ХӨХНИЙ ХОРТ ХАВДАР
Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн адил хөхний хорт хавдартай болох эрсдэлтэй байдаг шалтгаан нь эрэгтэй хүн бүр жижиг ч гэсэн хөхний булчирхайтай байдагт оршино. Эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдар эрэгтэйчүүдийнхээс даруй 100 дахин илүү олон тохиолддог ч жил бүр ямар нэг хэмжээгээр эрэгтэйчүүдэд оношлогдож байгаа ба ихэвчлэн 60 наснаас дээш насанд тохиолдоно. Хөхний хавдартай эрэгтэйчүүд үл тоох эсвэл санаа зовдгоос эмчид хандалгүй оройтсоноос эмчлэгдэх боломжтой үеийг өнгөрөөж өөрийгөө аврах боломжийг бууруулдаг. Харин оношлогдож эмчлэгдсэн байхад хөхний хорт хавдраар өвчилсөн эрэгтэйчүүдийн 73 % нь амьд үлддэг.
Эрэгтэйчүүд яагаад хөхний хорт хавдартай болдог вэ?
Яг тодорхой шалтгаан мэдэгдээгүй байгаа. Гэсэн ч хөхний хорт хавдраар өвчилж байсан гэр бүлийн түүхтэй байх, эстроген дааврын өндөр түвшин болон цацраг туяаны өртөгдөх шалтгаанаар хөхний хорт хавдарт өртөх эрсдэл ихэсдгийг судлаачид олж тогтоосон.
Хөхний хорт хавдартай болсноо эрэгтэйчүүд хэрхэн мэдэх вэ?
Хамгийн түгээмэл шинж тэмдэг бол хөхний орчимд зангилаа үүсэх. Мөн хөхний хэмжээ болон хэлбэр өөрчлөгдөх, гадаргуугаар тууралт, шархлаа үүсэх, хөхний толгой дотогш эргэх, шингэн ялгарах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Оношилгоо эмчийн үзлэг болон шинжилгээгээр батлагддаг.
Эмчилгээ
Хөхний хорт хавдар нь эмэгтэй болон эрэгтэй хүнд адил эмнэлзүй болон явцтай байдаг тул эмэгтэйчүүдэд хийгддэгийн адилаар мэс заслын аргаар хорт хавдрыг авах, дааврын, химийн болон туяаны аргаар эмчилнэ.
Эрэгтэйчүүд хөхний хорт хавдраас хэрхэн сэргийлэх
Үл исэлдүүлэгч нэгдлүүд (антиоксидант) дархлааны тогтолцоог бэхжүүлдэг. Анар болон таван хошуу жимс нь С болон Е антиоксидантаар баялаг. Биеийн хүч шаардсан, өндөр ачаалалтай дасгалууд түр хугацаагаар дархлааны тогтолцоог сулладаг. Булчингийн ачаалал авдаг хөдөлгөөн хийдэг бол антиоксидант агуулсан хоол хүнс болон амин дэм, тэжээлийг хэрэглэдэг байх нь зүйтэй.
ЭР БЭЛЭГ ЭРХТЭНИЙ ҮРЭВСЭЛТ ЭМГЭГ
Эр бэлэг эрхтэн бэлгийн хавьтлын бус замаар үрэвсэх тохиолдол элбэг байдаг.
Ямар учраас эрэгтэй хүнд тохиолддог вэ?
Ихэнх хүн Candida Albicans fungus мөөгөнцрийн хэлбэрийн идэвхгүй хэлбэрийг тээж явдаг ба тэдгээрийн идэвхжлийг гэдэсний ашигтай бичил биетүүд дарж чаддаг. Гэвч хүчтэй эм тариа, антибиотик эмчилгээ болон биеийн дархлааны тогтолцоо суларснаас гэдэсний ашигтай бактерийн хэмжээ багасч, мөөгөнцрийн халдварын биетүүд идэвхжин үрэвслийн эх үүсвэр болох чадалтай болно.Гэдсэнд үржсэн мөөгөнцрийн халдвар эмэгтэйчүүдийн үтрээ рүү нэвтрэн эрэгтэйчүүдэд бэлгийн харьцаагаар халдварлагдах, эрэгтэйчүүдийн өөрсдийн дархлааны тогтолцоо суларснаас мөөгөнцрийн халдвар амархан үрждэг зэрэг олон шалтгаанаар эрэгтэйчүүдийн бэлэг эрхтний үрэвсэл үүсдэг.
Эрэгтэй хүн халдвар авснаа хэрхэн мэдэх вэ?
Үрэвсэл идэвхжсэн байхад эр бэлэг эрхтэний үзүүр улайж үрэвсэх (баланит үрэвсэл), загатнах, шархлах мөн арьсны нугалаасан дор үрэвслийн салс хуримтлагдан эвгүй үнэр үнэртэх зэрэг шинж тэмдэг илрэх бөгөөд зөв тохирсон эмчилгээ хийхийн тулд шинжилгээ өгч эмчид хандах хэрэгтэй.
Хэрхэн эмчлэх
Үрэвслийн нянгийн хэлбэрт тохирсон тосон түрхлэг үрэвслийн стероид төрлийн тос хэрэглэнэ. Үрэвслийн идэвхжлийг дарсны дараа дахин сэдрэхээс хамгаалж ариун цэврийг сайн сахихыг нэн чухалчлах ба давстай бүлээн усаар угаах хэрэгтэй. Байгалийн гаралтай эмийн ургамал болон амин дэмээр дархлаагаа бэхжүүлэх урьдчилан сэргийлж байх нь зүйтэй.
Мөөгөнцрийн үрэвслээс сэргийлэхийн тулд гэдэсний ашигтай бактерийн тэнцвэрийг хадгалах нь эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд аль алинд нь чухал байдаг. Мөөгөнцөр нь чихэрлэг зүйлээр хооллодог учраас сахарын хэрэглээг багасгаж, нүүрс усны төрлийн гурилан болон цардуул ихтэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг багасгах хэрэгтэй.Үрэвслийн идэвхжилтэй байхад эмчилгээ дуустал бэлгийн хавьтлаас татгалзах хэрэгтэйг анхаарна уу.
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ
Яагаад эрэгтэйчүүд ясны сийрэгжилтэнд өртдөг вэ ? Ясны эдийн эрүүл мэнд болон солилцоонд харшаар нөлөөлөх бүх хүчин зүйл эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдэд адилхан яс сийрэгжихэд хүргэнэ. Таван эрэгтэй бүрийн нэг нь ясны сийрэгжилтийн улмаас ясны бэртэл гэмтэл авдаг нь ажиглагдсан.
Яагаад эрэгтэйчүүд ясны сийрэгжилтээр өвчилдөг вэ?
Ясны сийрэгжилттэй эрэгтэйчүүдийн талд нь өвчний шалтгаан тодорхой бус байдаг ч ихэнх тохиолдолд кальцийн дутагдлын шинж тэмдэг илэрдэг. Ясны аливаа эмгэг ихэнх тохиолдолд удам дамжсан байдаг ч эрэгтэйчүүдийн насжилтын явцад тохиолдох эр бэлгийн тестостерон дааврын түвшин багасах, амьдралын буруу хэв маяг, архи хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах зуршил, хоол тэжээлийн болон амин дэмийн дутагдлаас ясны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх олон эрсдэлийг дагуулдаг. Хоол боловсруулах эрхтэнүүдийн эмгэгээс эрдэст бодисыг шингээх боломжгүй болдог нь ясны сийрэгжилтийн эх үүсвэрийн тодорхой хувийг эзэлдэг.
Эрэгтэйчүүд ясны сийрэгжилтийг хэрхэн илрүүлэх вэ?
Тодорхой зовиур болон шинж тэмдэг илэрдэггүй тул бэртэж гэмтсэний дараа мэддэг.
Залуу насанд яс амархан хугардаг, өсөхгүй байх нь ясны сийрэгжилт байж болзошгүйг анхаарч оношлуулахад анхаарах хэрэгтэй.
Хэрхэн эмчлэх.
Эмэгтэйчүүд ясны сийрэгжилтийн шалтгаан даавар буурсантай холбоотой байдаг тул бэлгийн даавар орлуулах эмчилгээ шаардагддаг. Дааврын эмчилгээнээс бусад эмчилгээ нь эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд ерөнхийдөө адил бөгөөд ясны эдийн солилцоог дэмжих бисфосфонат бүлгийн эмчилгээг жорын дагуу эмчлэн, кальци ба витамин Д амин дэм агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх заалттай байдаг.
