Нэмээд, эстроген дааврын түвшин буурснаас үтрээний цусан хангамж багасч нимгэрэн,уян хатан, чийглэг байдлаа алдан нарийсч бэлгийн хавьтал эмзэглэлтэй болж, эмэгтэйчүүд бэлгийн хавьтлаас зайлсхийдэг болно.
Эстроген дааврын түвшин буурах нь бэлгийн дур хүслийг бууруулагч цорын ганц шалтгаан биш бөгөөд цэвэршилтийн болон цэвэршсэний дараах насны эмэгтэйчүүдийн бэлгийн амьдралын идэвхжилд нөлөөлдөг дараах хүчин зүйлийг дурдаж болно:
- Давсгаа хянаж чадахаа болих
- Нойр муудах
- Сэтгэл гутрал болон зовнил
- Стресс
- Хэрэглэж буй эмчилгээний гаж нөлөө
- Бусад өвчлөлийн үр нөлөө
- Хувийн харьцаа хөндийрөх
Дотно харьцааг зөвхөн бэлгийн хавьтлаар тодорхойлж болохгүй. Хайр сэтгэл, дур хүслээ олон аргаар илэрхийлж болдог. Хамтдаа удаан алхах, лааны гэрэлд оройн зоог барих, бие биеэ илж таалах, гараа атгалцах зэргээр хамтдаа цагийг тааламжтай өнгөрөөх олон арга бий.
Хайрын харьцааг дараах аргаар илүү дотно болгох гэж үзээрэй:
- Өөрийнхөө биеийн бүтэц, бэлгийн үйл ажиллагааны талаар судалж, насжилт даган бий болох хэвийн өөрчлөлт болон бэлгийн харьцааны зан төлөв, өөрийн оруулж болох хувь нэмрийн талаар мэдэх нь зүйтэй. Ингэснээр өөрийнхөө бэлгийн чадавхийн талаар санаа зовохыг зогсоож чадна.
- Сэрэл, тачаалыг сэдээдэг эротик ном, кино үзэх, биеийнхээ сэрэл өдөөгддөг хэсгийг гараар хангах, бэлгийн харьцааны хэвшсэн хэлбэрээ өөрчлөх зэрэг аргуудыг турших.
Санаа зовнил, ичингүйрэл, биеийн чангарлаа арилгахын тулд биеэ суллах, тайвшрах, бодлоо цэгцлэх арга барилд суралцах. Үүнд: эротик төсөөлөл, уран сэтгэмжийг хөгжүүлэх бичлэг, бэлгийн хавьтлыг сайжруулах хөдөлгөөнтэй дасгал, хөгжимтэй сургалт, телевизийн нэвтрүүлэг зэргийг үздэг байж болно.
- Бэлгийн хавьталгүйгээр бие биеэ зөвхөн өдөөдөг, таашаал өгөх иллэг хийж, дотно яриа өрнүүлэх нь хосуудын хоорондын харилцааг сайжруулж, тав тух, дотно харилцааг хадгалахад тустай.
- Бэлгийн хавьтал зовиур эмзэглэлтэй бол тохирсон байрлалуудыг олж сонгох хэрэгтэй. Мөн бэлгийн харьцаанд орохоосоо өмнө тайвшруулах халуун ваннд орох, үрэлтээс үүсэх өвдөлтийг намдаах зорилгоор үтрээний чийгшүүлэгч, тослогч нарыг хэрэглэдэг байх хэрэгтэй.
Цэвэршилтийн үе эхэлснээс үл хамааран үргэлжлүүлэн жирэмслэхээс хамгаалах шаардлагатай байдгийн адилаар бэлгийн замын халдвар авахаас өөрийгөө хамгаалдаг байх ёстой. Насжилт болон нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоонд өөрчлөлт гардаг ч бэлгийн замын халдвар авах эрсдэл буурдаггүй тул бэлгийн идэвхтэй харьцаатай хэн ч болов халдвар авах эрсдэлтэй байдгийг мартаж болохгүй.
Бэлгийн идэвхжлийг нэмэгдүүлэх амьдралын хэв маягийн өөрчлөлт
Таны бэлгийн амьдралд нөлөөлж байгаа асуудлыг шийдэхэд туслах дараах энгийн алхмуудыг туршаад үзээрэй:
- Эрүүл мэндийн асуудлаа шийдэж, эмчилгээ хийлгэх. Таны биеийн ерөнхий байдал бэлгийн эрүүл мэндэд нөлөөлнө. Жишээлбэл, үтрээний цусан хангамжийг сайн байлгахын тулд нийт зүрх судасны эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй.
- Тогтмол дасгал, хөдөлгөөн хийх. Хөдөлгөөний идэвхтэй байх нь эрч хүчийг нэмэгдүүлж, сэтгэл санааг сэргээж, биеийн галбирыг сайхан болгодог. Эдгээр нь бүгд таны бэлгийн амьдралын идэвхжил болон өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж өгнө.
- Тамхинаас татгалзах. Тамхи татахад үтрээнд хүргэгдэх цусан хангамж болон эстроген дааврын хүргэлтийг багасгаж байдаг.
- Мансууруулах бодис, согтууруулах ундаанаас зайлсхийх. Эдгээр бодисууд нь аливаа сэдээлтэнд хариу өгөх үйлдэл болон чадварыг сулруулдаг.
- Бэлгийн хавьтлыг аль болох олон байлгахыг эрмэлзэх. Бэлгийн харьцаа нь үтрээний цусан хангамжийг нэмэгдүүлж, эд эсийг эрүүл байлгахад тустай.
- Бэлгийн дуршил, сэрлийн мэдрэмж төртөл хугацаа шаардагддаг тул хавьтлыг эхлэх гэж бүү яар. Сэрэл оргилдоо хүрсний дараа л үтрээ чийгшиж үтрээний ханын эдийг хамгаалдаг. Үтрээний ямар нэгэн зовиур илэрч байгаа үед бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх нь зүйтэй.
- Аарцгийн булчингийн дасгал хийх. Эдгээр дасгалууд нь үтрээний цусан хангамжийг нэмэгдүүлж, дур ханахад оролцдог булчингуудыг хөгжүүлдэг.
- Үтрээний салсыг цочроодог бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх. Ванны хөөс, хурц саван зэрэг нь үтрээг цочроож болзошгүй. Үтрээний гүн угаалга хийж болохгүй. Үтрээ хуурайшсан байхад харшлын болон ханиадны эм уухад хуурайшлыг улам нэмэгдүүлэх хандлагатай болдог.
- Үтрээний хуурайшилтыг эмчлэх олон арга, эмчилгээ байдаг тул эмчээс зөвлөгөө аваарай.
Мөн амьдралын хэв маягаа өөрчлөх талаар нөхөртэйгөө ярилцаж, хамтарч арга хэмжээ авбал бэлгийн амьдралаа хадгалах бүрэн боломжтой.
Нөхөртэйгөө нээлттэй ярилцах
Бэлгийн амьдралдаа гарч байгаа өөрчлөлтийн талаар нөхөртэйгөө илэн далангүй дараах асуудлаа шийдэж ярилцаарай:
- Танд юу сайхан, юу санаанд таарахгүй байгааг илэн далангүй хуваалцах
- Ямар нөхцөлд биеэ барихгүй алжаал тайлах бололцоотой цаг үе
- Ямар байрлал танд илүү эвтэйхэн байдаг
- Дур хүсэл төрж, өдөөгдөхөд өмнөхөөсөө илүү хугацаа хэрэгтэй байгаа эсэх
- Таны гадаад үзэмж өөрчлөгдөж, та тэндээ санаа зовниж байгааг хуваалцах
- Харилцан бие биенээсээ бэлгийн харьцаанаас өөр хэлбэрээр таашаал авдаг байх (илж таалах гэх мэт)
Нөхөртэйгөө илэн далангүй ярилцах нь дотно харилцааг бат бөх болгоод зогсохгүй, хоорондын бие махбодийн болон сэтгэл санааны холбоог сайжруулна. Хэрвээ танд үнэхээр тусламж хэрэгтэй бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй.
Хэдийгээр насжилт дагаж эмэгтэйчүүдийн бэлгийн харьцаанд орох хүсэл буурдаг ч, бэлгийн хавьталт болгоноос авах ханамж нэмэгддэг болохыг судалгаагаар тогтоожээ. Эмэгтэйчүүд олон шалтгааны улмаас бэлгийн идэвхтэй амьдралтай байхыг эрмэлздэг. Эдгээр шалтгаануудын нэг нь хожуу насанд харилцаагаа хадгалж, дээдэлж үлдэх явдал юм.
Эмэгтэйчүүд бэлгийн амьдралаа сэргээх “ид шидийн” зүйлийг хайдаг ба түүний ганц шийдэл бол зөвхөн бэлгийн харьцааг тогтмол хадгалж чадах. Орчин үед эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхлэхийн хажуугаар гэр орны ажилд дарагдан тогтмол хэлбэрийн стрессийн дарамтаас бөөрний булчирхайн сулрал болон дааврын тэнцвэрийг алдагдалд хүргэн, бусад өвчнөөр өвчлөх шалтгаан болдог. Үүн дээр цэвэршилтийн нас ойртон эмэгтэйчүүдийн бэлгийн дуршил улам буурдаг. Одоогоор бэлгийн амьдралыг сэргээхэд туслах зориулалтын түрхлэг, эм бэлдмэл, тэжээл, өвөрмөц тоног төхөөрөмж зэргийг зохион бүтээж хэрэглэх боломж хязгаарлагдмал байгаа ч амьдралын хэв маягаа өөрчилж, зөв дадал зуршилтай болж чадвал цэвэршилтийн өмнөх, шилжилтийн болон дараах үед бэлгийн харьцааны идэвхээ бууруулахгүй байж чадна. “Бэлгийн дуршлыг хадгалагч” амьдралын хэв маяг нь тун энгийн, ид шидийн биш, харин танаас арай илүү сэтгэлийн тэнхээ, оюуны хүч шаардана.
Хаанаас эхлэх вэ? Юуны түрүүнд өдөр тутмын хэвшмэл байдлаа өөрчлөх. Жишээлбэл, оройн хоолоо идсэний дараа буйдан дээр суугаад зурагт үзэхийн оронд гарч алхвал таны зүрх судасны эрүүл мэндэд тустайгаас гадна бэлхүүсний тойрог нарийсна. Бэлгийн амьдралдаа ч үүнтэй адил өөрчлөлт хийгээрэй. Дунд насанд бэлгийн дур хүслээ өдөөхөд арай илүү хүчин чармайлт хэрэгтэй байдаг. Та болон таны хамтрагч хоёулаа өөрсдийнхөө байдалд дүгнэлт хийж цаашид бэлгийн амьдралаа нандигнан хайрлахын төлөө хамтран зүтгэхээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эрчүүд ч мөн адил хамар чихний үсээ тайрах, сахлаа арчлах болон хувийн ариун цэврийг сайтар сахиж эмэгтэйчүүдийн хүслийг өдөөх эрмэлзэл гаргах хэрэгтэй.
Хосууд хоёулаа бэлгийн хүсэл сонирхлоо харилцан ойлголцоход хичээл зүтгэл гаргаж, бэлгийн амьдралаа сайжруулах сонголт хийхэд анхаарсан үедээ бэлгийн харьцаанаас чухам юуг илүү хүсэн хүлээж байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Та сэрэл мэдрэмж, бэлгийн ханамжийг чухалчилж байна уу, эсвэл дотно харилцаа, хайр сэтгэл, халамж анхаарлыг хүсч байна уу? Энэ талаар хамтрагчтайгаа илэн далангүй ярилцаж, бэлгийн харьцаанаас юуг хүсэн хүлээж байгаагаа харилцан ойлголцож, хүслээ бодит болгохын тулд хамтдаа хичээгээрэй.
Дараагийн алхам танд хачирхалтай санагдах байх. Гэхдээ та зайлшгүй бэлгийн харьцаатай байх хуваарьтай болох хэрэгтэй. Ингэх нь романтик биш байж болох ч, бэлгийн амьдралтай байхын давуу талыг мэдрүүлнэ. Бэлгийн дур хүслийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дүрсэлснээр бэлгийн тачаангүй дур хүсэл нь төлөвлөөгүй гэнэтийн үйл явдал, буцалж эргэлдүүлж, цахилгаан ниргэж, ухаан самууруулсан үйлдэл мэт дүрслэгддэг. Гэвч бодит амьдралд олон жил үргэлжилсэн харьцааг халуун хэвээр байлгах арга зам өөрчлөгдөх ёстой. Бэлгийн харьцаанд орно гэдгээ мэдсэн үед лаа, гоёмсог дотуур хувцас, янаг хүсэл төрүүлэх таатай орчин үүсгэж бэлдвэл таны хайртыг гайхшруулан шинэ мэдрэмж төрүүлнэ. Хамтдаа цаг өнгөрүүлэхийн өмнө өдрийн цагаар мессеж илгээж, мэйл бичиж, утсаар сээтэн хаявал та хоёрын учрал илүү амттай болох нь дамжиггүй.
Эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн харьцааг төлөвлөх нь сэтгэл санаагаа бэлдэх, өдрийн стрессээ ардаа үлдээх, янаг амрагийн явдалдаа төвлөрөх зэрэг олон давуу талтай. Ихэнх тохиолдолд эрчүүд илүү их бэлгийн харьцааны дуршилтай байдаг ба эмэгтэйчүүд дургүйцсэн ч гэмшсэндээ бэлгийн хавьталтанд ордог. Энэ байдал дааврын өөрчлөлттэй холбоотой ч сэтгэл санаагаа төлөвлөж бэлдвэл хайрын харьцаа илүү дотно болно.
Насжилт явагдахын хирээр бэлгийн дааврыг нөхөж, зөв хооллон, байнгын дасгал хөдөлгөөн хийдэг байх нь бэлгийн дур хүсэл, бэлгийн харьцааны идэвхид ихээхэн чухал үүрэг гүйцэтгэнэ. Эстроген, прогестерон, тестостерон даавруудын түвшин хэт ихсэх, эсвэл багадах нь бэлгийн дуршил болон идэвхжлийг сулруулж болно. Эрүүл урт насалж, амьдралын чанараа дээшлүүлж, сэтгэл хангалуун бэлгийн харьцаатай байхын тулд өөрийн биеэ сайн мэдэрч, юу өөрчлөгдөж байгааг сайн мэддэг байх хэрэгтэй.
БЭЛГИЙН ИДЭВХТЭЙ АМЬДРАЛТАЙ БАЙХЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АШИГ ТУС
- Ханиад, томуунаас сэргийлнэ. Бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүсийн шүлсэнд ханиад болон бусад халдварыг эсэргүүцдэг иммуноглобулин А эсрэг биеийн хэмжээ өндөр байдаг.
- Сэтгэл гутрал, стрессийг бууруулдаг. Шоколадаар өөрийгөө тайвшруулах шаардлагагүй. Бэлгийн харьцааны үед эрэгтэй хүний үрийн шингэн нь эмэгтэй хүнд сэтгэл гутралын эсрэг эмийн адил үйлчлэлтэй байдгийг зарим судалгаагаар тогтоожээ.
- Ой санамж сайжирна. Нас биенд хүрсэн хулгана дээр хийсэн туршилтаар бэлгийн идэвхтэй харьцаанд ордог хулгануудын тархины дурсамж хадгалдаг хэсгийн мэдрэлийн эсийн тоо үржилд ороогүй хулганаас их байдгийг нотолжээ.
- Биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулна. Байнгын идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь бэлгийн идэвхжлийг сэдээдэг ба байнгын бэлгийн харьцаа нь биеийн ерөнхий эрүүл мэндэд сайн. Хагас цагийн бэлгийн хавьтал нь 144 орчим ккал илчлэг шатаадаг. Мөн байнга дасгал хийх нь бэлгийн харьцааны чанарт сайнаар нөлөөлдгийг судалгаагаар тогтоожээ.
- Өвчин намдаах үйлчилгээтэй. Халуунаар тэврэхэд нийлэгждэг даавар окситоцин нь стрессийг бууруулж, тайвшрал ба ханамжийн мэдрэмж төрүүлнэ. Бэлгийн харьцаанд ороход баяр хөөр, таашаал, аз жаргалын мэдрэмжийг төрүүлдэг серотонин, эндорфин, фенил етиламин зэрэг дааврууд ялгарч, булчингийн болон нурууны өвдөлтийг намдаах ид шидтэй. Мөн бэлгийн харьцаанд орсноор толгойн мигрень өвдөлт, үе мөчний өвчний гаж нөлөөг багасгадаг гэсэн баримт байна.
- Нойрыг дэмжинэ. Бэлгийн харьцааны үеэр ялгарах норепинефрин, серотонин, окситоцин, васопресин зэрэг даавруудын нөлөөгөөр тэврэлдэн нам унтах үйлчилгээ үзүүлдэг. Эрэгтэйчүүдийн тархины шинэ мэдээлэлд хариу өгөх, хөрвүүлэх үүрэгтэй урд хэсгийн үйл ажиллагаа дур ханасны дараа нэн даруй буурдаг тул шууд унтах өндөр магадлалтай.
- Үнэртэх мэдрэхүйг сайжруулна. Орондоо илүү цагийг өнгөрөөх нь бидний үнэртэх эрхтэний үйл ажиллагааг сайжруулдаг гэвэл та итгэх үү? Бэлгийн харьцаанд орсны дараа бидний тархин дахь үнэрийг хүлээн авч, хариу үйлдэл үзүүлдэг уртавтар тархины мэдрэлийн шинэ эс бий болгодог пролактин даавар ялгардаг.
- Залуу харагдуулна. Долоо хоногт тогтмол 2-3 удаа бэлгийн харьцаанд ордог хосууд өөрийн наснаас дунджаар 10 жилээр залуу харагддаг. Дур ханах нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биед эстроген дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг. Эстроген даавар нь үс, арьсны эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, илүү дур булаам харагдуулдаг.
- Цусны даралтыг бууруулна. Цусны өндөр даралт нь цусны судсанд очих даралтыг нэмэгдүүлж, артерын судсыг нарийсгаж, хатууруулна. Судас нарийсч зүрх судасны цусан хангамж муудсанаас эрэгтэйчүүдийн бэлэг эрхтэний хөвчрөлтийг сулруулж, эмэгтэйчүүдийн сэрэл хөдлөх, дур ханах үйл явцыг удаашруулна. Бэлгийн гол даавар тестостерон нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд хоёуланд нь бэлгийн дуршлыг нэмэгдүүлэхэд хэрэгтэй. Тестостерон дааврын хэмжээ буурснаас цусны даралт ихэсдэг хамаарлыг судалгаагаар тогтоосон байна. Тестостерон дааврын хэмжээг нэмэгдүүлж, бэлгийн идэвхтэй харьцаатай байснаар цусны даралтыг бууруулах бололцоотой.
- Зүрхний өвчний эрсдэлийг бууруулна. Бэлгийн идэвхтэй харьцаа нь эрэгтэйчүүдийн цус харвах болон зүрхний титэм судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулдаг. Судалгаанаас харахад сард нэг ба түүнээс цөөн удаа бэлгийн харьцаанд ордог эрэгтэйчүүдийн зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүстэй харьцуулахад 45 хувиар илүү байдаг. Биеийн ерөнхий эрүүл мэнд сайтай эрэгтэйчүүд бэлгийн илүү дуршилтай байх бөгөөд бэлгийн харьцаанд аль болох олон орох нь зүрх судасны эрхтэн тогтолцооны эрүүл мэндэд тустай.
- Сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулна. Бэлгийн идэвхтэй амьдралтай эмэгтэйчүүд тайван, чөлөөтэй мэдрэмжтэй байхаас гадна цусан дахь сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулдаг даавруудын өөрчлөлт бага байдаг. Нэмж хэлэхэд стрессийг бууруулах нь сарын тэмдгийн мөчлөгийг тогтвортой байхад нөлөөлдөг бас нэг хүчин зүйл юм.