Хавдар яагаад үүсдэг вэ?

Бидний бие олон тэрбум эсээс бүрддэг бөгөөд биеийн эрхтэн тус бүр өөрийн өвөрмөц  төрлийн эсээс бүрдэнэ. Жишээлбэл: арьсны эсүүд элэгний эсээс хэлбэр үйл ажиллагаагаараа ялгаатай байдаг.

Эс бүрт өөрийн генетикийн мэдээллийг агуулсан ДНХ \дезоксирибо нуклейн хучил\ байдаг ба энэ нь эсийн хэлбэр болон гүйцэтгэх үүргийг тодорхойлж, зааварчилга өгч байдаг.
Бидний бие хөгшин эсвэл гэмтсэн эсийг орлуулж шинэ эс бий болгодог. Ингэхийн тулд эсийн ДНХ дахин хуулбарлагдан шинэ эсэд үйл ажиллагааны мэдээллийг дамжуулан  хоёр болон хуваагддаг. Эсийн хуваагдлын процесс тасралтгүй үргэлжлэх ба нэг эс нэг дор олон хуваагддаг байж болно.

Эсийн хуваагдал хэвийн явагдаж, ДНХ нь гэмтэлгүй хуулбарлагдаж байгаа нь тогтмол хянагдаж байдаг. Хуваагдалд алдаа гарсан байвал алдаатай эс устгагддаг.
Гэвч зарим тохиолдолд шалгах процесст өөрт нь  алдаа гарч шинээр үүссэн эс устгагдалгүй алдаатай ч үйл ажиллагаагаа явуулсаар байдаг. Буруу ДНХ-ийн мэдээлэлтэй эс \мутацитай эс\ эд эрхтний үйл ажиллагаанд онцгой хор хөнөөл өгөлгүй үйл ажиллагаагаа явуулаад байж болох ч гэсэн зарим гадны нөлөөллийн уулмаас эсийн буруу хувирал гүнзгийрсээр эсийн солилцоо болон үйл ажиллагаа нь удирдагдахаа больж, асар хурдтайгаар буруу хувиралтай олон эс болон хуваагдаж хавдрын эд бүрдэж эхэлдэг.

Гэхдээ бүх хавдар хортой биш. Хавь орчмын эдэд нөлөөлдөггүй, бие даасан хавдрыг хоргүй хавдар гэнэ. Хоргүй хавдарт эмчилгээ шаардлагагүй, хянаж байхад хангалттай.
Хэрвээ хавдрын эсүүд хавь орчмын эсийн хуваагдлыг гэмтээн хувиргаж эд эрхтний үйл ажиллагааг сатуулж эхэлбэл уг хавдар хорт хавдар болж хувирна. Хорт хавдар хурдтай өсч өөр эрхтэн тогтолцоонд тархаж амь насанд ч халтай байж болох тул яаралтай  эмчилгээний арга хэмжээ авах хэрэгтэй.

Хорт хавдар үүсэх нөхцөл болон шалтгаанууд

Одоогоор 200 гаруй төрлийн хорт хавдар байдгийг тодорхойлсон байгаа. Хорт хавдрын хувирал ямар ч төрлийн эдэд эхлэх боломжтой. Гэхдээ тодорхой эд эсийн онцлогоос шалтгаалж гадны олон нөлөөлөлд ялгаатай байдаг.  Биеийн тухайн эдэд нөлөөлсөн нөлөө өөр эдэд нөлөөлөхгүй байж болно. Жишээлбэл: Амьсгалаар нэвтрэх тамхины утаа уушигны эдийн хорт хавдар үүсгэх боломжтой бол нарны хэт ягаан туяа нь арьсны хорт меланома үүсгэх боломжтой. Нар уушигны хорт хавдар үүсгэхгүй, тамхи татсанаар арьсны меланомад нөлөөлөхгүй. Гэхдээ ихэнх хорт хавдрын үүсвэрт нэг дор хавсарсан олон хүчин зүйл нөлөөлсөн  байдаг. Цорын ганц шалтгааны улмаас хорт хавдар үүснэ гэж байдаггүй. Доор тайлбарлсан хорт хавдрын хүчин зүйлүүдтэй танилцаж зохих арга хэмжээ авч, хорт хавдрын эрсдлээ багасгана уу.

