1. Хэмжээг мэдэх. Биений юм ирэхэд дунджаар 50-80 мл (цайны аяганы тал) цус алдагддаг. Ялгарах цус нь умайн салст болон салстыг цусаар тэжээж байсан судаснаас алдагдах цуснаас бүрдэнэ. Биений юмны хэмжээ 80 мл-ээс их байвал биений юм элбэг ирдэгт тооцогдох бөгөөд олон мөчлөг дараалан биений юм элбэг ирвэл эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.
2. 28 хоногийн мөчлөг. Эмэгтэй болгон заавал 28 хоногийн мөчлөгтэй байдаг гэсэн буруу ойлголт байдаг. Энэ нь 28 хоногийн мөчлөг нь жирэмснээс хамгаалах дааврын эмийн нэг сарын тунгаар жишээ болгож баримжаалдгаас үүдэлтэй ойлголт юм. Эмэгтэй бүрийн биеийн онцлогоос шалтгаалж сарын тэмдгийн мөчлөгийн хугацаа 21-42 хоног байх нь хэвийн гэж тооцогдоно. Дунджаар 30 хоног байх ба үүн дээр нэмэх хасах хоног байдаг. Мөчлөг бүр 25-32 хоногийн дотор хэлбэлзсэн ч тогтмол ирдэг бол мөчлөг алдагдаагүй гэсэн үг.
3. Стрессийн нөлөө. Тархинаас ялгарах стрессийн дааврын нөлөөгөөр сарын тэмдэг алдагдах, тэр байтугай бүр зогсоход хүргэж болно. Сарын тэмдгийн мөчлөгт нөлөөлдөг бас нэг шалтгаан бол өндгөвчний олон уйланхайт хам шинж (ӨОУХШ) эмгэг байдаг. Энэ эмгэгийн үед мөчлөгийн явцад боловсорсон цэврүүнээс өндгөн эс гадагшилж хагарахгүй байснаас дахин цэврүү боловсорч томрон, улмаар олон цэврүү бий болсноор даавруудын түвшний тэнцвэр алдагддаг. Илүүдэл жинтэй байхад хэт их хэмжээний өөхөн эдээс нийлэгжих эстроген дааврын түвшин сарын тэмдгийн мөчлөгт ихээр нөлөөлнө. Хэт туранхай байхад дааврын нийлэгжил саатан сарын тэмдгийг багасгадаг. Холын зайнд гүйдэг тамирчид, балетчин зэрэг биеийн хүчний өндөр ачаалал авдаг хүмүүсийн сарын тэмдгийн мөчлөг хамгийн их алдагддаг. Шалтгаан нь бие махбодь тэжээлийн хомсдолоос хамгаалж үр тогтох явцыг зогсоодог.
4. Овуляци (өндгөн эс гадашлах) тухай ойлголт. Өндгөн эс нь сарын мөчлөгийн яг таг дунд үед гадагшилдаггүй. Сарын тэмдгийн мөчлөг хоёр шаттай явагддаг: шар биеийн (лютеины) ба фолекулын гэсэн 2 үеэс тогтоно. Биений юм ирсэн эхний өдрөөс эхлэн өндгөн эс боловсрох хүртэл үеийг фолекулын үе гэнэ. Фолекулын үе нь ханиад хүрэх, хол аялах зэрэг хүчин зүйлээс шалтгаалж ихээхэн хэлбэлзэж байдаг. Шар биеийн үе нь илүү тогтвортой бөгөөд сарын тэмдэг ирэхээс 14 хоногийн өмнө эхэлдэг. Хэрвээ таны мөчлөг 32 хоног бол таны овуляци 18 дахь хоногт явагдана, харин 22 хоног бол таны овуляци 8 дахь хоногт явагдана (мөчлөгийн эхний өдөр нь сарын тэмдэг ирсэн өдрийг хэлнэ).
5. Сарын тэмдгийн өмнөх хам шинж нь бараг бүх эмэгтэйчүүдэд мэдрэгддэг. Энэ нь хөх томрон хөндүүрлэх, хэвлийн доогуур өвдөх, сэтгэл санаа тогтворгүй болох гээд өргөн хүрээний хам шинж байдаг ба зарим тохиолдолд өдөр тутмын хэвийн амьдралд нөлөөлөх хүртэл саад учруулдаг.
