Өглөө сэрээд, амьдрал маань ердөө энэ гэж үү хэмээн гонсойж хэвтэх тохиолдол танд гарч байсан уу? Амьдралаасаа илүү их зүйлийг хүсч, тэмүүлдэг үү? Таны амьдрал дутуу зүйлгүй – үнэнч хань,үр хүүхдүүд, албан тушаал гэх мэт бүгд байх авч, ямар нэг зүйл үгүйлэгдэх мэдрэмж төрөөд байдаг байж болно. Үгүйлэгдээд байгаа зүйлээ яаж олж мэдэх вэ? Амьдралынхаа гол утга учрыг олно гэдэг нь хамгийн нандин хүсэл болон хүрэх жинхэнэ зорилго хоёроо нэгтгэн нэг чиглэлд байлгаж чадах явдал юм.
Зорилгодоо хүрэх өөрийн жимээр яв.
Бид өөртөө тохирох эсэхийг бодолгүйгээр тодорхой албан тушаал, дотно харьцаа, эд хөрөнгө, хамт олон болон хобби сонирхлын араас хөөцөлддөг. Зөвхөн тэр зорилгын төлөө явсаар өөрийнхөө өвөрмөц бодит “би”, өөрийн жинхэнэ хүсэл тэмүүллээс холдсоор байдаг. Ажил амьдралын маш олон бололцоо болон сонголт байхад ямар учраас хүмүүс хүсэл эрмэлзлэлээ авч хэлэлцэхгүйгээр зөвхөн хүрэх зорилгын төлөө амьдрах болсон байдаг юм бол? Сонголт хийсэн ч хүссэн амжилтанд хүрч чадна гэсэн баталгаа байхгүй. Эрсдэлтэй сонголт хийж алдаж байснаас эцэг эхийн хэлсний дагуу, бусдаас сонссон, номноос уншсан эсвэл хэвшил болсон баталгаатай замаар явах нь эрсдэл багатай байдаг. Гэвч бид баталгаатай хэмээн нэгэн хэлбэрийн зам туулах тэдгээр хүмүүсээс ялгаатай тул хэвшсэн амьдралд нь шингэж чадахгүй бухимдаж явах нь элбэг тохиолдоно. Энэ нь ихэнхдээ бидний хийж байгаа зүйл болон хийх ёстой зүйл хоорондоо таарахгүй байдгаас үүдэлтэй. Энэ нь бид үүнийг хийх л ёстой гэж бодож хэрэгжүүлсэн ч дотроо бухимдаж “Энэ миний амьдрал биш. Жинхэнэ амьдрал бол үүнийг орхиод сонирхсон зүйлээ хий ” гэж сэтгэлээ хоёрдуулж байдаг.
Олон хүмүүс эцэг эх болон бусдын ятгалгаар хуульч, эмчийн мэргэжлийг сонгож, гэр бүлтэй болон хүүхэд төрүүлж, байр худалдан авч, өөр нэг тийшээ аялж байдаг. Иймэрхүү шахалт бол эрт дээр үеэс хүмүүс нэгэн зорилгоор хамтдаа явбал амьд гарч хойч үеээ залгуулах илүү магадлалтай гэсэн бидний эволюцийн хөгжлийн үр дагавар юм. Бид нийгмийн нэг бүлгийн харьяалалд багтахын тулд бусдаар хүндлүүлж, хүлээн зөвшөөрөгдөх шаардлагатай бөгөөд магадгүй энэ бол хүний хамгийн хүчтэй өдөөгч, зоригжуулан хөдөлгөгч нь байж болох юм. Бусдаас салаад, бие даагаад өөр зүгт явах нь айдас хүргэм, эрсдэлтэй санагдаж болно. Та ганцаардлыг мэдэрсэн ч, бусдаар хүлээн зөвшөөрөгдөхийг хүснэ. Хүмүүс таны үйлдлийг ажиглаж байгааг ч мэдэрнэ. Хэрвээ тэд ч бас үүнийг хийж байгаа бол, энэ бол зөв зүйл. Харин үүнийг би ганцаараа хийж байгаа бол, зөв байж чадах уу?
30-40 нас хүрсэн хирнээ, хүмүүс өөрт тохирохгүй буруу замаар явж байгаагаа ухаардаг ч, үүнийгээ хэзээ ч ойлгож болно. Хүмүүс нэг газар, нэг байгууллагад олон жил үргэлжлүүлэн ажилласныхаа дараа “үхмэл” байдалтай болдог. Бидний ихэнх нь бусдад хүлээн зөвшөөрөгдөж хүндлүүлэхийн тулд танил биш салбарт өндөр цалинтай газар ажилд орох нь элбэг байдаг.
Хамгийн гол нь ажлын явцад элбэг тохиолддог түр зуурын бараан өдрүүд болон үнэхээр зайлшгүй нэг тийш шийдэх шаардлагатай гүн хямрал хоёрыг хооронд нь ялгаж сурах нь хамгийн ярвигтай зүйл байдаг. Бид ямар үед зайлшгүй өөрчлөлт хийх, эсвэл асуудлыг намжтал хүлээх шаардлагатай вэ? Хэрэв танд өдөр бүр хоосон мэт санагдаж, өглөө бүр ажилдаа явах гэж хүндрэлтэй босдог байвал үнэхээр амьдралдаа ямар нэг өөрчлөлт хийх хэрэгтэй болжээ гэсэн дохио болж байдаг.
Шинэ сонирхол хоббитой болох, ажлаа сольж өөрийгөө сорих, дотны харьцаа чинь хүндэрч эхэлвэл түр хугацаагаар холдож завсарлага авч болно. Тэгсний үр дүнд амьдралаа бүтэн эргүүлэн өөрчлөлт хийх үү, эсвэл тохиолдсон бэрхшээлийг түр зуурын багахан зүйл хэмээн тэвчээд өнгөрүүлэх нь зүйтэй юу гэдэгт хариу гарч ирнэ. Нэг сонголтыг нөгөөтэй нь харьцуулж, сайн муу талыг нь харьцуулан үзэх нь ашигтай. Эсвэл тантай адилхан нөхцөл байдалд орсон дотны найздаа хэрхэн зөвлөх байсныг өөрөөсөө асуугаарай. Та найздаа сонирхолгүй ажлаа хийсээр бай гэж хэлэхгүй л байсан болов уу. Бид бусдад зөвлөхдөө маш ухаалаг байдаг ч, өөртөө зөвлөхдөө тааруухан байдаг. Ажил бол бидний амьдралын нэг хэсэг төдий зүйл. Дасгал хийж, өөрийгөө тордож, сонирхол, хоббигоороо дамжуулан өөрийгөө хөгжүүлэх орон зай хэрэгтэйгээс гадна гэр бүл, найз нөхөддөө цаг гаргах нь чухал. Дотны харьцаа болон нөхөрлөл бол амьдралынхаа утга учрыг олох түлхүүр гэдгийг сэтгэлзүйч мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрчээ.
Заримдаа гэр бүл, ажил мэргэжил гэх мэт бидний амьдралд томоохон байр суурь эзэлдэг зүйлсийг өөрчлөхөд төвөгтэй байдаг ч, өөрчлөлтийг багаас нь эхлэж болно. Амралтаа авч аяллаар явах, найз нөхөдтэйгөө уулзаж, хамтдаа цагийг өнгөрөөх зэрэг байж болно.
Өөрийнхөө амьдралд хариуцлагатай ханддаг болохоос эхлэх нь зүйтэй. Таны өмнөөс хэн ч үүнийг хийхгүй шүү дээ. Сайн бодолгүй, сэтгэлийн хөдлөлөөр хийх үйлдлүүдээс болгоомжил. “Хангалттай! Би ажлаасаа гарлаа, эсвэл гэрээсээ явлаа. Ингэснээр байдал дээрдэнэ” гэж зоригтойгоор хэлээд цочмог өөрчлөлт хийх тохиолдолд ихэнхдээ нэг хүнд байдлаас нөгөө гарцаагүй байдал руу шилжсэн байдаг. Тиймээс эрс өөрчлөлт хийхээсээ өмнө сайтар судалж, аажмаар урагшлах нь хамгийн зөв сонголт юм.
Авах арга хэмжээ
Аливаа хүний сэтгэлийн гүнд нь уг хүнийг өдөөж хөдөлгөж байдаг хүчин зүйл байдаг боловч, чухам юу гэдгийг тодорхой мэдэхгүй явах тохиолдол их байдаг. Уг хүчин зүйлийг зөв тодорхойлох нь амьдралынхаа гол утга учрыг ойлгох хамгийн эхний алхам байж болох юм.
Бидэнд тохиолдох хамгийн эхний сорилт бол амьдралаас юу хүсч байгаа болон юунд өдөөгдөж байгаагаа ойлгох хэрэг юм. Маш олон хүн санасандаа хүрч ялалт байгуулах тухай бодож уг бодлоор зоригжиж явдаг. Харин ялалтанд хүрэхийн тулд хичээнгүй ажиллах он жилүүд, алдаа оноо, уналт, сэргэлтийг тэр болгон тооцож хардаггүй. Хэрвээ үнэхээр та ямар нэгэн зүйлд амжилд гаргахыг хүсвэл олон дахин удаа бүтэлгүйтэхэд бэлэн байх хэрэгтэй.
Өөрийг чинь өдөөж, дотроос чинь хөдөлгөж байдаг хүчин зүйлсийг танин мэдэх нь эхний сорилт болно. Намайг юу эрч хүчтэй болгодог вэ? гэж өөрөөсөө дахин дахин асуу. Санхүүгийн баталгаатай болох мэдрэмж үү, бусдад нөлөө үзүүлдэг чадвар уу? Эсвэл зөн совингоо дагах эрх чөлөө юу? Хүмүүнлэгийн ажил эрхэлж тусламж хэрэгтэй хүмүүсийн амьдралыг өөрчлөхийн төлөө хувь хэмэр оруулах уу? Бүх зүйлийг орхиод гэртээ байх нь танд тааламжтай байна уу? Бүх байдалд өөрийгөө оруулаад төсөөлөөд үз. Хүүхэд ахуй болон оюутан насандаа хийх дуртай, сэтгэлийг чинь хөдөлгөдөг байгаад одоо хийхээ больсон зүйлийг эргээд санаад үз. Та юунд үнэн сэтгэлээсээ итгэдэг вэ? Таны мөрөөдлийн амьдрал ямар байх вэ? Эдгээр асуултуудыг бодох явцад танд олон зүйл ойлгогдох болно. Хэрэв та өдрийг арай ядан өнгөрүүлж, өдрийн төгсгөлд хийх ажлаа гүйцээж чадсан ч сэтгэл ханамжгүй байвал та ажил амьдралдаа өөрчлөлт хийх шаардлагатай болжээ.
Хүнийг өдөөн хөдөлгөдөг дараахь нийтлэг хүчин зүйлүүд байдаг.
ТАНЫГ ЮУ ИДЭВХЖҮҮЛЭН ЗОРИГЖУУЛДАГ ВЭ?
Дараах хүчин зүйлүүдийг 10 хүртэлх оноогоор эрэмбэл хамгийн өндөр оноотой хүчин зүйл таныг хамгийн ихээр жолоодож, зорилго болон хүслийг тань нэгтгэж чадна.
МАТЕРИАЛЛАГ ХЭРЭГЦЭЭ: Эд хөрөнгө, баялаг, хангалуун амьдрал. Таны хувьд материаллаг хэрэгцээ чухал үүрэгтэй.
ЭРХ МЭДЭЛ/НӨЛӨӨЛӨЛ: Та удирдан, манлайлах дуртай. Удирдах нь удирдуулахаас илүү баталгаатай санагдана
АМЬДРАЛЫН УТГА УЧРЫГ МЭДРЭХ: Олны амьдралд хувь нэмрээ оруулж байгаагаа мэдрэх дуртай.
