Ямар ч нэрээр нэрлэгдсэн бай хүний гадаад төрхөнд ихээхэн нөлөөлдөг арьсны эдгээр нөсөөжилт хувирал нь насжилтыг бусад ямар ч шинж тэмдгээс илүүтэйгээр мэдрүүлж, бараг 10-15 насаар хөгшин харагдуулахад хүртэл хүргэдэг нь нүүрний үрчлээнээс илүүтэйгээр хэн бүхний сэтгэлийг зовоодог байна.
Толбо нөсөөжилт үүсдэг нөхцөл
Бор сэвхэт толбо, нөсөөжилтийн хамгийн зөв тодорхойлолт нь “нарны толбо” гэсэн нэр бөгөөд үүсдэг үндсэн нөхцөл нь нарны хортой туяаны гэмтэл байдаг. Сэвх, толбо, нөсөөжилт нь хэдэн арван жилийн турш, нарнаас хамгаалахгүйгээр удаан хугацаагаар нар салхинд ил байсны үр дагавар байдаг ба насжилтийн толбо нь ихэвчлэн биеийн ил хэсгүүдэд бий болох хандлагатай байдгийг үүгээр тайлбарлаж болно. Гар, шуу, нүүр, хүзүүний орчимд болон нарны гэрлийн хамгийн өндөр тусгалтай энгэр, цээжээр ил байдаг арьс нарны туяанд илүүтэйгэр гэмтэх хандлагатай. Бор болж хувирсан арьсны өөрчлөлт нь арьсны өнгө бүрдүүлдэг меланин пигмент илүүдэл хэмжээгээр нийлэгжсэнээр үүсдэг байна. Меланин нь өнгөц давхаргад байрладаг меланоцит арьсны эсээс нийлэгждэг. Зохистой хэмжээгээр наранд шарж арьс борлоход меланины нийлэгжил бүх гадаргуугаар жигд явагдана. Харин насжилтын явцад меланоцит эсүүд наранд илүү эмзэг болж гэмтсэнээс меланин нийлэгжил эмх цэгцгүй явагддаг болж, жигд байсан арьсны өнгө хувиран, меланины бөөгнөрөл болон үүсгэврүүд үүсэх хандлагатай болно. Үүнийг төрөлхийн сэвх болон мэнгэтэй андуурч болохгүй ба төрөлхийн мэнгэ ба нарны хамаарлыг одоог хүртэл бүрэн тодорхойлж чадаагүй байна.
Арьсны нөсөөжилтөнд нөлөөлдөг өөр нэгэн шалтгаан нь дааврын түвшний хэлбэлзэл байдаг. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 70 орчим хувь ямар нэг хэмжээгээр хэт нөсөөжилттэй тулгарсан байдаг ба эдгээрийг мелизма эсвэл клоазм гэж нэрлэдэг бөгөөд ихэвчлэн хамар хацар, нүд тойрч цайвар эсвэл гүн бор өнгийн толбо хэлбэрээр гардаг. Жирэмсэн үед бэлгийн дааврын түвшин огцом нэмэгдэх \жирэмсний сэвх\, дааврын орцтой жирэмснээс хамгаалах эм хэрэглэх, цэвэршилтийн насанд дааврын тэнцвэр алдагдах, даавар нөхөх эмчилгээ, эм хэрэглэх зэрэг дааврын огцом хэлбэлзлийн олон шалтгаанаар меланины нийлэгжил алдагддаг. Дааврын хэлбэлзэл дотроос эм бэлгийн эстриол дааврын илүүдэл хэмжээ меланины солилцоог ихээр алдагдуулах хандлагатай байдаг ба эстриолын хэмжээ буцаад хэвийн байдалд ороход арьсны толбо нөсөөжилт нь бүдгэрч арилдаг байна. Даавар орлуулах эмчилгээг хэт удаан хугацаагаар хэрэглэвэл насжилтын толбо нөсөө үүсгэх нөхцөл байж болох боловч, ихэнх тохиолдолд удаан хугацааны нарны хэт ягаан туяанд илүү эмзэг болсноос үүсдэг нь элбэг.