6. Шар биеийн үе. Сарын тэмдгийн өмнөх хам шинж (СТӨХШ) нь зөвхөн шар биеийн үед буюу сарын тэмдгийн мөчлөгийн 2 дахь үед илэрдэг. СТӨХШ-ийн яг үндсэн шалтгааныг тодорхойлж чадаагүй ч гэсэн энэ нь биений юм ирэхээс өмнө прогестерон дааврын түвшин эрс буурдагтай холбоотой гэж үздэг. СТӨХШ-ийн зовиур илэрдэг эмэгтэйчүүдийн ихэнх нь уг эмгэгийн гэр бүлийн түүхтэй байдаг болохыг ажигласан байна.
7. Тохирсон эмчилгээ. Биений юм ирэхээс 14 хоногийн өмнөөс тайвшруулах эмчилгээ хийвэл үр дүнтэй. СТӨХШ-ийг хөнгөвчлөх хамгийн сайн арга бол эрүүл амьдралын хэв маяг- дасгал хийх, эрүүл хооллох, тохирсон жинтэй байж сэтгэл санаагаа тайван байлгах юм. Evening Primrose Oil ургамлын тэжээл нь хөхний эмзэглэн хөндүүрлэхийг багасгадаг.
8. Чихэрлэг хоолонд дуртай болох. Биений юм ирэх үед шоколад, гурилан боов, чихэрлэг зүйлд дуршилтай болдог бөгөөд тэдгээр нь марганц эрдэст бодисоор баялаг байдагтай холбоотой. Иймээс марганцын орцтой амин дэм тэжээлийг хэрэглэвэл зовиур багасдаг нь ажиглагдсан. Мөн чихэрлэг амттанууд нь тархинаас ялгардаг аз жаргалын дааврууд болох серотонин болон допаминыг орлодог ааш зан тогтворгүй болсон үед тайвшруулж өгдөг тул хэрэглэх дуршил нэмэгддэг байна.
9. Базлах зовиур. Биений юм ихээр өвдөж ирдэг зовиур нь маш олон эмэгтэйг зовоодог. Биений юм ирэхдээ өвддөг зовиур анх биений юм ирснээсээ хойш хэвлийн доогуур хүчтэй өвдөх, өвдөлт нь ар нуруу болон гуя дагаж өвдөх онцлогтой байдаг. Ингэж өвддөг байх шалтгаан нь цусан дахь простогландин нэгдлийн түвшин ихэссэнээс умай салстыг ховхлон шахаж гадагшлуулах үед өвдөлтийн мэдрэмжийг нэмэгдүүлдэгтэй холбоотой. Биений юм нь эндометриоз, бага аарцгийн үрэвсэл зэрэг хоёрдогч шалтгаанаар өвдөлттэй ирэх нь элбэг ба эдгээр өвдөлтүүд ихэвчлэн биений юм ирэхээс өмнө эхэлж, дуусах үед улам нэмэгддэг онцлогтой. Эндометриоз болон үрэвсэлтэй байхад бэлгийн хавьтлын үед өвдөх, биений юм их хэмжээгэр ирэх болон жирэмслэхэд хүндрэлтэй байх зэрэг хүндрэлүүд дагалдаж байдаг. Биений юм базалж өвддөг зовиуртай байхад өвчин намдаах эм болон дасгал хөдөлгөөн тус болно. Дасгал хийх нь бага аарцгийн цусан хангамжийг сайжруулдаг тул их үр дүнтэй.
10. Сарын тэмдгийн мөчлөгийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө. Сарын тэмдгийн мөчлөгийн үед түвшин нь нэмэгддэг эстроген даавар артерын судсыг хамгаалдаг ач тустай. Цэвэршихээс өмнөх насны эмэгтэйчүүд чацуу насны эрэгтэйчүүдээс зүрхний дутмагшилд өртөх эрсдэл хамаагүй бага байдаг. Харин цэвэршилтийн насанд хүрэхдээ зүрхний эмгэгийн эрсдэл нэмэгдсээр 60-65 насандээ эрчүүдтэй адил түвшинд очсон байдаг.