ОЛОЛТ АМЖИЛТ: Өндөр түвшний чадвар, мэдлэг шаардагддаг нарийн мэргэжлээр мэргэших нь таны хувьд маш чухал.
УРЛАН БҮТЭЭХ: Өөрийнхөө авьяас чадварыг ашиглан шинэ бүтээл гаргах дуртай. Шинэ санаа таныг идэвхжүүлдэг.
ХАМТРАН АЖИЛЛАХ: Та багаар ажиллаж, үзэл бодол нэгтэй хүмүүстэй хамтран ажиллах дуртай.
САНХҮҮГИЙН БАТАЛГАА: Та баталгаатай, тогтвортой ирээдүй бий болгохыг эрмэлздэг.
БАЙР СУУРЬ: Та хамтран ажиллагчид, гэр бүл, найз нөхөд, хөршүүд гэх мэт бусад хүмүүсийн анхаарлыг татаж, тэдэнд хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг. Амжилт бол таны хувьд маш чухал.
ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ ЗҮЙЛСИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ НЬ
Амьдрал бол мөнхийн өөрчлөлт шинэчлэлээс бүрддэг юм. Харин бид үргэлж таашаалтай бөгөөд шаардагдах хэрэгцээг бүрэн хангах баталгаатай амьдралыг бүрдүүлэх гэж зүтгэдэг. Хүссэн хэмжээндээ хүрмэгц, өөрөө үхэхгүй юм шиг бүтээсэн амьдралаа хадгалахын тулд бүхнийг хийдэг. Гэвч хүүхдүүд өсч том болж, найз нөхөд холдон, бидний бие махбодь хөгширдөгийг мэдсээр байж гадаад дүр төрхөө залуу харагдуулах, эд хөрөнгө хуримтлуулах, өвчлөлөөс хамгаалах зэргээр өөрийгөө хүчээр завгүй байлгаж өөрчлөлтийг эсэргүүцэж байдаг.
Бид амьдралын өөрчлөл хувьслыг харилцан адилгүй хүлээж авдаг. Хүүхэд байхдаа аймхай,санаа зовомтгой байсан байх тусам нас ахим тусам түгшүүр айдастай болох хандлагатай байдаг. Хэрвээ бид өөрчлөлт хувьслыг амьдралын зайлшгүй хэсэг гэж ойлгож өссөн бол өөрчлөлт хувиралыг хүлээн зөвшөөрөхөөс гадна түүнийг эрж хайж амьдралаа улам идэвхжүүлдэг. Бид эргэн тойрныг сайтар ажиглаад, өөрчлөлтийн эерэг талыг ойлгох хэрэгтэй. Гарзгүй олз гэж байдаггүй – амьдрал бол тойрог юм. Бясалгах болон түр амсхийх нь сэтгэл хөдлөлөө тайвшруулахад тусалж, өөрчлөлт бол гай гаймшиг биш, оршин тогтнох арга ухаан гэдгийг ойлгуулах болно.
Эцэст нь хэлэхэд хэрвээ та амьдралынхаа гол утга учрыг олохыг хүсч байвал дүрэм журамтай зууралдахаа зогсоож, айдсаа даван туулах хэрэгтэй. Чухам юу таныг баяр хөөртэй болгож байгааг анхаарч, шийдвэр гаргах бүртээ зөн совингоо дагаж, хамгийн чухал нь өөрт бий болсон мэдрэмжийг хүлээн зөвшөөрч, эергээр хүлээж аваарай. Мэдрэмж төрөх гэдэг бол өөрөө ид шидийн мэдрэмж билээ.
Амьдралын утга учрыг ойлгох нь хэцүү биш боловч, мэдрэмжгүй, өнгөцхөн амьдрахаас илүү хэцүү.
Амьдралынхаа утга учрыг эрж олох эрлээ эхлүүлэх, амьдрал танд зориулж бэлдсэн бүхнийг үзэж туулах шийдвэр гаргаарай. Та хэзээ ч харамсахгүй, баталж байна.