Ясны сийрэгжилтээс хэрхэн сэргийлэх
Кальцийн эрдсийг дангаараа хэрэглэхэд ясны эрдсийг нөхөж чаддаггүй. Кальци ясны солилцоонд оролцоход Д амин дэм болон магни хэрэгтэй байдаг. Магни нь стрессийн их ачаалалтай үед хэт их хэмжээгээр хэрэглэгддэг тул стрессийн ачаалалтай байхад асуудалтай болдог. Иймээс кальци, магнийн эрдэстэй нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж ясны сийрэгжилтээс хамгаалахад тусална. Жингийн ачаалалтай дасгал ясанд хүргэх цусан хангамжийг нэмэгдүүлж ясыг бэхжүүлдэг. Давс, кафейн болон амьтны уураг хэрэглэх нь цусны хүчил шүлтийн тэнцвэрийг илүү хүчиллэг болгох тул түүнийг тэнвэржүүлэхээр яснаас кальци хэрэглэгдсэнээр яс сийрэгжин үлддэг байна.
ХООЛНЫ ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭЭ
Эрэгтэйчүүд яагаад хоолны зохистой хэмжээг тохируулж чадахаа больдог вэ? Эмэгтэйчүүд бодисын солилцооны алдагдал болон сэтгэл санааны хямралаас чихэрлэг, гурилан бүтээгдэхүүнд хорхойсдог болдгийн адил эрэгтэйчүүд мөн ажил амьдралын дарамт болон эрэгтэй физиологи ба удамшлын онцлогийн улмаас хэрэглэх хоолныхоо хэмжээг хязгаарлаж чадахаа больдог. Арван эрэгтэй тутмын нэгд нь уг шинж тэмдэг илэрдэг.
Эрэгтэйчүүд яагаад хоолыг зохистэй хэмжээгээр хэрэглэж чадахаа больдог вэ?
Бүх асуудал, сэтгэл санаа хямралыг хоол идэж тайвширдаг зуршилтай болдгоос эхэлдэг. Эсрэгээр, зарим эрэгтэйчүүд хоолонд хатуу дэглэм нэвтрүүлснээр амьдралын шинэ дэлэмтэй болж өөрчилж чадна гэсэн үнэмшилтэй болдгоос хоолны хатуу дэглэм барьдаг (анорексия) болно. Хоолныхоо хэмжээг хязгаарлаж чадахгүй байх эсвэл хооллолтыг хатуу дэглэмээр хорьдог болох, аль ч зуршилд эцсийн дүнд сэтгэл санааны дарамт шийдэгдээгүй байхад идэх хоолны хэмжээгээ зохицуулж чадахаа болих шалтгаан хэвээрээ үлддэг.
Хоолныхоо хэрэглээг хянаж чадахаа больсныг хэрхэн мэдэх
Анорексия буюу хоолноос татгалздаг эмгэгтэй хүмүүс үргэлжид цатгалан мэдрэмжтэй байх бөгөөд хэт их турах, сульдах, толгой эргэх, нойргүйтэх, ходоод гэдэс хямрах зэрэг асуудлуудтай тулгардаг. Булимия хэлбэрийн хоол хорьдог нь хоолыг хэтрүүлэн их хэмжээгээр идсэн хирнээ идсэндээ харамсаж бөөлжиж эсвэл туулга хэрэглэж гаргадаг гаж зуршилтай болдог. Их хэмжээгээр хоол идэж тайвширдаг, тааламж авдаг, эсвэл үүний эсрэгээр хоолоо хязгаарлаж амьдралаа хянах гэдэг аль ч хооллолтын эмгэгийн эх үүсвэр нь сэтгэл санааны хямрал, дарамтын улмаас үүсэх сэтгэцийн эмгэг гэж үзэж болно.
Хооллолтын эмгэгийг анагаахад амьдралын стресс болон дарамтын хүчин зүйлийг шийдэх нь нэн чухал ба үүний хажуугаар Ацидофилус пробиотик (ашигтай бактери), Oмега-3, олон төрлийн амин дэмээр баялаг хоолны дэглэмтэй байвал бие махбодид шаардагдах тэжээлийг авч чадна.
Эрэгтэйчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй бөгөөд эмчдээ тогтмол үзүүлж гарч болзошгүй эрүүл мэндийн эрсдэлээс өөрийгөө урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Аливаа зовиур, ер бусын шинж тэмдгүүдийг сайн анзаарч хянадаг байвал зүрх судасны өвчин, чихрийн шижин болон хорт хавдрыг эрт үе дээр илрүүлэх боломжтой ба эмчилгээ нь хамгийн сайн үр дүнг үзүүлдэг.