11. Өндгөн эсийн ялгарал. Ихэнх эмэгтэйчүүд өндгөн эсийг баруун болон зүүн өндгөвчөөсөө сар бүр ээлжлэн ганц ганцаар ялгардаг гэж ойлгодог. Хэвийн сарын мөчлөгтэй эмэгтэйчүүдийн ганц биш хэд хэдэн өндгөвчний цэврүү, ойролцоогоор 5 өндгөн эс боловсордог. Эдгээр дундаас ганц өндгөн эс нь бусдаасаа хурдан томорч, илүү их хэмжээний даавар ялгаруулан бусдынхаа өсөлтийг зогсоодог. Нөгөө өндгөвчинд мөн адил процесс явагдаж болно. Сонирхолтой нь зарим эмэгтэйчүүд өндгөн эс ялгарах (овуляцийн) үедээ хэвлийн доогуур эмзэглэл мэдэрдэг. Энэ нь өндгөн эс боловсорч гүйцэх үед өндгөвч хөөж хавагнасантай холбоотой байх магадлалтай.
12. Хэрхэн жирэмслэх. Өөрийнхөө сарын тэмдгийн мөчлөгийг сайн мэддэг байхад хэзээ жирэмсэлж болохоо тооцох боломжтой болно. Овуляци явагдахаас (өндгөн эс ялгарахаас) 5 хоногийн өмнө умайн хүзүүний амсрын салст хөөж, өндөгний цагаан сунамтгай болдог. Эр үрийн шингэн энэ салстад 5 орчим хоног амьдрах таатай нөхцөлтэй байдаг. Боловсорч жирэмслэхэд бэлэн болсон өндгөн эс 24 цаг амьдрах чадвартай ч жирэмслэхийн тулд заавал зөвхөн овуляцийн өдрийг хүлээх шаардлагагүй. Учир нь эр бэлгийн эс умайн хүзүүний салстад 5 хоног таатай орчинд байж өндгөн эсийг хүлээж чанда. Иймээс хавьталтыг овуляциас өмнөхөн хийдэг байхад илүү их жирэмслэх магадлалтай байдаг. Овуляци явагдаад өнгөрсний дараа умайн хүзүүний салст өтгөрч зузааран наалдамхай болж үр тогтолт явагдах боломжгүй болдог.
13. Цэвэршилтийн эрт үеийн шинжүүд. Эмэгтэйчүүдийн биений юм 45-55 нас хүртэл ирээд яваандаа цэвэршиж эхэлдэг. Цэвэршилт аажим, хэдэн жилийн өмнөөс эхэлдэг бөгөөд ихэвчлэн сарын тэмдгийн мөчлөг алдагдаж, биений юмны хоорондын зай өөрчлөгдөж, гарах цусны хэмжээ алдагдаж эхэлдэг.
14. Цэвэршилтийн насанд жирэмснээс хамгаалах. Цэвэршилтийн насанд жирэмслэхгүй байна гэсэн баталгаа байхгүй. 55 нас хүрсэн эмэгтэйчүүд жирэмсэлсэн тохиолдолд гайхах зүйл байдаггүй. Иймээс 50 нас хүрсэн эмэгтэйчүүд эцсийн биений юм ирснээс хойш нэг жилийн турш, 50 нас хүрээгүй цэвэршсэн бол 2 жилийн турш, эсвэл 50 хүртэл жирэмснээс хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй.
15. Цэвэршилтийн шинж зовиурыг багасгах. Нэг зууны өмнө эмэгтэйчүүдийн насжилт богино байсан тул цэвэршсэний дараа удаан амьдардаггүй байжээ. Өнөөдөр бэлгийн эстроген, прогестерон дааврын түвшин буурах, халуу оргих, үтрээ хуурайших, бэлгийн дур хүсэл буурах зэрэг олон шинж тэмдгүүдийн талаар хангалттай олон мэдээлэлтэй болсон төдийгүй хэрхэн даван туулахаа мэддэг, олон арга замтай болоод байгаа. Даавар орлуулах эмчилгээг буурцаг, улаан хошингор, black cohosh, wild yam зэрэг эстроген төст үйлчлэлтэй ургамлын аргыг түгээмэл хэрэглэх болсон. Зарим эмэгтэйчүүд даавар орлуулах эмчилгээнээс зайлсхийж дааврын нийлэгжлийг дэмжих амин дэм, нэмэлт тэжээл хэрэглэхийг илүүд үздэг байна.
Эмэгтэй бүрийн сарын тэмдгийн мөчлөг хосгүй өвөрмөц байдаг
Танд сонирхуулахад биений юм зайлшгүй сард 1 удаа ирдэг байх ёсгүй. Ихэнх охидын сарын мөчлөг 28 хоног байдаг ч таны мөчлөг 21-35 хоногийн давтамжтай байсан ч хэвийн гэж тооцогдоно. Биений юм ирсэн эхний өдөр таны мөчлөгийн эхний өдөр болно. Таны сарын тэмдгийн мөчлөг богино байх тусам биений юм нэг сард нэгээс олон удаа ирдэг байж нэг жилд 12-оос олон биений юм үзэх, мөчлөг урт байх тусам жилд ирэх биений юм цөөн байна гэсэн үг. Ихэнх охидын анхны сарын тэмдэг дунджаар 11-13 насны хооронд ирдэг ч, 9-16 насны аль ч насанд ирдэг болоод байгаа. Эмэгтэй хүний амьдралын нийт хугацаанд өсвөр наснаас сарын тэмдэг зогсож цэвэрших хүртэл ойролцоогоор 480 удаа биений юм ирдэг (жирэмсэлсэн тохиолдолд арай цөөн)
Таны нөхөн үржихүйн эрхтэн
Сарын тэмдгийн мөчлөгийн талаар мэдэхийн тулд эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэний талаар мэдэх нь илүү дөхөм болно.
- Өндгөвч: энд өндгөн эсүүд хадгалагдаж боловсордог. Хүний өндгөн эс маш жижиг (120 микрон буюу микрометр) Энэ нь хүний үсний өргөнтэй ойролцоо.
- Умай : энд үр тогтсон эс бэхлэгдэж, үр хөврөл хөгжинө.
- Үр дамжуулах суваг: энэ нь умай болон өндгөвч 2-ыг холбодог
- Умайн хүзүү: үтрээ рүү нээгддэг умайн доод хэсэг
- Үтрээ: умайг гадна орчинтой холбодог булчинлаг хоолой. Үтрээ нь нөхөн үржих тогтолцооны дотоод эрхтэнд хамаарна. Үтрээний гадна амсар нь гадна эрхтэнд хамаарах ба бэлгийн уруул гэж нэрлэгдэнэ
Сарын тэмдгийн мөчлөгийн дааврын зохицуулга
Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэнүүд сар бүр мөчлөгтэйгээр хувьсдаг ба уг мөчлөг бэлгийн даавраар зохицуулагдаж байдаг. Дааврууд нь бие махбодид нийлэгжиж, бие махбодийн үйл ажиллагааг зохицуулдаг. Бэлгийн бойжил эхлэхэд өнчин тархи нь бэлгийн дааврын ялгарлыг сэдээдэг өвөрмөц даавар ялгаруулдаг болно. Энэ сэдээгч дааврын нөлөөгөөр өндгөвчнөөс эстроген, мөн бусад даавар ялгаруулагч булчирхайнаас андргоген даавар нийлэгжлийг сэдээнэ. Эдгээр дааврууд нь бэлгийн бойжилтын хөгжил болон сарын тэмдгийн мөчлөгийн үечлэлийг зохицуулдаг.
Сарын мөчлөгийн үе шат
1. Овуляцийн урьдал – өндгөн эс ялгарлын урьдал үе (фолекулын үе)
Охид бүсгүйчүүд маань мянга мянган өндгөн эс агуулсан хоёр өндгөвчтэй байдаг. Овуляцийн урьдал энэ үед бэлгийн даавруудын нөлөөгөөр өндгөн эс боловсрохын хамт энэ үед умайн салст (эндометр) нь үр тогтвол хүлээж авахад бэлдэж хөвсийж эхэлдэг.