  • Хорт хавдар үүсгэгчид (карциноген)

Хорт хавдар үүсэхэд шууд нөлөөлдөг хүчин зүйлийг карциноген гэнэ. Тамхи бол их хүчтэй карциноген юм. Гэхдээ тамхи татдаг хүн бүр уушигны хорт хавдартай болдоггүй ба бусад хүчин зүйл хавсарсан байж хавдрын нөхцөл бүрдэнэ.

  • Нас

Нас ахих тусам хавдрын эрсдэл илүү болдог. Хэвийн үед эсийн хувирал эхэлснээс хойш хорт хавдар болон хувирах хүртэл процесс нь удаан явцтай байдаг. Насжихын хирээр эсийн хуваагдал удаашран гэмтэлтэй ДНХ-ийн эсийн тоо олноор хуримтлагдаж эхэлдэг. Үүн дээр нэмээд өвчлөл, хортой нөхцөл, хариуцлага нэмэгдсэн амьдралын ачааллын стресс нэмэгдэн, генийн алдаа гарах тохиолдол нэмэгдсээр байдаг.

  • Генетик

Эсийн дотор нэг дор генийн олон мутаци явагдаж байж хавдрын эс болж хувирдаг. Заримдаа хүмүүс төрөлхийн эсийн мутацитай төрдөг. Гэхдээ тэдгээр хүмүүс шууд хорт хавдартай болохгүй ч амьдралын явцад тохиолдох цөөн тооны хүчин зүйлээс л хорт хавдартай болох илүү өндөр эрсдэлтэй байдаг.

  • Дархлааны тогтолцоо

Сул дархлааны тогтолцоотой хүмүүс хорт хавдартай болох магадлал өндөр байдаг. Дархлаа сул хүмүүс халдвар болон үрэвсэлд илүү өртөмтгий байж үрэвслийн улмаас эсийн хуваагдал хурдасч эхэлдэг. Хурдассан эсийн хуваагдал нь генийн алдаа гаргах магадлалыг ихэсгэж лимфома \тунгалгийн булчирхайн хавдар\ үүсгэх боломж болдог.

  • Тамхи татах, илүүдэл жин, хоолны буруу дэглэм, хөдөлгөөний дутагдал

Ихэнх хорт хавдрын тохиолдол архи тамхины зохимжгүй хэрэглээ, зохимжгүй хооллолт, илүүдэл жинтэй холбоотой байдаг. Бид ихэнхдээ мах идэж, жимс ногоо хангалтгүй хэрэглэснээс хорт хавдрын эрсдлийг ихэсгэдэг.

  • Агаарын бохирдол болон орчин

Өдөр тутмын агаарын бохирдол болон хортой нөхцөл нь хорт хавдарт нөлөөлж болно. Эдгээрт:

  • Тамхины утаа
  • Хэт хурц нарны хэт ягаан туяа
  • Байгалийн болон үйлвэрлэлийн цацраг
  • Ажлын газрын осол
  • Үйлвэрлэлийн тоосонцор
  • Вирус

Вирусын халдварын улмаас хавдрын эрсдэл нэмэгддэг. Гэвч хорт хавдар нь вирусын халдвар шиг халддаг гэсэн үг биш. Вирусын төрлийн бичил биетүүд эсийн  доторх генийн өөрчлөлтөнд нөлөөлж чадахуйц үйлдэлтэй байдаг ч зөв холлолт, дасгал хөдөлгөөн болон амьдралын стрессгүй хэв маягийг бүрдүүлснээр вирусын бичил биет эсийн хуваагдалд нөлөөлөхөөс хамгаалах дархлааг дэмжиж өгдөг.

