Хэрвээ та иог болон пилатес дасгалаар хичээллэдэг хүмүүсээс яагаад энэ дасгалын төрлөөр хичээллэх дуртай байдгийг нь асуувал тэд амьдралыг өөрчлөх эрүүл бие махбодь, тунгалаг оюун санаатай болох ашиг тусыг нь танд тайлбарлах болно. Гаднаас нь ажиглахад эдгээр дасгалууд хоорондоо бараг ялгаагүй харагдавч, ихэнх хичээллэгчид зөвхөн аль нэгийг нь сонгон хичээллэдэг. Бидний мэдээллээс эдгээр дасгалуудын үүсэл гарал, бие махбодид хэрхэн нөлөөлдгийг судалж, аль нь танд илүү тохирохыг мэдэж болно.
Иогоор хичээллэх
Иог бол бие махбодь, оюун санааны дасгалыг хослуулсан хэлбэр юм. Иогийн дасгал нь ойролцоогоор 5000 гаруй жилийн тэртээ Хинду шашинтай зэрэгцэн эртний Энэтхэгт үүссэн түүхтэй. Хинду шашин, иогийн дасгал нь харилцан нэг нэгийгээ хөгжүүлэхэд нөлөөлсөн. Иогийн эх суурь тавьж зааж байсан анхдагч багш нар нь Хинду шашны лам нар байжээ. Иогийн дасгалууд нь байгаль, амьтдын амьдрах чадвар, сүр жавхлан, уян налархай байдал, тэсвэр тэвчээрийг дуурайх зорилгоор хөдөлгөөнийг нь шинжин судалсны үндсэн дээр бий болжээ. Иогийн дасгалын маш олон ялгаатай төрлүүд байдгаас дурьдвал хатха, юүняаса, аштанга, айенгар, кундалани болон бикрам бөгөөд бүгд өөр өөрийн онцлогтой. Иогийн хичээлд орсон олон төрлийн дасгалууд (асана) нь уян хатан байдлыг сайжруулахын хажуугаар хүч чадлыг нэмэгдүүлэх зорилготой байдаг.
Иог бол тэнцвэр хөгжүүлэхэд чиглэсэн, бага эрчимтэй дасгалын төрөл юм. Биеийн бүх хэсгийг оролцуулж, хүч чадлыг нэмэгдүүлж, уян хатан байдал болон тэсвэр тэвчээрийг сайжруулна. Гэмтэлтэй үе мөч, шөрмөсөнд хүчилтөрөгчөөр баялаг цус хүргэлтийг иогийн дасгалаар эрчимжүүлж, эдгэрэлтийг хурдасган нөхөн сэргээх, тамир тэнхээг сайжруулах ашиг тустай. Иогийн дасгалыг хийхэд ямар нэгэн төхөөрөмж хэрэглэдэггүй, таны бие өөрийнхээ жин болон үе мөчийг тулгуур болгож гүйцэтгэнэ. Үүнээс гадна иогийн дасгалаар их биеийн гол булчингуудын хүчийг нэмэгдүүлдэг тул бүх биед дасгалын ачаалал өгч чадна.
Бандха буюу “дотоод түгжээ” гэж нэрлэдэг иогийн байрлал нь их биеийн гол булчингуудыг хөгжүүлэх нөлөөтэй. Мула бандха, удьяана бандха иогийн байрлал нь аарцгийн булчингийн агшилтыг сайжруулж, хэвлийн булчинг дотогш чангална. Эдгээр түгжих дасгалуудыг нэг байрлалаас нөгөөд шилжих үед хийх бөгөөд Пилатес дасгалын багш нарын заадаг дотоод булчингуудыг чангалж, агшаах дасгалуудтай төстэй. Иогийн ихэнх дасгалууд нь оюун санааны гүнзгий төвлөрлийн суурин дээр үндэслэгдсэн байдаг. Иогийн 8 мөчрийн дасгалаас зөвхөн нэг нь биеийн хүчний хөдөлгөөн байдаг. Бусдыг нь дурьдвал: Яма (нийгмийн ёс зүйн 5 зарчим), Нияма (хувийн ёс зүйн 5 сахил), Пранаяма (амьсгалын дасгалын тусламжтайгаар амьдрах эрчим хүч удирдан чиглүүлэх), Пратьяхара (мэдрэхүйгээ дотогш чиглүүлж, өөрийгөө ажиглах), Дхарана (нэгэн үзүүрт сэтгэл-төвлөрөл), Дхьяна (бясалгал), Самади (дээд ухамсар) зэрэг оюун санааны төвлөрлөөр гүйцэтгэдэг дасгалууд байдаг. Иог бол хөдөлгөөнт бясалгал юм.
