“ЭРЭГТЭЙ ЦИСТИТ” хэмээн андуурагдах ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ҮРЭВСЭЛ

Эрэгтэйчүүдийн шээс ялгаруулах замын зовиуруудаас давсагны үрэвсэл төст хэлбэрээр илэрдэг түрүү булчирхайн үрэвсэл маш элбэг тохиолддог.

Түрүү булчирхайн үрэвсэл буюу простатит нь ихэнх тохиолдолд нянгийн халдварын гаралтай байдаг ч нас нэмэх хирээр түрүү булчирхайн хэмжээ томорч, шүүрлийн шингэн хуримтлагдсанаас  дунд насны эрчүүдэд түрүү булчирхайн халдварт бус үрэвслийн зовиур ихээр илэрдэг болно.

Түрүү булчирхайн үрэвсэл аль ч насны эрэгтэйчүүдэд тохиолдож болно. Эмнэлэгт ханддаг эрэгтэйчүүдийн бараг 25 хувь нь түрүү булчирхайн үрэвслийн шалтгаантай байдаг. Хамгийн ихээр санаа зовоож буй асуудал бол энэхүү өвчин улам дэлгэрч, залуужиж байна. Судлаачид эрчүүдийн 50 хувь нь амьдралын явцдаа дор хаяж нэг удаа түрүү булчирхайн үрэвсийн  шинж тэмдэгтэй нүүр тулдаг гэсэн ажиглалт гаргаад байгаа.

Түрүү булчирхайн үрэвсэл буюу простатит бол бүрэн тайлбарлагдаагүй хам шинж юм. Эмэгтэй хүнд тохиолдох циститийн давтамжийн адилаар эрэгтэй хүнд простатит элбэг илэрдэг байна. Үүнийг эрэгтэй хүний цистит ч гэж ойлгож болно. Гэхдээ давсагны үрэвсэл болох циститээс ялгарах нь антибиотик эмчилгээ болгонд тэр бүр үр дүн өгдөггүй. Простатитын 90-95% нь нянгийн гаралтай байдаг ч ихэнх нь дан ганц антибиотик эмчилгээнд хурдан эмчлэгдэх бололцоо байдаггүй тул эмч өвчтөн хоёр хоёулаа шантрахгүй үргэлжлүүлэх нь чухал.

prostatitis_shutterstock_127210970-Converted - Copy

Простатитын шинж тэмдэг

Простатит нь хэвлийн доогуур, аарцаг, шулуун гэдэсний амсар орчмоор үргэлжлүүлэн янгинаж өвдөх, шээхэд зовиуртай, ойрхон шээх, бэлгийн харьцаанд орох үед болон дараа нь таагүй болох зэрэг архаг шинж тэмдгээр илэрнэ. Уг зовиурууд аажим эхэлдэг тул ихэнх тохиолдолд оношлогдохгүй, эмчлэгдэхгүй явсаар архагшин эмчилгээнд тэр болгон үр дүн өгдөггүй болдог. Простатитын архаг үрэвслийн уршгаар эрэгтэй үргүйдэл, булчирхайн эдийн үрэвслийн сорвижилтын улмаас ужиг хэлбэрийн тогтмол өвддөлттэй болох үр дагавартай.

Түрүү булчирхайн үрэвслийн өвдөлтийн эрч ихэсч, багасч болох ба өвдөлт тархаж ууц нуруугаар өвдөж болно. Зарим тохиолдолд үрэвсэл тархаж төмсөгнөөс эр бэлгийн эсийг  зөөвөрлөдөг суваг болон төмсөгний эр бэлгийн эс боловсордог дайврыг үрэвсүүлэн төмсөгний  өвдөлтөөр мэдрэгддэг.

Түрүү булчирхай үрэвссэн байхад булчирхайн эд хавдаж хөөснөөс шээлүүрийг дарснаас шээсний гарцын эрч сулрах, шээсэнд цус илрэх, бэлгийн харьцааны  үед үрийн шингэн ялгарал өвдөлттэй болох зэрэг нь простатитын сонгодог шинж тэмдэг байдаг.