2. Овуляци – өндгөн эс боловсорч гүйцэн ялгарах
Энэ үед боловсорч гүйцсэн өндгөн эс өндгөвчнөөс гадагшилна. Гадагшилсан өндгөн эс нь үр дамжуулах урт сувгаар дамжин умайн хөвсийсөн салстад очдог. Өндгөн эс нь умайн салстад хүрэх замд эр бэлгийн эстэй үр тогтсон бол умайн салстад сууж үр хөврөл болж хөгжинө. Овуляци дунджаар сарын мөчлөгийн 10-16 дахь хоногт явагддаг.
3. Биений юм ирэхээс урьд үе (шар биеийн үе)
Овуляци болсны дараагаар даавруудын түвшин эрс өөрчлөгдөн үр тогтсон өндгөн эсийг хүлээн авахад бэлдэн умайн салстыг хөвсийлгөж эхэлдэг. Хэрвээ үр тогтолт явагдсан бол умайн салстад бэхлэгдэн үр хөврөл хөгжих таатай нөхцөл бүрдэж эхэлдэг. Хэрвээ жирэмслэлт болооогүй бол хөвсийсөн умайн салс ховхрон биений юм болон үтрээгээр гадагшилдаг.
4. Биений юм
Умайн салст хөвсийж ховхроход судас нээгдэн цусны хамт ялгардаг. Биений юм ирэхдээ их хэмжээгээр ирж байгаа мэт санагдавч үнэн хэрэгтээ аягны тал хэмжээнээс хэтэрдэггүй. Биений юм дунджаар 3-7 хоног үргэлжилнэ. Биений юм үзэгдсэн эхний өдөр таны сарын мөчлөгийн нэг дэх өдөр болно.
Өндгөн эсийн тухай
- Эмэгтэй бүр бүх амьдралынхаа хугацаанд сарын тэмдгийн мөчлөгөөр 400 гаруй өндгөн эс ялгаруулдаг
- Өндгөвчинд агуулагдах өндгөн эсийн тоо, хэмжээ нь тухайн эмэгтэйн наснаас хамаарна
- Эмэгтэй нярай мэндлэхээсээ хамгийн их хэмжээний өндгөн эсийн цэврүүтэй байдаг.
- Эмэгтэй ураг эхийнхээ умайд ердөө 20 долоо хоногийн хугацаатай байхдаа бараг 7 сая өндгөн эстэй байдаг
- Төрөх үед 2 сая орчим болж цөөрнө
- Бэлгийн бойжилтын насанд хүрэхэд өндгөн эсийн тоо 300,000-500,000 болсон байдаг
- Өндгөн эсийн цэврүүний тоо цөөрөхийг атрезия гэдэг бөгөөд энэ жам ёсны дагуу явагдаж буй хэвийн үзэгдэл юм
- Эдгээрээс ердөө 400-500 нь таны амьдралын явцад бие гүйцсэн өндгөн эс болж боловсордог
Цэвэршилт бол өндгөн эс боловсрон гадагшилж дууссанаас сар бүр ирдэг биений юм зогсохыг хэлдэг. Биений юм үзэгдэхгүй 12 сараас дээш хугацаа болвол цэвэршсэн гэж үздэг. Энэ нь үр тогтож, хүүхэд төрүүлэх боломжгүй болж байгаагийн илрэл бөгөөд дунджаар 51 насанд тохиолдоно.
Өндгөвчний өндгөн эс/фолекулын тоо цөөрч үйл ажиллагаа буурдгийн хамт бэлгийн дааврын түвшин, тэр дундаа эстроген дааврын хэмжээ мөн эрс буурдаг. Эстроген даавар багассанаас мэдрэл – судасны зохицуулалт алдагдан халуу оргих, шөнө хөлрөх, сэтгэл санаа хямрах, анхаарал төвлөрөл муудах, нойргүйтэх, үтрээ хуурайших, давсаг сулрах, арьс хуурайшин уян хатан чанар алдагдах зэрэг олон өөрчлөлт болон өөрчлөлтийг дагуулдаг. Андроген дааврын түвшин багассанаас бэлгийн дур хүсэл буурна.