Эмчилгээ
Нас даган нэмэгдэх толбо, сэвх, мэнгэ нь аюул багатай бөгөөд яаралтай эмчилгээ хийгээд байх шаардлагагүй. Эдгээр толбо, нөсөө хавдар төст харагдах нь элбэг бөгөөд үзэмжийн зорилгоор цайруулах бүтээгдэхүүн хэрэглэх эсвэл мэс заслын олон аргаар эмчилж болно. Гэвч гоо сайхны үнэтэй эмчилгээ хийлгэснээс нарны хэт ягаан туяаны гэмтлээс зайлсхийж, нарны хамгаалалтын тос тогтмол хэрэглэж арьсны өнгөний хувирлаас сэргийлэх нь залуу төрхөө хамгаалахад илүү тусална. Нүүр, гар, хүзүүний ил хэсэгт туурах нарны толбонууд хэмжээгээр томрох, олноор олшрох хандлагатай байдаг тул гоо үзэмжийн зорилгоор мэргэшсэн гоо засалчдын хяналтанд дараах эмчилгээний аргуудаас тохирсныг сонгож хийлгээрэй:
- Лазер эмчилгээ – нөсөө арилгагч лазер төхөөрөмж ашигладаг бөгөөд удаа дараалсан эмчилгээ хийлгэх шаардлагатай.
- IPL (Intense pulse light) өндөр хэмнэлтэй гэрлийн долгионы эмчилгээ нь сэвх, бор толбо арилгахад үр дүнтэй, удаа дараалсан эмчилгээ хийлгэх шаардлагатай.
- Дермабрази–арьсны наранд гэмтсэн өнгөн хэсгийг “элсэнцэр бүтцээр” хуулах эмчилгээ. Ихэвчлэн шаталсан эмчилгээ шаардагддаг.
- Микродермабрази – арьсны өнгөн нимгэн давхаргын хэсгийг хуулан төлжилтийг нь сэдээх эмчилгээ. Удаа дараалсан эмчилгээгээр үр дүн харагдана.
- Химийн бэлдмэлээр гуужуулах –арьсны гэмтэж үхэжсэн өнгөн давхаргыг түлж хуулна.
- Криотерапи. Арьсны нөсөөжсөн хэсгийг шингэн азот ашиглан хөлдөөх аргаар хуулж өнгөлөг шинэ арьс төлжих нөхцлийг бүрдүүлнэ.
Дээр дурдсан эмчилгээнүүдээс өөрт тохирсныг нягт судлан, мэргэжлийн лицензийн эрхтэй, өндөр чанарын тоног төхөөрөмжтэй газар хийлгэж байгаарай.
- А витамины гаралтай ретиноид төрлийн тос хэрэглэх – ретинолын бүтэцтэй тосыг
2-3 сар хэрэглэхэд толбот өөрчлөлтүүд аажим бүдгэрнэ. Ретиноид төрлийн тос хэрэглэх хугацаанд гарны хамгаалалтын SPF 15 ба түүнээс дээш нарны тос түрхэж, нарны малгай, биеэ хамгаалж урт өмд, ханцуйтай цамц өмсөж байгаарай.(Жирэмсний үед уг тосыг хэрэглэхээс зайлсхийгээрэй)
- Гидрохинон агуулсан цайруулах тос – нарны толбыг түр хугацаагаар цайруулна. Гэмтээгүй хэвийн арьсанд нөлөөлж болох тул болгоомжтой хэрэглээрэй.
- Kojicхүчил, С витамин, шар буурцаг, чихэр өвсний ханд орцонд нь орсон тоснууд цайруулах үйлчилгээтэй байдаг.
Эргэн дахидаг толбо нөсөөжилтөөс хамгаалах зөвлөмж
Нөсөө, мэнгэ, сэвхдэлтийг арилж, дахин тодорч ихэсгэхгүйн тулд цогц арга хэмжээ авч байх хэрэгтэй.
Хоолны дэглэм. Зөв хоолловол арьс тань танд талархах болно. Арьсандаа тэжээл өгөхийн тулд омега-3 ихээр агуулсан хүнс хэрэглэж, өөх тос багатай хоол идэж байх хэрэгтэй. Өөх тосны задралын эцэст арьсны пигмент бүрэлдүүлдэг мелатонин ихээр үүсдэг тул өөх тос ихээр хэрэглэдэг хүмүүс бараандуу арьсны өнгөтэй байх хандлагатай. Бүхэл үрийн амуу тариа, самар, хушга, шинэ ногоо жимс ихээр хэрэглэж, уураг өндөр агуулсан дүфү, өөхгүй улаан мах, тослог загас хэрэглээрэй. Арьсаа чийгшүүлэхийн тулд өдөрт хамгийн багадаа 8 аяга ус уу. С амин дэм нь арьсыг нарны гэмтлээс хамгаалдаг. Өдөрт 300-500мг С витамин хэрэглэх нь арьсаа сайхан чигээр нь хадгалахад тустай. Д амин дэм бол нарнаас хамгаалах бас нэгэн үл-исэлдүүлэгч \антиоксидант\ юм. Өдөрт 400 IU (олон улсын нэгж) хэрэглэвэл зохистой.
Нарны толбо цайрч алга болсны дараа ихэнх хүмүүс тайвширч мартдаг гэвч нөсөө толбыг бий болгосон бүх эрсдэлт хүчин зүйлс байсаар л байдаг тул арьсаа хамгаалж дараах аргуудыг хэрэглэж сэргийлээрэй:
- Нарны хэт ягаан туяанаас тогтмол хамгаалах. Нарны шууд тусгалд байхаас сэргийл, ялангуяа нарны идэвхжилийн үе болох 10:00-15:00 цагийн хооронд
- Нарнаас хамгаалах өргөн хүрээний тос хэрэглэдэг байх. Нарны хэт ягаан туяаны UVA болон UVB – аль алинаас нь хамгаалах тос сонгож түрхээрэй. UVA туяа нь арьсны гүн давхарга руу нэвтэрч, эд эсийн гэмтэл үүсгэн үрчлээс, хөгшрөлтийн гол шалтгаан болдог бол UVB туяаны нөлөөгөөр арьсны өнгө наранд түлэгдэж нөсөөжих шалтгаан болно. Хамгийн багадаа SPF 30-тай тосыг гадагш гарахаасаа 15-30 минутын өмнө түрхэж шингээдэг байх хэрэгтэй.
- Машин гэрийн цонхонд нарны хамгаалалтын хальс наадаг байх. Нарны хальсан наалт UVA туяаг нэвтрүүлдэггүй, UVB нь цонхны шилээр нэвтэрч чаддаггүй тул арьсаа хамгаалж чадна.
- Зөв хувцасладаг байх. Хөвөн даавуун хувцас UV нарны хэт ягаан туяаг арьсны гүнд нэвчихээс хамгаалдаг. Мөн өргөн хүрээтэй нарны малгай өмсөж дух, хуйхаа хамгаалах хэрэгтэй. Нарны хэт ягаан туяанаас 100% хамгаалдаг чанартай, нүдний зовхи ба буланг хаасан нарны шил зүүж байгаарай.
Наранд гэмтсэний улмаас үүссэн толбо ямар ч хор хөнөөлгүй. Хэдий тийм боловч, нарны гэмтлийн толбо нөсөө үүссэн байна гэдэг нь арьс ямар нэг байдлаар гэмтсэн байна гэдгийг илтгэнэ. Иймээс аливаа толбо нөсөө, мэнгийг сайтар ажиглаж, сэжигтэй санагдвал шинжлүүлж байх хэрэгтэй.
Ямар ч тохиолдолд нөсөө толбоноос болж сэтгэлээ зовоож хямарч болохгүй. Амьдралын өдөр тутмын стресс нь толбо нөсөөжилтийг нэмэгдүүлэх хандлагатай байдаг. Мэргэжилтнүүдийн судалгаагаар стрессийн даавар кортизол, адреналин нэмэгдсэнээс арьсны пигментийн нийлэгжил ихэсч, нөсөөжих шалтгаан болдгийг баталсан. Стресст өртөхгүй байхын тулд өөрийгөө тайвшруулах иогийн дасгал, бясалгал, тай чи дасгал хийдэг, эсвэл өдөр бүр 20 минутын турш түргэн хэмнэлээр алхах нь сөрөг муу бодлоосоо салж (нарны толбоны талаарх гэх мэт) тайвшруулах ач холбогдолтой. Дахин сануулахад, гадагш гарахдаа арьсаа үргэлж хамгаалаарай.
Үнэртэй ус хэрэглэх анхааруулга
Үнэртэй усыг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй, ялангуяа хүзүүндээ түрхэхдээ анхаараарай. Бергамот лийр гэх мэт цитрусын жимсний агууламжтай сүрчиг нь нарны туяатай харилцан үйлчлэлцэж арьсанд арилшгүй толбо үүсгэдэг. Хүзүү, цээж гэх мэт сүрчиг түрхсэн аль ч хэсэгт бор толбо үүсч болно. Иймээс зуны улиралд сүрчгийг өдөр биш оройн цагаар түрхэж, эсвэл нарны туяа шууд тусахгүй газарт түрхэх хэрэгтэй.