр томьёо хэрэглэхгүйгээр зөв ойлгуулж ухамсарлуулахаас эхлэх хэрэгтэй.
Таргалалт нь зүрхний титэм судасны өвчний улмаас нас барах үндсэн шалтгаануудын нэг болдог. Тарган хүмүүс хэвийн жинтэй хүмүүсийг бодвол олдмол хэлбэрийн чихрийн шижин тусах эрсдэл өндөртэй байдаг. Чихрийн шижингийн үед бүх судасы хана нилэнхүйдээ хагарамтгай болж, амархан гэмтэнэ гэдгийг тайлбарла. Таргалалт нь нуруу болон өвдөгний үе гэмтэх, үрэвсэх эрсдэлийг 5 дахин нэмэгдүүлнэ. Хэт таргалалт нь элэг, ходоод, нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдрын эх үүсвэр болж богино наслахад хүргэнэ. Эрчүүдийн хувьд эмзэг асуудлын нэг болох бэлгийн сулрал нь хэт таргалалтаас үүдэлтэй байдаг. Энэ нь гэр бүлийн харилцаанд нөлөөлөх тул эхнэр нөхөр хоёулаа эрчүүдийнхээ илүүдэл жинг хасахын төлөө мэрийх хэрэгтэйг ойлгоорой.
Эрчүүдийн хувьд бие махбодь, сэтгэлзүйн онцлог байдал, ажлын ачаалал, амьдралын хэв маягаас хамаарч таргалалт өвөрмөц хэлбэрээр явагдана. Эрэгтэйчүүдийн бие махбодь эмэгтэйчүүдийг бодвол илүү их хэмжээний булчингийн эдтэй байдаг тул тэдгээр булчингуудыг идэвхтэй байлгаж чадаж байвал хэвийн жингээ барих болон шаардлагатай бол бага зэргийн илүүдэл жингээ хасахад хялбар байдаг. Гэвч жин нэмэх нь хасахаасаа хурдан байдаг тул богино хугацаанд булчинлаг эд багатай хэвлий орчмоор жин нэмэх нь элбэг тохиолдоно.
Эрчүүд эмэгтэйчүүдийн адил хоолны хатуу дэглэм барих тэнхээ сул байдаг. Үүний хажуугаар найз нөхдийн архи, шар айргаар “шахах” нөлөө, бага наснаас их хэмжээгээр хоол иддэг зуршил, туранхай хорчгор байхаас тарган махлаг байх нь эр хүний сүр хүч нэмэгдүүлдэг сэтгэхүй бүгд нийлээд яваандаа хэвлий орчмын салахад бэрх “гүзээтэй” болоход хүргэдэг.
Эхнэр хүний хувьд юугаар дэмжиж болох санаа өгье:
- Салат, хүнсний ногоог хүч тэнхээ оруулахаар тэжээллэг хэлбэрээр бэлдэж өгөх. Өөх махыг нь хасаж ногоо болон салат давамгайлж хэрэглэх гэтэл ихэнх эрчүүд дан ногооны хоолыг “ямааны” хоол мэтээр үзэж тэр болгон хүлээн зөвшөөрдөггүй. Гэвч амин дэмээр баялаг ногооны салатанд өөхгүй улаан мах, тахианы мах, лаазалсан загасны мах хэрчиж нэмж өгвөл булчингийн эд хөгжүүлэхэд шаардагдах уургийн хэрэгцээг бүрэн хангаж. Мөн их хэмжээний ногоотой хуурганд бага хэмжээний өөхгүй мах хийж бэлдэж өгвөл шаардагдах уургийг нөхөж болно.
- Тогтмол хөдөлгөөнтэй байлгах. Хоолыг нь өөрчлөхийн хамтаар хөдөлгөөнтэй байлгах арга олох нь чухал юм. Гэртээ амарч байгаа нөхрөө буйдангаас нь өндийлгөхийн тулд олон арга зохиох хэрэгтэй. Зурагт үзэж байхад нь сунгалт хийлгэдэг, хөл гараа жийлгэдэг болон гэдэсний таталт хийдэг дасгалуудыг санаачлан хамтарч хийдэг байхаас эхэлж болно. Талх сүү ундаа зэргийг ойрхон дэлгүүрээс явган авчруулдаг болгох зэрэг арга хэмжээ авч болно. Эрчүүд нарийн ширийн жижиг төхөөрөмж хэрэглээнд дуртай байдаг. Тэр занг нь ашиглаж өдөрт алхсан алхааны тоо хэмжигч, эсвэл хялбар маягийн зүрхний хэм хэмжигч олж өгөөд зүүдэг болговол тэд төхөөрөмжийг сайн ашиглаж хөдөлгөөнтэй байж чаддаг. Хамгийн найдвартай арга нь түүнтэй хамт дасгал хийж, хамт явган алхдаг, дугуй унадаг болвол таны нөхрийн эрүүл байх эрмэлзлийг ихээр түшиж өгнө.
- Эр хүний бахархлаа хамгаалах хэрэгтэйг сануулах. Хэвлий орчмын таргалалтыг багасгаж чадвал эр бэлэг эрхтэний суурь эхэлдэг умдаг орчмын өөхөн давхарга нимгэрэн бэлэг эрхтэний хэмжээ уртасдаг байна. Мөн таргалалтын уршгаар үүсэх зүрх судасны эмгэгээс цусан хангамж саатан бэлэг эрхтэний хөвчрөх чадвар сулран, бэлгийн хавьталд ороход хүндрэлтэй болдог.
- Хоолны илчлэгийг тооцох ач холбогдлыг тайлбарлаж өгөх. Ихэнх эмэгтэйчүүд хүнсний бүтээгдэхүүн бүр ойролцоогоор ямар хэмжээний илчлэг агуулж байгааг мэддэг бол эрчүүдэд энэ тухай ойлголт хомс байдаг. Иймээс эр нөхөртөө илчлэгийн талаар тайлбарлаж өг. Жишээ нь нэг аяга шар айраг нь нэг бүтэн Марс шоколадны дайтай илчлэг агуулдгийг ойлгуулбал нэг дор их хэмжээний шар айраг уухаас татгалздаг болох магадлалтай.
- Идэх хоолны хэмжээ бус хоолны чанарыг эрхэмлэдэг болгох. Эрчүүд дуртай хоолыг нь бүрмөсөн хорихыг эсэргүүцдэг. Бүрмөсөн хорихын оронд эрүүл хэлбэрээр бэлдэж өгч бай. Гүйцэд жигнэсэн цул махыг \стек\ ууранд болгосон, чанасан ногоотой бэлдэж өгвөл хуушуур, цуйван, будаатай котлет, гурил болон гоймон зэргээс эрүүл мэндэд илүү тустай. Цул махыг тохирсон хэмжээгээр бэлдэхэд хоол нэмж идэлгүй порц тохируулах боломжтой.
- Ургамал хэлбэрийн амтлагч хэрэглэх. Хэрэв та түүнд хоолоо өөрчлөх, хэрэглэх хэмжээг нь багасгахын чухлыг ойлгуулж чадвал хоолноосоо таашаал авдаг болгохын тулд шинэ ургацын ургамлаар амталж болно. Үнэрт ногоо, гоньд, гаа зэрэг хоол амтлагч хэрэглэхэд тархи тэжээллэг хоол хүлээж авсан гэсэн мэдээлэл авч цадсан мэдээллийг удаан хадгалан хурдан өлсдөггүй байна. Ногоон цай жин хаяхад тусалж, бодисын солилцоог дэмжинэ. Үүнийг хоолны дараа уувал илүү үр дүнтэй.
- Түүнд шударгаар тайлбарла. Хэрэв эр нөхөр чинь таны хүссэнээр жингээ хасах арга хэмжээ авахаас татгалзан яваандаа зүрх судасны эмгэг үүсэх эрсдэл ажиглагдаж эхэлбэл түүнтэй шударгаар ярилцсан нь дээр. Хэвийн жинтэй байх үеийн зурган дээр хир дур булаам харагдаж байсныг, эсвэл аавтайгаа адилхан болж байгааг дурьдаж болно. Хамгийн чухал нь, ирээдүйн амьдралынхаа тухай ярилцан, илүүдэл жингээ хаяж эрүүл байж чадвал хамтдаа олон жил амьдран олон үйлс бүтээх хүсэлтэй байгаагаа хуваалцаарай.
48 настай Д-ийн ярианаас:
“Эмч надад жингээ хасахгүй бол 50 хүртэл насалж чадахгүй гэж анх хэлэхэд хамгийн түрүүнд би эрүүл бус гэх шарсан, өөх тостой бүх хоол хүнс, архи дарсны хэрэглээгээ бүрэн хорьсон. Удалгүй таашаал авах зүйлгүй болж, амьдрал надад утгагүй санагдаж эхэлсэн. Сүүлд нь аажмаар зарим хүссэн хоол хүнсээ бага хэмжээгээр хэрэглэдэг болсон ба харин өдөр тутам тогтмол явган явдаг болсноор ойролцоогоор 5кг-аар хасч, буцаад идэвхтэй амьдралдаа орсон.”
Түүний зөвлөгөө: “Хэрэглэж сурсан дассан бүх хүнсээ шууд хорихоос татгалз. Удаан хугацаагаар хоолны хатуу дэглэмтэй амьдрах боломжгүй. Хоол идэх үедээ зөвхөн хоолондоо бүх анхаарлаа төвлөрүүл. Зурагтанд анхаарлаа бүү сарниул. Хоолоо идэж байхдаа сайтар зажилж, яаралгүй удаан идэх ба цадаж эхэлж буйг мэдрэнгүүт идэхээ зогсоож байгаарай.”
Танд сонирхуулахад: Бага зэргийн хөдөлгөөний ачаалалтай эрэгтэй хүн өдөрт дунджаар 2500 ккал илчлэг зарцуулдаг байхад хэвийн жингээ барьж чадна. Долоо хоногт 500г жин хасахын тулд өдөр тутмынхаа хоолыг 500 ккал илчлэгээр бага идэж байж хасна. Энэ нь хиаман хавчуургатай талхан зууш болон 2 аяга шар айрагтай тэнцэнэ.