Простатитын  төрөл

  • Халдварын хурц простатит. Нянгийн хурц халдвар авахад түрүү булчирхайн хурц үрэвслээр илэрдэг. Хурц простатит ховор тохиолддог ч илрэх шинж тэмдэг нь ойр ойрхон хорсож шээх, халуурах, хүйтэн хөлсөөр хөлрөх, дотор муухайрах, бөөлжих, хэвлий орчмоор өвдөх зэрэг хурц үрэвслийн хүнд хэлбэрээр илэрдэг. Хурц простатитын эмчилгээг яаралтай эхлэхгүй бол халдвар давсаг руу даамжирч, түрүү булчирхай идээлэн, цаашид шээс хаагдах хүртэл хүндрэх аюултай. Эмчлэхгүй удсанаас цусны даралт унах, ухаан самуурах тэр байтугай үхэлд ч хүргэж болно. Простатитын хурц үрэвслийг эмнэлгийн нөхцөлд, судсаар антибиотик, өвчин намдаагч болон шингэн нөхөх эрчимт аргаар эмчилнэ.
  • Архаг простатит. Түрүү булчирхайд үрэвслийн нэг төрлийн нян тогтмол байдгаас шээс ялгаруулах замын архаг үрэвслийн шинж тэмдгээр, эргэж дахих хэлбэрээр илэрч байдаг. Архаг простатит бол бэлгийн замаар дамжсан хурц халдварт өвчин биш. Түрүү булчирхайн архаг үрэвсэлтэй байхад үрэвслийн шинж тэмдэг далд хэлбэрээс эргэж дахин хурц хэлбэрт шилждэг ба өвдөлт нь голдуу бэлэг эрхтэний угт, шулуун гэдэсний амсрын эргэн тойронд, умдаг ясны дээр эсвэл ууцаар мэдрэгдэж тав алдагдуулдаг. Өвдөлт бэлэг эрхтэн болон төмсөг рүү тархах боломжтой. Хүндээр бие засахад өвдөлт мэдрэгдэж болно. Мөн шээсний зам, давсагны үрэвсэл (цистит) төст шинж тэмдгүүд болох шээхэд хорсох, ойрхон шээс, гэнэт шээс хүрч барьж чадахгүй байх зовиурууд илэрнэ. Бие засах хүсэл төрөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Архаг простатитыг антибиотикийн курс эмчилгээгээр эмчлэх ба эмчилгээг үрэвслийн нян бүрэн гүйцэд арилтал эмчлэхгүй бол үрэвсэл илүү ойрхон эргэн дахих хандлагатай байдаг. Хэрвээ дахин халдвар үүссэн бол бага зэргийн өвчин мөн бие засах тоо олшрох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Архаг үрэвслийн антибиотик эмчилгээ үргэлжлэх хугацаа 4-12 долоо хоног хүртэл илүү удаан хугацаагаар хийгддэг онцлогтой байдаг, антбиотикийн төрлийг нянгийн төрөлд тохируулж зөв сонгох нь нэн чухал бөгөөд эмчилгээг зайлшгүй эмчийн хяналт болон заавраар хийх нь зүйтэй. Урт хугацааны антибиотик эмчилгээг хийх шаардлагатай тохиолдолд  антибиотикийн хамгийн бага тунг эмч тохируулж өгнө.
  • Нянгийн бус архаг простатит/ аарцгийн архаг өвдөлтийн хам шинж. Түрүү булчирхайн үрэвслүүдийн бүх тохиолдлын хамгийн өргөн тархсан, 90 орчим хувь нь нянгийн бус гаралтай простатит байдаг. Ялгарах гол шинж тэмдэг нь 6 сарын дотор доод зах нь 3-аас багагүй удаа шээс бэлгийн замын зовиур, аарцаг хэвлийн доогуур хөндүүрлэж зовиурлах нь давтагдах онцлогтой. Өвчтөний шээсний шинжилгээнд ямар нэг бактери, нян илрэхгүй ч үрэвсэл төст шинж тэмдэг мэдрэгдээд байдаг. Энэхүү шинж нь давсагны архаг үрэвсэлтэй андуурагдах нь элбэг.

Нянгийн эх үүсвэртэй хурц хэлбэрийн простатит: бактери, вирус, бэлгийн замаар дамжих халдвараас үүснэ. Шинж тэмдэг нь халуурах, хүйтэн хөлс гарах, ууцаар өвдөх, олон давтамжтай, өвдөлттэй шээх, шээсний урсгалын эрч сулрах, шээс хоригдох

Эмчилгээнд антибиотикийн курс эмчилгээ хийгдэнэ, хэвтрийн дэглэм, өтгөн хөөх болон хордлого тайлах шингэн юм их уух зэргээр эмчлэгдэнэ.

Архаг простатит нянгийн халдвар болон түрүү булчирхайн архаг үрэвслээс үүсч болно. Онцлох шинж тэмдэг нь шээс ялгаруулах замын болон давсагны үрэвсэл төст өөрчлөлтүүд ойрхон давтамжаар эргэн дахих, ойрхон шээх, хэвлийн доогуур болон ууцаар өвддөг байх.

Архаг простатитын үед антибиотикийн курс эмчилгээ, хоолны зөв  дэглэм барих, бага аарцаг, түрүү булчирхайн цусан хангамж дэмжих ургамлын бэлдмэдүүд хэрэглэнэ.

Простатит үүсэх шалтгаан юу вэ?

Саяхныг хүртэл түрүү булчрхайн үрэвслийг бэлгийн замаар дамждаг үрэвсэл гэж үздэг байсан. Сүүлийн үеийн судалгаагаар простатит нь маш цөөн тохиолдолд л бэлгийн замаар дамждагийг тогтоожээ.

Простатит үрэвсэлд дараах хүчин зүйл хүргэдэг:

  • Давсагны хурц үрэвслээр өвчилсөн
  • Түрүү булчирхайн томролтой
  • Шээсний сувгийн катетр тавих зэрэг жижиг мэс ажилбар хийлгэсэн
  • Шулуун гэдсээр бэлгийн харьцаанд орсон
  • Шээс ялгаруулах замын бүтцийн эмгэгтэй байвал

Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар давсагны шээлүүрээр уруудах шээс эргэн сөрж түрүү булчирхайн сувагт орсноос түрүү булчирхай үрэвсдэг нь өндөр магадлалтай гэж үзэж байна.

Гол төлөв шээс давсагнаас ялгараад шээлүүрээр дамжин ялгардаг. Зарим нөхцөл байдлаас шээс түрүү булчирхайн суваг руу орж түрүү булчирхайг үрэвсүүлэх магадлалтай байдаг.

Стрессийн нөлөө мөн шээсний урсгал, давсагны агчил болон бага аарцагны цусан хангамж ба мэдрэлжүүлэлтийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх хүчтэй хүчин зүйл болдог. Түрүү булчирхай бол тун эмзэг эрхтэн. Стрессийн нөлөөгөөр хоол боловсруулах эрхтэнүүдийн үйл ажиллагаа хямардгийн адилаар простатит нь стрессээс болж үүсэх магадлал өндөр байдаг.

Digital_rectal_exam - CopyОношилгоо

Ерөнхий үзлэг болон шулуун гэдсээр түрүү булчирхай тэмтрэх шинжилгээгээр түрүү булчирхай томорсон зэрэглэлийг тодорхойлно. Оношийг баталж тохирсон эмчилгээ хийхийн тулд түрүү булчирхайн шингэний шинжилгээ /халдварын нянг тодорхойлно/, хэт авиан оношилгоо хийнэ. Нэмж тодруулах, ялган оношлох зорилгоор шээсний шинжилгээ хийж, бөөр шээс ялгаруулах замын аль түвшинд үрэвсэл явагдаж байгааг олж тогтооно.

Эмчилгээ

Тусгай элбийн мэт үйлчлэлтэй, простатитыг төгс эмчлэх эм бараг байхгүй. Гагцхүү зовиур бөгөөд шээс ялгаруулах эмгэг зовиурын шинж тэмдгийг багасгах, чангарал багасгаж, цусан хангамжийг дэмжсэн хавсарсан эмчилгээ хийж байж эмчилгээний төгс үр дүнд хүрнэ. Эдгээрт, үрэвсэл дарж өвчин намдаагч ибопруфен, волтарол, чангарал суллах, аарцгийн булчин сулруулагч зэрэг эмчилгээ орно.

Эмчилгээг өвчтөний шинж тэмдгийн илрэл, зовиурыг үндэслэж урологич эмч  хүн бүрийн онцлогт тохируулан хийх эмчилгээг санал болгоно. Зөв оношлох нь үр дүнтэй эмчилгээний үндэс. Давсагны салстын үрэвсэл, шээлүүрийн үрэвсэл болон бөөрний эмгэгээс ялган оношлох нь маш чухал.

Простатитын эмчилгээнд:

  • Үрэвсэл дарах эмчилгээний хажуугаар халуун ваннд суух нь хамгийн сонгомол эмчилгээний арга.
  • Нянгийн гаралтай архаг болон хурц үрэвсэлд антибиотик эмчилгээ 14 хоногийн турш хийхэд хангалттай .
  • Архаг простатитын үед антибиотик эмчилгээ урт хугацаагаар хийгддэг. Гол төлөв 12 долоо хоног үргэлжилнэ. Архаг простатитын 75% нь энэ эмчилгээгээр эдгэрдэг.
  • Өвчин намдаах эмчилгээ.
  • Булчин сулруулах эмчилгээ.
  • Халдварласан түрүү булчирхайн хэсгийг мэс заслын аргаар авах. Эмч энэхүү эмчилгээг простатитын хүнд үед зөвлөдөг. Үүнд шээс ялгарч чадахгүй зогсонгших үеийг хамруулна.
  • Халдварт простатитын үед дэмжих эмчилгээ буюу өтгөнийг хатууруулахгүй байх түрүү булчирхайн массаж хийх зэрэг эмчилгээ хийгдэж болно.

Простатит үрэвсэл 18-50 насны эрчүүдэд зонхилон тохиолддог. Түрүү булчирхайн архаг халдвар нь түрүү булчирхайг сорвижуулж энэ нь үрийн шингэн үүсэлтэнд сөрөг нөлөө үзүүлдэг. Зарим мэргэжилтнүүд простатит нь эсийн хувиралд хүргэж, түрүү булчирхайн хорт хавдрын шалтгаан болох нь элбэг гэж үздэг.

Простатитын өвдөлтийн зовиур нь зөвхөн бие эрхтэний зовиур бус бүхий л бие ба сэтгэлийг хамарч, санаа зовнил, сэтгэл гутрал, өөртөө итгэлгүй болох зэргээр эрэгтэйчүүдийн амьдралын чанарыг бууруулдаг.

Простатит нь эмчлэгдэж болох өвчин. Бүрэн төгс эмчлэгдэхгүй, шинж тэмдгүүд эргэж дахиад байдаг ч эмчилгээ болгоныг зааврын дагуу мөрдөж хийвэл зовиургүй байх боломжтой. Гагцхүү эмчийн зөвлөсөн бүх л эмчилгээг зөвлөсний нь дагуу гүйцээж хийдэг байх хэрэгтэй.

Халдварын хурц простатит эмчилгээнд бүрэн арилж эдгэрдэг.

Танд шээх аливаа зовиур мэдрэгдэж эхлэх, шээс тунадастай болж эвгүй үнэртэй болох аль ч шинж илэрч эхэлсэн тэр даруй цаг алдалгүй эмчид хандаж байгаарай. Гол нь дотроо бодож чимээгүй шаналаад явах шаардлагагүй.  Шинж тэмдгээ үл ойшооно гэдэг нь өвчнөө архагшуулна гэсэн үг. Ингэснээр бүрэн гүйцэд эмчлэгдэх боломжийг алдана, хугацаа алдалгүй эрт эмчилж эхэлбэл төгс эмчлэгдэх боломжтой.

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »