Цэвэршилтийн үеийн бие физиологийн өөрчлөлтийг сайн судалсан боловч харамсалтай нь энэ үеийн эмэгтэйчүүдийн сэтгэл зүй болон сэтгэл хөдлөлийг хамгийн бага судалсан байдаг. Клиникийн эмнэлгүүд, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ нь бие физиологид гарах өөрчлөлтийг даван туулахад туслах зохих хэмжээний арга хэмжээ, үзлэг, тусламж үзүүлдэг боловч сэтгэл хөдлөл болон сэтгэл зүйн өөрчлөлтүүдийн талаар төдийлэн анхаардаггүй нь харамсалтай байдаг. Эмэгтэй хүний сэтгэл зүйн байдал нь гэр бүл болон нийгмийн харьцаанд голлох үүрэг гүйцэтгэдгийг эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагууд анхаарч ажиллах хэрэгтэй нь ойлгомжтой.
Цэвэршихэд бэлдэж эмэгтэйчүүдийн бэлгийн дааврын түвшин тогтворгүй болж “үсэрч”, “харайдаг” нь эмэгтэй хүний биеийн байдал болон сэтгэл санааг огцом өөрчилж “шинэ төрлийн эмэгтэй” болгон хувиргадаг гол шалтгаан нь болдог. Сарын тэмдэг бүр мөсөн ирэхээ больж цэвэршилт гүйцэхэд эмэгтэйчүүд цоо шинэ хүн болж хувирдаг байна. Шинэ эмэгтэй бусдын ая санааг тааруулж амьдардаг, бусдын сэтгэлд нийцэхийг эрмэлздэг байдлаа өөрчлөн, илүүтэйгээр өөрөө өөртөө нийцэх, өөрийн гэсэн сонирхлоо дагах эрмэлзэл нь давамгайлж эхэлнэ. Зарим тохиолдолд энэ өөрчлөлт нь гэр бүлийн харьцаанд ч өөрчлөлт оруулах хандлагатай байдаг.
Гэхдээ цэвэршилтийн өөрчлөлт гэр бүл болгоны харьцаанд сөргөөр нөлөөлж, гэр бүлийн сайхан хайр, харилцаа, гэрлэлтийг бусниулаад байдаггүй. Хэрвээ гэр бүл, гэрлэлтийн суурь нь эхнээсээ бат бөх, хосууд харилцан ойлголцдог, илэн далангүй ярилцдаг, бие биенээ хүндэлдэг, гэр бүлийн нэгдмэл зорилготой бол цэвэршилт тэдгээрийг өөрчлөхгүй.
Хэрвээ эхнэр нөхөр болсон ч олон жилийн турш эрх тэгш харилцаагүй, далд бодолдоо хадгалсан, учраа ололгүй үлдсэн үл ойлголцол байсаар байвал цэвэршилтийн үеийн физиологийн өөрчлөлт байдлыг хурцатгаж, өмнөх асуудлуудыг сөхөх, хилэгнэн зэвүүцэх нөхцөл байдлыг үгүйсгэх, гэр бүлээ сэргийлэхийн тулд зохицож амьдрах, түүнээсээ болж гутрах зэрэг нь элбэг байдаг. Энэ үед гэр бүлийн хоёр олон жил ханилсан амьдралынхаа үнэт үеийг дахин эргэн харж, тохиолдоод буй үл ойлголцлоо ний нуугүй ярилцаж чадахгүй эсвэл сонирхолгүй байвал тэдний гэрлэлт эрсдэлд орж, ноцтой байдалд хүрэх өндөр магадлалтай.
Гэр бүлийн дотно уур амьсгалыг устгадаг том шалтгаан бол хосууд хоорондоо ярилцах, харилцах холбоо хангалтгүй байх явдал гэж мэргэжилтнүүд онцолдог. Хэвийн тогтсон сайхан амьдралыг дааврын огцом хэлбэлзэл гэнэт “дээрэмдэж” авч яваад, бүх зүйл орвонгоороо өөрчлөгдсөн мэт энэ үед хоорондоо дотно ярилцдаг харьцаа, ойлгох гэж хичээдэг зүтгэлийн чухлыг тэр болгон хүмүүс ухамсарладаггүй. Энэ үед амьдралын хэв маягаа эрүүл болгон өөрчилж, эрүүл мэнддээ илүүтэйгээр анхаарч чадахгүй бол насжилтийн асуудлуудад дийлдэж, өөртөө итгэх итгэлээ алдан, итгэл найдваргүй болж шаварт унасан мэт санагдах болно.
Ихэнх эрэгтэйчүүдийн үзэж байгаагаар дунд насны хосуудын салалтанд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь бэлгийн харьцаа хөрөх асуудал гэдэг. Гэвч бэлгийн харьцааны ач холбогдлыг тогтоох судалгаанаас харахад эрэгтэйчүүдийн гуравны хоёр нь, эмэгтэйчүүдийн тэн хагас нь бэлгийн харьцаа ханамжтай байх нь амьдралын чанарт чухал нөлөөтэй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Тиймээс гэр бүлийн харьцааны хямралд бэлгийн харьцаа хөрөх болон хоорондын харьцах харьцаа хомсдох аль алинд нь нэн чухал ач холбогдол өгч амьдралаа зохицуулах хэрэгтэй.
Цэвэршилтийн насанд гэр бүлийн харьцаагаа хамгаалж, баталгаатай байлгах найдвартай “даатгалын” зөв хэлбэр сонгож авбал гэр бүл сарних эрсдлүүдээс хамгаалж чадна. Энэхүү “даатгалын” үндсэн хэлбэр бол цэвэршилтийн үеийн физиологийн болон сэтгэлзүйн өөрчлөлт гэр бүлийн хайрын амьдралд хэрхэн нөлөөлж болохыг ойлгох явдал юм.
Эхлээд бүсгүйчүүдийн тухай…
Цэвэршилт бол таны бие махбодь болон сэтгэл зүйд нөлөөлдөг амьдралын шилжилтийн үе шат билээ. Дааврын тогтворгүй байдлаас шалтгаалан таны биед халуу оргих, шөнө хөлрөх, арьс загатнах, толгойн мигрень өвдөлт, хөх эмзэглэх, үтрээ хуурайших болон сарын тэмдгийн мөчлөг алдагдах зэрэг таагүй шинж тэмдгүүд зовоодог. Эдгээр шинж тэмдгүүд эмэгтэйчүүдийн бараг 80 орчим хувьд нь ажиглагдах ба ихэнхи нь биеийн жин огцом нэмэгдэх, галбир өөрчлөгдөх зовлонтой тулгардаг.
Эдгээр “урилгагүй” өөрчлөлтүүдийн улмаас ихэнхи эмэгтэйчүүд гоо үзэмжээ алдсан мэт болох, ядарч сульдах, зовиуруудааса шаналах, ааш араншин өөрчлөгдөх, бусдаас зай барих, ганцаардах мэдрэмж төрөх зэргээр өөрийнхөө учрыг олохоо больж эхэлдэг.
Цэвэршилт явагдах үед эмэгтэйчүүдийн тархины биологийн урвалд, үйл ажиллагаанд өөрчлөлт явагдана. Дааврын солилцоог бүхэлд нь удирддаг “ээж” тархины удирдлагын хяналтын самбарын ажиллагаа алдагдаж эхэлнэ. Цэвэршилтийн өөрчлөлтийн улмаас харилцах харьцаа, анхаарал халамж, маргаан хэрүүлийг зохицуулж өгдөг сэтгэл хөдлөлийн дааврын хомсдлоос эмэгтэй хүнд зан төлөвийн өөрчлөлт мэдрэгдэж эхэлнэ.
Дааврын тогтворгүй байдал бэлгийн харьцааны дуршил болон харилцах харьцааны сонирхлыг бууруулж гэр бүл, хамт олны харилцааг эрсдэлтэй болгодог. Сэтгэл санааны өөрчлөлтөө ажиглаж тайвшруулах, нойрсуулах эм хэрэглэх тусам бэлгийн дуршил улам буурна.
Ажил албаны ачаалал, албан тушаалын өөрчлөлт, дотно хүмүүсээ алдах, хүүхдүүд өсөж тусдаа гарах, настай эцэг эхээ асрах зэрэг нас ахихын хирээр тохиолдох амьдралын стресс дотно харьцаа болон бэлгийн дуршил буурахад нөлөөлдөг. Эдгээр ачааллаас эмэгтэй хүн өөрийнхөө эрүүл мэнд болон дөхөөд ирсэн насжилтийн талаар бодож ярилцах ч сүйхээгүй байдаг. Энэ үед өөрөө өөрийгөө аврах, муугаа харуулахгүй төлөвт шилжсэн, бусадтай харьцах ч сонирхолгүй болсон байдаг. Гэр бүл, ач зээ, ажлын ачаалал болон биеийн физиологийн өөрчлөлт эдгээр бүгд нийлээд эмэгтэй хүний хувьд дааж барашгүй ачаа болдог ба үүнийгээ үүрч гарахад хань ижил нь цорын ганц түшээд авах хана мэт санагддаг. Уг түшиг тулгуурыг мэдрэхгүй бол эмэгтэй хүний тархины сэтгэл хөдлөлийн “удирдах самбарт” найдах аргагүйн улмаас хийх үйлдэл, гаргах шийдвэр ноцтой байдаг аюултай.
Одоо эр хүн таны тухайд…
Дээр дурдсан өөрчлөлтүүдийн хэдэн хувь нь таны эхнэрт тохиолдож байна вэ? Эхнэрт нь цэвэршилтийн өөрчлөлт явагдаж байна гэдгээс эмээдэг эрэгтэйчүүд олон байдаг. Учир нь түүний эхнэр нүдэн дээр нь өөрчлөгдөөд эхэлдэг. Энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрдөг нөхрүүд ч ховор ажиглагддаг.
Гэхдээ зөвхөн эмэгтэйчүүд л өөрчлөлтийг мэдэрч, зовж шаналдаггүй. Нас ахихын хирээр бэлгийн даавар, бодисын солилцооны өөрчлөлтөөс бие махбод болон сэтгэл санааны хувирал эрэгтэйчүүдэд ч адил илэрдэг.
Эр бэлгийн тестостерон дааврын буурал нь бэлгийн дуршил, бэлгийн харьцааны чадавхи болон ааш араншингийн төлөвд нөлөөлдөг. Гэхдээ эрэгтэйчүүдийн бэлгийн дааврын өөрчлөлт нь эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үеийнхтэй харьцуулахад аажим явагддаг тул эрэгтэй хүн өөрчлөгдөж байгаа нь илт анзаарагдахгүй.
Эрчүүдийн хувьд хүлээн зөвшөөрөх дургүй өөрчлөлтүүдийн тоонд амьдрал, сэтгэл зүйн тогтворгүй байдал, хямрал, эрүүл мэнд суларч өвчлөл нэмэгдэх, насжилтын асуудлууд багтана. Эхнэр нөхөр хоёулаа сөрөг сэтгэл хөдлөлөө удирдаж чадахаа байвал гэр бүлийн амьдрал тогтворгүй болох аюултай. Нас ахихын хирээр эрэгтэйчүүдийн 47 хувьд нь бэлгийн чадавх өөрчлөгдөх эсвэл бэлгийн сонирхол буурах өөрчлөлтүүд ажиглагдаж бэлгийн харьцаанд харьцангүй цөөн ордог болдог. Гэхдээ эр хүн үүндээ дасаж, байх ёстой юм гэж орхих шаардлагагүй. Олон жил нандигнан бүтээсэн амьдрал болон хайраа хамгаалж гэр бүлийн болон дотно харьцаандаа эрч хүч нэмэх хэрэгтэй. Энэ эрч хүчийг зөвхөн бэлгийн харьцааны тоо давтамжаар бус дотно харилцах харьцаа, эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэхийг эрмэлзэж, тохиолдсон саадыг хүлээцтэй, хамтдаа даван туулж байж гэрлэлтээ хамгаалж, харилцаагаа аварч үлдэх бололцоотой байдаг. Нөхөр нь халамжтай, түшигтэй эмэгтэйчүүд цэвэршилтийн шилжилтийн үеийг илүү хялбараар даван туулдаг. Эхнэр аз жаргалтай байхад нөхөр аз жаргалтай байдаг.
Гэрлэлт олон жилээр үргэлжлэх тусам гэрлэлтээ хамгаалахын тулд тогтмол өөрчлөлт хийж байх хэрэгтэй. Гэр бүлийн амьдралаа аз жаргалтай байлгахад эхнэр, нөхөр хоёулаа хувь нэмрээ оруулах учиртай.
Эр хүн та гэр бүлээ хамгаалахын тулд:
- Түүнийг сонс. Түүнийг бүү шүүмжил, засах гэж бүү оролд.
- Урсгалыг дага. Ааш араншингийн огцом өөрчлөлт байж болзошгүй гэдэгт бэлэн бай.
- Өр нимгэн байж, түүнийг ойлгох гэж оролд (түүнийг хүлээн зөвшөөр, засах гэж оролдох хэрэггүй)
- Романтик бай. Шалтгаангүйгээр түүнд цэцэг бэлэглэ, оройн хоолонд урьж бай. Хайртайгаа ямар нэг хэлбэрээр мэдэгдэж бай, түүнд илүү анхаарал хандуул.
- Түүнийгээ тэвэрч энхрийлж бай. Түүнд хайраа илэрхийлж, ямар үзэсгэлэнтэй болохыг нь сануулж байгаарай. Аз ивээж сэрлийг нь нэмэгдүүлж магадгүй. Үгүй бол зөв талаас нь ойлго.
- Хэрэв таны бэлгийн сонирхол үгүй бол оронд нь хамт дэлгүүр яв (тэр таныг бүр их хайрлах болно)
- Зөв хооллож болон дасгал хөдөлгөөн хийх бололцоог нь олгож дэмжлэг үзүүл. Түүнтэй хамт дасгал хийх, явган явах, хүнсний дэлгүүрээс эрүүл шинэ хүнс хайж олоход нь туслаарай.
- Түүнд илэрч буй цэвэршилтийн шинж тэмдгүүдийг үл тоомсорлож болохгүй. Энэ тухай ярилц. Түүнд ямар дэмжлэг хэрэгтэй байгааг асуу.
- Цэвэршилтийн шинж тэмдэг, бэлгийн дуршил буурах болон сэтгэл санааны тогтворгүй байдлын талаар мэдээлэл олж өгч, эмчээс зөвлөгөө авахыг түүнд санал болгох.
- Дээр дурдсан аргууд бүтэлгүй бол хэсэг хугацаанд чимээгүй бай. Магадгүй эхнэрт тань уурлаж буй байдалдаа дүгнэлт хийж, төвлөрөх өөриийн орон зай хэрэгтэй байгаа.
Эмэгтэй та гэр бүлээ хамгаалахын тулд:
- Цэвэршилтийн шинж тэмдгүүдийг анхааралтай ажиглаж, тохирох эмчилгээний сонголтын талаар эмчээс зөвлөгөө ав.
- Амьдралын эрүүл хэв маягийг мөрдлөг болго. Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж, шим тэжээлтэй зөв хүнс хэрэглэхийг ичээ. Хоолныхоо хэмжээг анхаараарай.
- Нөхөртэйгөө байнга ярилцаж бай. Түүнийг өөрөөсөө бүү түлх, танд юу хэрэгтэй байгаагаа түүнд ойлгуул. Таны өөрчлөгдөж байгааг хараад тэр яаж туслахаа мэдэхгүй байгаа, барьц алдаж магадгүй.
- Нэг нэгийгээ дэмжих нэг баг болж ажлаарай
- Гоо сайхандаа илүүтэй анхаардаг бол
- Гэр бүлийн харьцаа чинь хүндрэлтэй болсон бол ганцаар байлгүй, дотны найз болон хамаатантайгаа ярилц.
- Бэлгийн харьцаагаа өөрчлөн, шинэлэг оролдлогуудыг таатайгаар хүлээж ав.
- Үтрээ хуурайшсанаас шалтгаалан бэлгийн дуршил буурсан бол тохирох эмчилгээний сонголтын талаар эмчээс зөвлөгөө аваарай. Дааврын болон дааврын бус эмчилгээний олон сонголт байдаг.
- Өөрөө өөрийгөө халамжил.
- Эерэг хандлагаа хадгалж үлдэх
Бие биетэйгээ чөлөөтэй харилцаж, хэрэгцээг нь ойлгож, амьдралдаа романс нэмж, хайр хийх олон аргуудаас тохируулан хэрэглэж чадвал та хоёрын гэрлэлт цэвэршилтийн үеийг туулан гарч чадна.
Нэгдмэл нэг баг болж, нэг зүгт харж чадвал эрүүл бөгөөд дотно харилцаа тань насан туршид ч үргэлжлэх боломжтой. Амьдрал зогсолтгүй хувьсан өөрчлөгдөх бөгөөд гэрлэлт ч мөн ялгаагүй өөрчлөгддөг. Та хоёрын харилцаа шилжилтийн үеийг дайран өнгөрнө гэдгийг ухамсарлаж, түүнд бэлэн байгаарай. Энэ нь уур амьсгал хүндрэх, хөрөх, хүнд хэцүү үеүдэд танд тус болно.
Нас ахих жам эрэгтэй, эмэгтэй хүмүүст хоёуланд нь тохионо. Хэрвээ та мэдээлэлтэй, бэлтгэлтэй байвал таны гэрлэлт цэвэршилтийн үеийг даван туулж чадна. Сайн харилцаа бүхий хайрын холбоо нь ямар ч насанд гэр бүлийн амьдралыг хүчирхэг болгодог.
Сайхан эмэгтэйн жаргалтай инээмсэглэлийн ард
Сайн ханийн хайр халамж ноён нуруу байдаг
Сүрлэг эрчүүдийн амжилт ялалтын оргил бүхний ард
Хүчирхэг эмэгтэйн итгэл зүтгэл хатан ухаан бий…