Дараах хорт хавдрууд вирусын гаралтай байдаг:

  • Умайн хүзүүний ба бусад бэлгийн замын болон шулуун гэдэсний амсар орчмын хорт хавдар Нuman Рapilloma Virus-ын үүдэлтэй байдаг (HPV).
  • Элэгний анхдагч хорт хавдар B болон C вирусын үрэвслийн гаралтай байдаг.
  • Лимфома буюу тунгалгийн булчирхайн хавдар Ефштэйн-Бар нэртэй вирусээс.
  • Насанд хүрэгчдийн цусны T – эсийн лейкомиа хавдар T эсийн лейкомиа вирусны үрэвслээс

Вирусын халдвар аваагүй хирнээ төрөлхийн элэгний хорт хавдар эсвэл цусны өвчтэй төрсөн байх тохиолдол байдаг. Эдгээр хүмүүс халдвар авсан тохиолдолд хорт хавдрын явц нь хорт идэвхжилтэй явагдах эрсдэлтэй байдаг. Мөн вирусын халдвар авсан ч дархлаа сайтай байхад хорт хавдрын голомт үүсэх нөхцөлгүй байдаг. Амьдралын таагүй хэв маяг болон хортой орчны бусад хүчин зүйл хавсарсан байж вирус үржих нөхцөл бүрдэж, хорт хавдрын эх үүсвэр бий болно.

  • Бактерын халдвар

Өнөөдрийг хүртэл бактерын халдварыг хорт хавдар үүгэгч гэж үздэггүй байсан. Гэвч  ходоодны хеликобактеритай (H.pylori) хүмүүс ходоодны ханын улайлттай болох улмаар ходоодны хорт хавдрын суурь  өвчин болдгийг олон судалгаа харуулсан. Хеликобактерын халдвар антибиотик эмчилгээнд бүрэн эмчлэгдэх бололцоотой.

Үүний хамтаар гэдэс ходоодны замаар нэвтэрсэн бактерын ялгарлын нөлөөгөөр гэдэсний хорт хавдар эсвэл ходоодны лимфома үүсдэг эсэх талаар судалж байна. Хэрвээ бактер хорт хавдрын эх үүсвэр гэдэг нь ажиглагдах юм бол бактерын халдварыг  антибиотикоор эмчилж хавдрын эрсдлийг бууруулж болно.

Урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн ач холбогдол

Урьдчилан сэргийлэх үзлэг гэдэг нь аливаа өвчлөлийн шинж тэмдэггүй байхад тодорхой өвчлөлийг эрт үед нь илрүүлэх зорилгоор хийгддэг шинжилгээ болон үзлэг юм. Нэг жишээ хэлэхэд: хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээгээр хорт хавдрыг эмчлэгдэх бололцоотой эрт үед нь илрүүлэх зорилгоор хийгдэнэ. Зарим тохиолдолд хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх магадлалыг нэмэгдүүлэх зорилгоор урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний хүрээг нэмэгдүүлэх шаардлага гарна.

Олон төрлийн хорт хавдар байдаг. Тодорхой нэг төрлийн хавдрыг илрүүлэхийн тулд зөвхөн тухайн хавдрыг таньдаг шинжилгээ сорил шаардагдана. Ийм учраас нэг удаагийн шинжилгээгээр бүх хавдрыг эрт шатанд илрүүлэх боломжгүй байдаг ба баталгаатай илрүүлдэг сорил өнөөгийн байдлаар хараахан боловсруулж амжаагүй байна.

Хичнээн удамшлаар дамжсан эсийн генийн мэдээллийг өөрчилж чадахгүй, ажил амьдралын нөхцөл байдлыг хүссэнээр өөрчлөх боломжгүй байдаг ч хүн бүр өөрийгөө хянаж, хавдрын эрсдлийг бууруулах амьдралын зөв хэв маягтай байхыг зорьж урьдчилан сэргийлэх үзлэгт алгасалгүй ордог байхад хорт хавдрын эрсдлийг хэн бүхэн бууруулж чадна.

Урьдчилан сэргийлэх сорил шинжилгээгээр эмч нар эндүүрэл болон буруу дүгнэлт гарахаас болгоомжилж давтан шинжилгээ хийлгэх тохиолдол гарна:

  • Хорт хавдар байхгүй боловч хавдартай байх магадлалтай гэж гарах – хавдар байгаа гэсэн алдаатай нотолгооноос зайлах зорилгоор давтан шинжилнэ \хуурамч эерэг хариу\
  • Байгаа хавдрыг оношлолгүй өнгөрөөх – хавдрыг үгүйсгэсэн алдаатай дүгнэлтээс болгоомжлон шинжилгээг давтах \хуурамч сөрөг хариу\
  • Үзлэг шинжилгээ нь хялбар хийгдэж үзлэгт орж байгаа хүнд таатай болон ойлгомжтой бүх нөхцлийг бүрдүүлсэн байж шинжилгээ явуулдаг байх
  • Шинжилгээний зардал нь шинжилгээний ач холбогдлын хувьд нийцсэн байлгах \үзүүлэлт багатай боловч өндөр үнэтэй шинжилгээнээс зайлсхийх\

Хуурамч эерэг хариу нь их хэмжээний айдас, зовнил төрүүлнэ. Үүний улмаас хавдаргүй хүмүүс шаардлагагүй байхад олон удаа үзлэгт орох шаардлагатай болгодог.

Өнөөдрийн байдлаар дараах хавдарт өөрчлөлтийг урьдчилан сэргийлэх шинжилгээгээр илрүүлэх боломжтой болсон байгаа: хөхний хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар.

Түрүү булчирхай болон өндгөвчний хорт хавдрыг эрт шатанд илрүүлэх сорилыг туршиж, хэрэгжүүлдэг болоход бэлдэж байна.

Мөн арьсны хорт хавдрын үүсгэврүүдтэй байж болох магадлалтай хүмүүс арьсны аливаа сэжигтэй үүсгэвэр, ургацаг, мэнгийг сайтар ажиглаж арьс өнгөний мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч байх шаардлагатай.

Амьдралын хэв маяг

Хорт хавдрын эрсдлээс өөрийгөө хамгаалах хүч таны гарт бүрэн байдаг. Магадгүй та өнөөдрийн бидний амьдралын ачаалал стресс, агаарын бохирдол, цаг агаарын эрс тэс уур амьсгалаас үүдэлтэй дархлаа сулрах, халдварт өртөгдөх магадлал өндөр байх зэрэг хэт олон шалтгаанаас өөрийгөө хорт хавдрын өндөр эрсдэлтэй байгаа гэсэн зовнилтой байгаа. Гэхдээ хүн бүр хавдартай болдоггүй. Тэгэхээр хэн хавдартай болж хэн эрүүл байдаг вэ? Тамхи, архины зохисгүй хэрэглээ, хүнд хоол хэтрүүлэн хэрэглэх зэрэг бүгд хорт хавдрын эрсдлийг ихэсгэдэг. Адилхан орчинд амьдардаг хирнээ өөрсдийгөө илүү арчилдаг хүмүүсийн эрүүл мэнд мэдэгдэхүйц сайн байдаг нь илт харагдана. Зөв хооллож, идэвхтэй байсны улмаас биеийн жингээ хэвийн хэмжээнд барьснаар хамгийн элбэг тохиолдох хорт хавдрын эрсдлийг гурав дахин багасгах бололцоотой.

Та дараах зарчмыг баримталбал өөрийгөө хавдраас хамгаалах амьдралын бодит алхам хийж чадна:

  • Хэвийн жинтэй байхыг хичээх
  • Өдөр бүр тогтмол бөгөөд дор хаяж 30 мин идэвхтэй хөдөлгөөн хийх
  • Илчлэг ихтэй хүнсний хэрэглээг хязгаарлах (их өөх тостой мөн/эсвэл их сахартай) ба чихэрлэг ундаа, чихэрлэг цайнаас татгалзах.
  • Олон төрлийн ногоо, жимс хэрэглэх, бүхэл үрийн буудайн гурил болон вандуйны төрлийн ногоо хэрэглэх.
  • Улаан махны хэрэглээг багасгах (үхрийн мах, гахайн мах, хонины мах) мөн дахин боловсруулсан хиам, жигнэсэн махнаас татгалзах.
  • Архи, спиртийн хэрэглэээг шаардлага гарвал өдөрт эрэгтэй хүн хоёр нэгж \100г\, эмэгтэй хүн нэг нэгж \50г\-аас хэтрүүлэхгүй байхаар хязгаарлах
  • Давсны хэрэглээг багасгах \сод багасгах\

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »