Урт удаан хугацаанд эрүүл саруул амьдрахын нэгэн чухал түлхүүр нь өвчлөлийн түүхгүй эрүүл эцэг эхээс төрсөн байх явдал юм. Гэхдээ хэн ч эцэг эхээ сонгох боломжгүй. Гэхдээ шинэ судалгааны үр дүнгээс харахад хүний тархины хөгжлийн уян хатан чанар тун гайхамшигтай. Эрүүл мэндийн хүнд асуудлуудыг урьдчилан төлөвлөж эсвэл аюулгүйгээр өнгөрөөж болно. Хүний зан чанар, хандлага болон стрессээс ангижирч чадах чадамжаар өвчлөлийн үйл явцыг ч хянах боломжтойг шинжлэх ухааны судалгаа харуулж байгаа. Стрессгүй байхад төвлөрч, сэтгэх чадвар өндөр байж тархины үйл ажиллагаа хурц, ухаалаг хэвээрээ үлддэг байна.
Та өнөөдөр өөрийнхөө насыг уртасгах, хамгийн гол нь эрүүл насжихад нөлөөлж чадна. Харин яаж өөрчилж болоход суралцан, цаг алдалгүй хэрэгжүүлж эхлээрэй. Эрүүл, эрч хүчтэй байхын тулд дараах 10 аргыг хэрэгжүүлээрэй.
Тархиа сэргээ. Удаан амьдарна гэдэг бол нэг хэрэг. Харин урт бөгөөд цоглог, эрч хүчтэй наслахын тулд танд хурц, хүч чадалтай тархи хэрэгтэй. Тархи бие махбодийн адил дасгал сургуулилалт хийхгүй бол сэтгэх чадвар нь муудаж, мэдрэлийн өвчлөлд өртөх өндөр эрсдэлтэй болдог. Өндөр настай гэлэнмаа нарыг судалсан судалгаагаар өндөр боловсролтой эмэгтэйчүүдийн Альцхаймер сэтгэцийн эмгэгийн илрэл ховор байдгийг ажигласан байна. Альцхаймер өвчлөл явагдаж эхэлсэн ч ажлын хажуугаар нийгмийн идэвхтэй байсан эмэгтэйчүүдэд Альцхаймер өвчний илрэл хөнгөн байдаг байна. Тархинд ачаалал өгсний үр дүнд мэдээ дамжуулалтын сувгууд нээлттэй байх бололцоотой. Үүний тулд шинэ хэл сурах, ном унших, эсвэл энгийнээр эргэн тойрноо ажигладаг, шинждэг, сониуч байх зуршилтай болох хэрэгтэй. Эргэн тойрны зүйл дээр тогтож хар, үнэрлэ, төвлөрч сонс. Нас нэмэх хирээр тархийг сайн ашиглахгүй бол алдах магадлал өндөр байдгийг санаарай.
Зөв хооллох. Эсийн нөхөн төлжилтийг дэмжихэд шаардагдах тэжээл амин дэмийг нөхөхийн тулд өдөрт хэрэглэвэл зохих жимс болон хүнсний ногоо, (доод тал нь 5 нэгж ) бүхэл үрийн буудайны бүтээгдэхүүн хэрэглэдэг байх хэрэгтэй. Шингэний хэрэглээг нэмэгдүүлж өдөрт 5-8 аяга шингэн (227 мл) хэрэглэх хэрэгтэй. Хоол хүнсээр өдөрт хэрэглэх илчлэгийн зөвхөн 30-35 хувийг л өөх тосноос авч бай. Ханаагүй өөх уг өөх тосны 1\5 л эзэлж болно. Хоолноос авах нийт илчлэгээс 15 хувийг уураг, үлдсэнийг нүүрс устөрөгчөөс буюу жимс, хүнсний ногоо, бүхэл үрийн талхнаас авч байхаар хооллох хэрэгтэй.
Сэтгэлгээ, бодолдоо анхаарал тавих хэрэгтэй. Бие эрүүл байж, сэтгэлийн шаналгаагүй амьдрахыг зорих хэрэгтэй. Шашин шүтэх, өөрийн итгэл бишрэлтэй байх нь хүний бие махбодид эерэг нөлөө үзүүлдгийг олон судалгаа харуулжээ. Бясалгал хийх, залбирах, бусдыг өршөөж сурах зэргээр өөрийн сэтгэлээ тайтгаруулж чаддаг байвал илүү аз жаргалтай бусадтай нийцтэй болж болох тухай судлаачид дурдсан байна. Kундалини төрлийн иог бясалгал нь стрессийн өндөр ачаалалтай, сэтгэл гутрал, гүйцэх гэж хэт төвлөрдөг мэдрэлийн эмгэгтэй хүмүүст хамгийн тохиромжтой гэдэг нь харагджээ. Судлаачдын үзэж байгаагаар хожуу насанд бодол санаа болон сэтгэл хөдлөлд илүү их ач холбогдол өгч анхаарвал наслалтыг уртасгах боломжтой гэсэн байна.
Идэвхтэй дасгал хөдөлгөөн. Урт наслах хүсэлтэй хүн бүр аэробик дасгалыг дотно найзаа болгох хэрэгтэй. Насжилт дагаж булчин сулрах, хөдөлгөөний баримжаа алдах, ачаалал даах чадвар муудах, яс сийрэгжих өөрчлөлттэй тэмцэхэд дасгал хөдөлгөөн тусалж чаддаг нь олон зуун судалгааны тайлангаас харагдаж байгаа. Дасгал хийж эхэлж чадахгүй байгаа бол яг өнөөдрөөс эхлээрэй. Дасгалын горимд орохын тулд эхлээд ойролцоогоор 10 төрлийн дасгалыг, дасгал бүрийг 8-15 удаагийн давтамжтайгаар долоо хоногт хийхийг зорих хэрэгтэй. Энэ горимоор хийгээд дасвал яваандаа эдгээр 10 дасгалд өдөрт ердөө 10 минут зарцуулдаг болж бие чангарна.
Антиоксидант буюу үл исэлдүүлэгч агуулсан хоол хүнс, тэжээлийн хэрэглээг нэмэгдүүл. Насжилтаас үүдэлтэй ихэнх өвчлөлд чөлөөт радикалуудын нэгдлүүд нөлөөлж байдаг. Харин антиоксидант нэгдлүүд чөлөөт радикалуудыг саармагжуулж чаддаг. Хүн бүр антиоксидант нэгдлийг хоол хүнсээрээ эсвэл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр авах хэрэгтэй. Гүн өнгийн хүнсний ногоо болох улаан лооль, лууван, жууцай, спинач нь каротиноид, үхрийн нүд болон ихэнх жимс, жимсгэнэ флавонойд бүлгийн антиоксидантаар баялаг. Хоол хүнсэнд агуулагдах олон төрлийн антиоксидантууд хоорондоо харилцан уялдаатай үйлчлэх тул шаардагдах хэмжээний антиоксидантыг аль болох хоол хүнсээрээ нөхөх нь зүйтэй.
Зөв орцтой амин дэм болон нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх. Тодорхой нөхцөл байдлаас шалтгаалж биед шаардагдах хэмжээний амин дэм, шим тэжээлийг бид үргэлж хоолоороо авч чаддаггүй. Тэжээлийг нэмэлт бүтээгдэхүүнээр хэрэглэвэл орцондоо дараах амин дэм, тэжээл агуулсан байвал зохино: С амин дэм 200-250 мг, Е амин дэм100-400 ОУ нэгж, 6-10мг агуулсан холимог каротеноид. Эдгээрийг хэрэглэх нь эрүүл мэндийг ихээр дэмждэг ч хэрэглэж буй амин дэм болон тэжээлд найдах нь замбараагүй амьдралын хэв маягийн эрсдэлээс хамгаалах баталгаа болохгүй.
Нойр. Хүн өдөрт 6 цагаас бага унтдаг бол зүрхний шигдээс болон тархинд цус харвах эрсдэл нэмэгддэг нь судалгаагаар нотлогджээ. Нойр дутуу байхад оюун ухааны чадамж ч эрс муудаж, тайвширч чаддаггүй, уцаартай болгодог. Хангалттай амарч чадахгүй байгаа хүмүүс вирусын халдварт өртөмтгий болдог ба гүйцэд нойр авдаггүй хүмүүсийн олонх нь хүнд явцтай үрэвсэлт өвчтэй байдаг. Таны урт наслалт, одоогийн эрүүл мэндийн байдал болон зан авирт өдөрт 8 цаг бүтэн унтах нь маш их эерэг нөлөө үзүүлнэ.
Үрчлээ үүсэхээс хамгаалах зөв бүтээгдэхүүн хэрэглэ. Дөчин нас хүрэхэд нүүрэнд үрчлээс, сэвх, нөсөө зэрэг олон өөрчлөлтүүд насжилтаас үүдэлтэй бий болдог. Гэсэн ч үрчлээ үүсэх шалтгааны 95 хувь нь нарны гэрлийн нөлөөнөөс болдог тул нарны хамгаалалтын тосыг залуу наснаас хэрэглэдэг байх нь зүйтэй. Нэгэнт үүссэн нөсөө, жижиг үрчлээнд ретинол буюу А амин дэм агуулсан бүтээгдэхүүн илүү хэрэглэхийг бодоорой. Ретинол буюу третинойн тос нь хуурайшсан арьсыг гуужуулж, арьсны коллаген нийлэгжлийг хурдагсаж өгдөг. Энэхүү тос нь 0,02 болон 0,05 хувийн найрлагатай савлагддаг, харш бөгөөд гаж нөлөө үзүүлэхгүй тул хүн бүрт тохиромжтой. Тэр байтугай нарны гэмтэл болон арьсны хавдрын эрт шатанд эмчилгээний үр нөлөө үзүүлж чадна.
Даавраа нөхөн сэргээ. Өрхийн эмчид хандаж буй өвчтөнүүдийн ихэнх нь хэт ядардаг болж, бэлгийн дур хүсэл буурч, эрч хүч сулраад байх боллоо гэсэн зовиуртай байдаг. Эдгээр нь дааврын түвшин хэлбэлзэх болсны сонгодог жишээ тул даавар нөхөх болон дэмжих эмчилгээг тохируулж хийхэд биеийн ерөнхий байдал болон хөдөлмөрийн чадварыг мэдэгдэхүйц сайжруулж чаддаг. Эмэгтэйчүүдийн эстроген, прогестерон, эрэгтэйчүүдийн тестостероны хэмжээ 35-н наснаас хойш мэдэгдэхүйц буурдаг биологийн явцтай тул дунд насанд насжилтын явцыг удаашруулах эмчилгээ болон арга хэмжээнд ихэвчлэн дааврын түвшин хадгалах эм бэлдмэлүүдийг эмчийн хяналтанд хэрэглэх нь зүйтэй.
Даавар судлалын шинжлэх ухааны сүүлийн үеийн дүгнэлтээр эмэгтэйчүүд эстроген болон прогестерон эмчилгээнээс гадна тестостерон эмчилгээг эмэгтэйчүүдэд тохирсон зохистой тунгаар хэрэглэх нь эрч хүч нэмэхэд их үр дүнтэй гэж үзэх болсон.
Бидний ихэнх нь насны дагуу сайхан бөгөөд ануухан өтлөх нь зүйтэй гэж үздэг ч өөрийн эрхгүй гоо заслын мэс заслыг сонирхдог болдог. Маш жижиг засал хйилгэхэд буруудахгүй гэж боддог хирнээ нэг дор ихээр өөрчлөгдөх сонирхолтой болсон байдаг шалтгаан нь бид гоо сайхнаа бага залуугаасаа өдөр бүр арчилж байгаагүйгээс энэхүү цорын ганц шийдэлтэй үлддэг нь элбэг. Эцэг эхийн удам дамжсан генетикийн мэдээлэл бидний хэрхэн насжихыг гуравны нэг хувиар удирддаг болохыг бид хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Тэгэхдээ эцэг нь 30 нас дөнгөж гараад үс нь бууралтаж байсан, эх нь үргэлжид үе мөчний өвчтэй байсанд сэтгэлээр унах шаардлагагүй. Насжилтын явцыг үлдсэн гуравны хоёр хувиар та өөрөө бүрэн удирдах бололцоотой.
Нас нэмэх хэжээгээр ажлын амжилт буурч, үр хүүхдүүд биеэ даах болж ам бүл цөөрснөөр амьдрал бүдгэрэх мэт болдог ч сэтгэл санааны тогтворгүй байдлыг удирдахыг суралцах хэрэгтэй. Аз жаргалын мэдрэмж, баяр хөөр бидний дархлааны тогтолцоог дэмжиж стрессийн ачааллыг даах эрч хүч нэмэгдүүлдэг. Стресстэй нөхцлийг хүндээр хүлээж авбал зүрхний цохилт хурдасч, хоол шингээлт муудаж, эд эрхтэнд хүргэгдэх цусан хангамж багасдаг аюултай. Удаан хугацаагаар стрессээс ангижрахгүй явбал бие махбодид бодит сөрөг нөлөө үзүүлж таргалалт, чихрийн шижин, яр шарх, хорт хавдар болж хувирах хүнд үр дагавартай.
Дасгал хөдөлгөөн хийж, хамт олны ажилд идэвхтэй оролцдог байгаарай. Аз жаргалын мэдрэмжийг бий болгох нь таны бодсоноос амархан. Амьдрал танд гайхалтай бэлгээ дэлгэнэ гэдэгт үргэж итгэж бай. Хэдийгээр нас ахиж байгаа ч найз нөхөдтэйгөө уулзаж цэнгэх, соёл олон нийтийн үйл ажиллагаанд оролцдог байхыг хичээ. Өөдрөг үзэл бодол таны эрүүл мэндэд хэрхэн эмчилгээний ач холбогдолтой байдгийг та удалгүй мэдэрч гайхшрах болно. Хэрвээ та өөрийгөө тайвшруулж, ханамжтай ба аз жаргалтай болгох аргаа олж чадахгүй байвал ядаж суралцах хэрэгтэй гэсэн санаачлага гарга. Аз жаргалтай байх үедээ болсон үйл явдлын тэмдэглэл хөтлө. Бухимдуулж байгаа шалтгааныг ухаалгаар дүгнэж, ямар учраас болж буйг олж мэд. Баярлуулсан болон бухимдуулсан аливаа үйл явдлын зөв ба бурууг нь олж мэдэхээс илүү шинэ мэдрэмж, шинэ бодол төрүүлсэнд олзуурхаж өдөр тутмынхаа амьдралыг эдгээр үйл явдлуудад зохицуулдаг болох хэрэгтэй.
Тархи шинэ үйл явдал болон мэдрэмжид дуртай байдаг. Та аливаа шинэ зүйлийг туршсандаа харамсах үе байсан уу? Танихгүй орчин болон мэдэхгүй зүйл хийхэд сандрахаас илүү хүнд зүйл тохиолддоггүй. Харин ч туршлага ур чадваргүй хирнээ зориглоод хийж чадсанд өөртөө бахархах болно. Танихгүй мэдэхгүй орчинд алдах вий гэж айхаас илүү шинэ зүйл туршиж үзсэнд баярладаг байх хэрэгтэй.
Хүний тархи насан турш хөгжиж, шинээр мэдээллийн сувгуудыг үргэлжлүүлэн бий болгосоор байдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Тийм учраас залуу насанд туршаагүй, сураагүй зүйлсийг туршиж сурахаас бүү зайлсхий. Нийгэм олон нийтийн мэдээллийн сүлжээний хэсэг болж, хооллох болон хувцаслах шинэ урсгалаас бүү хоцроорой. Ингэснээр таны сониуч чанар, бүтээлч чадвар хөгжиж, таны эрчтэй урт наслалтанд хэрэгтэй.
Бид өөрсдийгөө хайрлалгүй өөртөө хатуу ханддаг билээ. Ховор тохиолдох амралтынхаа өдрүүдэд бусдад хоол хийж өнгөрүүлдэг хирнээ ажлын өдрүүдээр зөвхөн өөртөө зориулж хоол хийхэд зав гаргаж чаддаггүй. Бид найз нөхдийгөө хамгийн гоё сэтгэл сэргээх үгс хэлдэг хирнээ өөрийгөө урамшуулж, тайтгаруулдаггүй.
Нас нэмэх хэмжээгээр хүссэн бөгөөд чаддаг зүйлээ хийхэд хэцүү болох хэмжээгээр өөрийгөө илүү хайрладаг болох чухал үе юм. Өөрийгөө хичнээн гайхалтай хүн бэ гэж хэл. Сайхан хувцаслаад толины урд гэдийж зогсоод өөрийнхөө гайхамшгийг олж хар. Өөрийгөө үгүйсгэсэн, буруутгасан, үл ойшоосон байдлаа хая. Танд таашаал төрүүлэх зүйлсийг тогтмол хийж, үүнийг эдлэх мэдрэх эрхтэй гэдгээ үнэмшүүл. Өөрийгөө үнэлдэггүй, голдог хүмүүс тогтмол стрессдэж байдаг ба харин стресс бидний биед муу гэдгийг та одоо ойлгосон байгаа.
Олон нийтийн ажилд оролцдог, хамт олонч хүмүүс илүү урт насалдаг тухай олон судалгаа харуулдаг. Найз нөхөд, олны дунд байхад сэтгэл гутралыг бүрэн эмчлэх бололцоотой юм.
Насжихын хирээр чадвар чадамж мууддаг ч та хүнийг тэвчээртэй сонсож чаддаг, зөвлөгөө өгч тайвшруулж чадах ухаан хуримтлуулсан байдаг. Таныг сонсож ярилцдаг найзууд танд хичнээн үнэ цэнэтэйг ухамсарлаж, бусдад туслахыг хичээгээрэй. Та урьдынх шигээ эмч, жүжигчин, эсвэл бизнес эрхлэгч биш болсон байж болно. Гэхдээ олон жилийн туршлагаар та одоогийн онцгой, ухаантай, хөгжилтэй хувь хүн болсон гэдгээ мартаж болохгүй. Энэ бол таны найз нөхөддөө үргэлж өгч чадах зүйл юм.
Насжилтыг сааруулахад тустай зөвлөгөө:
- Тамхинаас гарах
- Зөв хүнс, тэжээл хэрэглэ (антиоксидантаар баялаг жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэ)
- Нарнаас болгоомжил (нарны хэт ягаан туяа арьсыг гэмтээдэг)
- Жинтэй дасгал хий (жинтэй дасгалаар булчин хөгжүүлснээр булчингийн хатингаршлыг зогсоох төдийгүй булчингийн массыг нэмж цусан хангамж идэвхжинэ)
- Стрессээ багасга (стресс нь эд эсийн амьдрах хугацааг богиносгодог)