ИОГИЙН ТӨРЛҮҮД
Аштанга иог. Хурдан, эрчимтэй иогийн дасгалын төрөл бөгөөд байрлалуудын хооронд хурдан шилждэг. Аштанга-г хүчний иог гэж нэрлэх нь элбэг.
Бикрам иог. 40 хэмийн халуун тасалгаанд 26 төрлийн багц дасгал хийнэ. Булчинг суллаж, хорт бодисыг хөлсөөр дамжуулж цэвэрлэх үйлчилгээтэй.
Хатха иог. Удаан хэмнэлтэй, түгээмэл иогийн төрөл.
Айенгар иог. Биеийн тэнцвэрийн цэх байдал дээр төвлөрч, байрлалыг удаан хугацаагаар барьж хадгалах онцлогтой хийгддэг. Нэг хөдөлгөөнөөс нөгөө рүү аажим шилжинэ.
Кундалани иог. Нурууны суурь, доод хэсэгт хуримтлагдсан эрчим хүчийг 7 чакра буюу энергийн хүрдээр дамжуулж биеэр тарааж чөлөөлөх дасгалууд.
Виняса иог. Энэхүү иог нь амьсгалаа удирдахад илүү төвлөрч наранд мөргөх иогийн дасгалууд төст олон байрлалууд хийнэ.
ПИЛАТЕС БОЛ СПОРТ БИШ, АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ
Иогийн дасгалтай харьцуулахад Пилатес нь харьцангуй сүүлд хөгжсөн, орчин цагт маш ихээр хийгддэг болсон урсгал юм. Уг дасгалыг үндэслэгч Жозеф Пилатес (1883-1967) Германд төрсөн, багадаа хүнд өвчтэй байсан ч гимнастикч аав, уламжлалт анагаах ухааны эмч ээжийнхээ нөлөөгөөр эрүүл мэндээ сайжруулахын тулд дасгал хөдөлгөөн хийж эхэлжээ. Жозеф Пилатес өөрөө гимнастик, бокс, бялдаржуулах урлаг, иог зэрэг дасгалын олон төрлүүдийг бүгдийг судалж, суралцан эдгээрийг нэгтгэсэн дасгалуудыг боловсруулсан. Тиймээс түүний боловсруулсан арга барилд эдгээр бүх дасгалуудын шинж чанар агуулагдсан байдаг. Насанд хүрмэгцээ Пилатес Дэлхийн Нэгдүгээр дайны үед Англи Улсын цэргийн хүчинд сайн дураар ажиллаж, өөрийн боловсруулсан Контрологи дасгалын системийг шархадсан өвчтөнүүдэд заадаг байв.
Дайны дараа тэрээр Герман руу буцсан ч, удалгүй Америкт суурьшиж, өөрийн боловсруулсан арга барил, төхөөрөмжийг танилцуулах зорилгоор Нью-Йорк хотод студи нээжээ. Пилатесын биеийн байрлалын тэнцвэр, хэвлийн гүний булчингуудад төвлөрсөн Контрологийн арга барил нь Нью-Йорк хотын бүжгийн холбоодын анхаарлыг удалгүй татаж, олон тооны хичээллэгчтэй болов. “Сайтар боловсруулсан цөөн хөдөлгөөнийг зөв дарааллаар бүрэн төгс гүйцэтгэх нь хэдэн цагийн турш системгүй дасгал хийж, хүчээр сунгахаас хамаагүй илүү үр дүнтэй” гэдэгт Пилатес итгэдэг байсан.
1960-аад оны үед тэрээр олон тооны үйлчлүүлэгчтэй болж, боловсруулсан арга барил нь олон улсын хэмжээнд танигдсан байв. Иогийн дасгалын адилаар өнөөдөр Пилатес дасгалын олон төрөл, урсгал бий болсон бөгөөд эдгээр төрлүүд нь мөн өөр өөрийн онцлогтой.
Пилатес дасгал нь биеийн хүч тамир, галбир, гоо үзэсгэлэн, уян хатан байдлыг сайжруулж, эрүүл саруул амьдралыг тэтгэнэ. Тамирчид Пилатес дасгалын хүчээр бүх булчингуудыг жигд хөгжүүлж, их биеийн гүний гол булчингуудын суурь хүчийг нэмэгдүүлж чадах ба ямар ч спортын төрлөөр хичээллэхэд гол хүчийг бэлдэж өгнө. Их биеийн гүний гол булчингууд буюу “хүчний төв” гэж нэрлэгдэх аарцаг, хэвлийн, цээж, нурууны гүний булчингуудыг Пилатесын өвөрмөц дасгалуудаар хөгжүүлэх боломжтой. Пилатес дасгалын онцлог нь биеийн хүчийг гүнээс нь эрчимжүүлэхэд чиглэгддэг. Гүний булчингуудыг хөгжүүлснээр үе мөчийг тогтвор, тулгууртай болгох, биеийн цэх байрлалыг хадгалахад чухал үүрэгтэй тул Пилатес дасгал нь нөхөн сэргээх эмчилгээнд өндөр ач холбогдолтой байдаг. Пилатес дасгалын үндсэн зарчмаар биеийн бүх хөдөлгөөний цөм нь хүчирхэг тулгуур булчингууд байх ёстой гэж үздэг тул хичээлийн зааланд аарцгийн тэнцвэр, бага аарцгийн булчин, хэвлийн гүний булчин, өгзөгний булчин, мөрийг цэх барих үүрэгтэй булчингуудыг хөгжүүлэхэд олон цагийг зарцуулдаг.
Надад аль нь илүү тохиромжтой вэ?
Пилатес болон иогийн дасгалууд хоорондоо ялгаатай боловч үр дүн нь төстэй. Хэрвээ та биеийн цэх байдал, галбираа засч, тэнцвэржүүлж, тамир тэнхээ, уян хатан байдлаа сайжруулахыг хүсч байвал аль алинаар нь хичээллэж болно. Товчхон дүгнэж хэлэхэд иогийн дасгал уян хатан чанар, сэтгэлзүй, оюун санааны ашиг тустай бол Пилатес дасгал нь биеийн дотоод хүч, тулгуур булчингуудад илүү төвлөрдөг.
Иог болон Пилатес дасгалын аль нэгийг сонгож тууштай хичээллэвэл (хоёуланг нь сонгосон ч болно) бие махбодийн хөгжил, сэтгэлзүйн эрүүл мэндийн ашиг тусыг бүрэн хүртэх болно.
ПИЛАТЕС ДАСГАЛЫН ТӨРЛҮҮД
Уламжлалт Пилатес. Жозеф Пилатесын шавь нар нь зөвхөн түүний боловсруулсан арга барилыг өвлөн авч, баримтлан хичээллэж, хожим өөрсдийн студийг нээсэн. Тэднийг “ахмадууд” хэмээн нэрлэдэг.
Орчин үеийн Пилатес. Жозеф Пилатесын боловсруулсан арга барилыг өөрчилж, биомеханик, спортын төрлүүд, сэргээн засах арга барилуудтай хослуулсан орчин үеийн хэлбэр. Скотт Пилатесын дасгалын төрлийг дурдаж болно.
Төхөөрөмжтэй Пилатес. Илүү эрч хүчтэй, эрчимтэй дасгалын төрөл. Биеийн галбир болон ачааллын даацыг сайжруулахад төвлөрдөг.
Эмчилгээний Пилатес. Бэртэл гэмтлийг эмчлэх, нөхөн сэргээх зорилгоор физик эмчилгээний эмч нар боловсруулсан. Хичээлийг ихэнхдээ цөөн хүнтэй группт гудсан дээр хийдэг.