Эр хүн уйлдаггүй. Эрэгтэйчүүдийн дунд насны хямралын тухай.

Эрчүүд дунд насанд хүрэхэд эмэгтэйчүүдийн адил сэтгэлзүйн хямралын хүндхэн асуудалтай тулгардаг байна.

Эрчүүдийг гаднаас нь харахад ямар ч асуудал тулгараагүй мэт, амгалан тайван харагдавч тэд дотроо үнэхээр тийм байдаг уу? Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ихэнх эрчүүдэд тохиолддог хэвийн үзэгдэл боловч тэдний тавны нэг нь чимээгүй шаналж байдаг. Судалгаанаас үзэхэд эрчүүдийн тэн хагас нь сард дор хаяж нэг удаа гүн стресст орж, сэтгэлийн хямралд өртөн, үймэрдэг ба тэдгээр эрчүүдийн арван хүн бүрийн нэг нь өдөр бүр бухимдуу байдгаа хүлээн зөвшөөрсөн байна.

Дунд насны эрчүүдэд тохиолддог хямрал нь амьдралынхаа хагасыг туулчихсан хирнээ өнөөдрийг хүртэл ажилдаа бүтээсэн амжилт, хувийн амьдралын түвшин зэргийг эргэцүүлэн бодох, дүгнэх, цаашдын асуудалд санаа зовних шалтгаанаас үүсэх нь элбэг. Ийм хямралын үе ойролцоогоор эрчүүдийн 35-50 насанд тохиолддог ба ойролцоогоор 10-аад жил үргэлжлэх хандлагатай.

Аливаа хүн насныхаа дунд үедээ тулаад ирэхэд амьдралдаа хийсэн алдаа, тохиолдсон андуурлаа ухамсарлаж, засч залруулан “зөв байранд нь оруулах” гэж зүтгэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл хөгширч, сонголтгүй болохоосоо өмнө алдаагаа залруулах үе ч гэж хэлж болно. Энэ үеийг “дунд насны шилжилтийн үе шат” гэж нэрлэдэг ч зарим тохиолдолд “дунд насны хямрал” гэж нэрлэх нь илүү оновчтой мэт.

Иймээс таны хань энэхүү шилжилтйн үеийг туулж байгаа бол та түүнийгээ яагаад гэнэт өөрчлөгдөх болсныг ойлгож, түүний хэрэгт оролцохгүй байхад суралцаж, аливаа үйлдлийг нь  уучилж чадвал хайртай хүндээ шилжилтийн үеийг туулахад нь тусалж чадах ба амьдралынх нь хань байх үүргээ жинхэнэ утгаар нь гүйцэтгэж байна гэсэн үг.

Эрчүүдийн дунд насны шилжилтийн үед тохиолдох сэтгэлийн хямрал нь тэдний ойр дотны хүмүүст хүндээр тусч, сөргөөр нөлөөлөх уршигтай байдаг.

Эмч, сэтгэлзүйчдийн үзэж байгаагаар дунд насны шилжилтийн хямрал нь эрүүл мэндийн эмгэг өөрчлөлттэй холбоотой байа бөгөөд дараах шинж тэмдгээр илэрнэ:

  • Цухалдах
  • Бэлгийн дур хүсэл багасах
  • Бэлгийн сулралтай болох
  • Ядарч сульдах

Сэтгэлийн хямрал нь этгээд ааш зан гаргах, гуниглах, шалтгаангүй уцаарлах эсвэл аливаа асуудлаас хөндийрч холддог болох зэргээр ажиглагдана. Гэхдээ эдгээр шинж тэмдгүүд нь эрэгтэй хүн бүрт харилцан адилгүй илрэх нь бий. Зарим эрчүүд дарамттай байдалд орж, ажлын идэвхгүй болдог байхад нөгөө хэсэг нь хэт шамдуу, сандруу, аливаа зүйлд хойшлуулшгүй түргэн зантай болдог байна.

Биед гарах өөрчлөлтүүд:

  • Булчин, үе мөч хөших
  • Шөнө хөлрөх
  • Арьс хуурайших
  • Үс унах
  • Биеийн жин нэмэгдэх
  • Бэртэл, гэмтэл эдгэрэх нь удаашрах

Биед гарах эдгээр өөрчлөлтүүдээс гадна хувийн амьдрал, ажил, эдийн засгийн байдал хавсран эрчүүдийн дунд насны сэтгэлийн хямралыг улам гүнзгийрүүлэх хандлагатай байдаг.

“Эрэгтэй цэвэршилт” хэмээх нэршил байдаг ч эмэгтэйчүүдийн сарын тэмдэг хаагдахыг цэвэршилт гэж тодорхойлдог тул эрэгтэйчүүдийн хувьд цэвэршилтийн үе гэж нэрлэх нь тохиромжгүй юм. Мэргэжилтнүүд нэр томъёоны тухайд бүрэн санал нэгддэггүй ба “андропауз”,”виропауз”, эндопауз” зэргийн аль нэгээр тодорхойлох нь зүйтэй байдаг.

Эрэгтэйчүүдийн хувьд бэлгийн даавар боловсруулалт буурах нь бүх төрлийн дааврын нийлэгжил, биеийн физиологи, биохимийн өөрчлөлтөөр илрэх бөгөөд эдгээр өөрчлөлтүүд ойролцоогоор

Эрэгтэйчүүдийн бэлгийн дааврын буурлын (андропаузын) үндсэн шинж тэмдэг нь бэлгийн дур хүсэл буурах бөгөөд энэ нь дунд насны эрэгтэйчүүдийн биед тестостерон даавар багасдагтай холбоотой. Уг даавар нь булчингийн эдийн масс, хүч чадал, биеийн үс ургалтын хуваарилалт, бүдүүн дуу авиа, бэлгийн харьцааны дур хүсэл зэрэг эр хүний бие бялдар, онцлог төрхийг тодорхойлох, бусад дааврын нийлэгжилд оролцох зэрэг амин чухал үүрэгтэй даавар юм.

Тестостерон дааврын идэвхтэй нийлэгжил 20 насны сүүлээс эхлэн аажим багассаар 80 нас хүрэхэд бэлгийн бойжилтын өмнөх үетэй ижил хэмжээнд хүрдэг. Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед эстроген дааврын нийлэгжил гэнэтийн алдагдалд ордог бол эрэгтэйчүүдийн тестостероны хэмжээ аажмаар удаан хугацаа дамжин буурсаар дунд насанд хүрэхэд андропаузын бүх шинж тэмдгээр илэрдэг байна.

Эрэгтэйчүүдийн тестостерон дааврын түвшин буурах шалтгаан нь даавар зөөвөрлөх үүрэгтэй бэлгийн даавар өөртөө холбон зөөвөрлөдөг уургийн (SHBG) хэмжээ хэт ихэссэнээс хүний бие идэвхтэй хэлбэрийн чөлөөт тестостерон даавраа ашиглах чадварыг бууруулдагт байна.  Мөн түүнчлэн нас ахихад эсүүдийн хана хатуурснаас тестостероныг шингээх чадвар нь буурч тестостерон дааврыг ашиглаж чадахаа больдог байна.

Сэтгэлзүйн хямрал

Дунд насны эрэгтэйчүүдэд шилжилтийн үед санхүүгийн хүндрэл, ажилгүйдэл, тэтгэвэрт гарах, гэр бүл салалт, өрхийн зардал зэрэг шалтгаанаас үүдсэн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд тулгарах нь элбэг байдаг. Сүүлийн жилүүдэд нийгэм өөрчлөгдөхийн хирээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, хариуцлага өөрчлөгдсөөр ирсэн ба эрэгтэй хүн ганцаараа өрх гэрээ тэжээгч байх албагүй болсон. Үүний үр дүнд эмэгтэйчүүд илүү хариуцлага хүлээж, ажил албан тушаал амжилттай эрхлэхийн хажуугаар өрх гэр, гэр бүлийн өмнө хүлээсэн үүргээ ч тэнцвэртэй биелүүлж байна. Энэ нь заримдаа эрчүүдэд өөрийгөө голох мэдрэмжийг төрүүлдэг. Орчин үед эрчүүд төмөр, ган боловсруулах үйлдвэр, нүүрсний уурхайд ажиллаж биеийн хүчний хөдөлмөр хийхээс илүүтэйгээр ширээн дээр компьютерийн ард илүү стресстэй ажиллах болсон.

Хэрвээ таны сэтгэл хямарч, шалтгаангүйгээр бухимддаг болох зэрэг өөрчлөлт мэдрэгдэж эхэлбэл битүү шаналж, барьц алдаж, ойр дотны хүмүүсийнхээ сэтгэлийг зовоолгүй эрүүл мэндийн болон сэтгэл санааны зөвлөгөө авах нь онцгой шаардлагатай.

“Эр хүн уйлах ёсгүй” гэсэн хэлц үгээр хөвгүүд бага наснаасаа хүмүүжин, өсч торнисноос байнгын эрч хүч, эрх мэдэлтэй мэт ойлголттой байсан эрчүүд нас ахин эрүүл мэнд өөрчлөгдөж, эрч хүчээ алдан, ирээдүй тодорхой бус болж байгааг мэдэрч эхлэнгүүт шаналж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй, бусдад сул дорой, арчаагүй харагдах зэргээс эмээж, сэтгэлийн хямралд өртөгдөх тохиолдол элбэг байдаг.

Хүмүүс яагаад дунд насны хямралд өртдөг вэ?

Гэр бүлийн амьдралын аз жаргалыг бүтэн мэдэрсэн, өмнөө тавьсан тодорхой зорилготой, санасандаа хүрэхийн тулд бүх хүчээ зориулан идэвхтэй амьдардаг хүмүүс дунд насны хямралд өртөх нь бага байдаг. Өөрийгөө хайрласан хүн бусдыг хайрлах илүү чадвартай байдгийн адил өөрийнхээ эрүүл мэнд, амьдралын хэв маягт анхаардаг хүн хань ижил, үр хүүхдүүдийнхээ хэрэгцээг хангаж чадах ба дунд насны шилжилтийн хямралын үеийг хялбархан даван туулдаг.

Харин  өөрийн амьдралаас юу хүсч байгаагаа сайн мэддэггүй, зөвхөн бусдын төлөө амьдарч, бусдын хэрэгцээнд илүү их анхаарал хандуулдаг хүмүүс хямралд өртөх эрсдэл илүү өндөр байдаг.

Нөгөө талаас, чөлөөт цагаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөж, гадуур гарах сонирхолгүй зөвхөн өөрийн зорилго, амжилтын төлөө хэт шаргуу ажилладаг эрчүүд  мөн сэтгэцийн өөрчлөлтөнд орох магадлалтай байдаг.

Эмэгтэйчүүд үр хүүхдээ асарч, хоол хийх, гэрээ цэвэрлэхэд ихэнх цагаа зарцуулж, өөрийн эрх ашгаас гэр бүлийн эрх ашгийг дээгүүрт тавьдаг бол түүнд асуудал байна гэсэн үг. Мөрөөдлөө  биелүүлэх хүсэл тэмүүлэлгүй, өөрийн гэсэн сонирхолгүй эмэгтэйчүүдэд хямралд өртөх эрсдэл өндөр байдаг.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд насны хямралын ялгаа:

Эрчүүд тодорхой насанд хүрээд цаг хугацаа урсан өнгөрснийг ухаардаг. Энэ үед эрчүүд дараах айдаст автдаг:

  • Хөгшрөх, хүч чадлаа алдахаас айх
  • Өвчин тусч, доройтохоос айх
  • Эмэгтэйчүүдийг өөртөө татах чадваргүй болох, тэдний хайрыг хүлээж чадахгүй болохоос айх
  • Тавьсан зорилгодоо хүрэх боломжгүй болохоос айх
  • Нас гүйцэж байгаагаас айх

Эмэгтэйчүүдийн хувьд тодорхой насанд хүрэхдээ амьдралд бүхнийг хийж бүтээх боломжтой байсан боловч, гэр бүлээ халамжлахад бүхнээ зориулсан гэдгээ ойлгосноор хямралд өртдөг.

Үр хүүхэд нь өсч том болоход эмэгтэйчүүдэд эх хүний үүргээ биелүүлж байхдаа хийж чадаагүй бүхий л зүйлсээ хийх боломж гардаг. Гэр бүлээрээ олон жил зүтгэж шургуу ажилласны эцэст санхүүгийн хувьд тогтвортой болсон байна. Энэхүү тогтвортой байдал нь эмэгтэйчүүдэд амьдралдаа хийж чадаагүй, хойшлуулсан зүйлсээ танин мэдэх боломжийг олгодог боловч цэвэршилтийн нас ирж эмэгтэйчүүдэд бие физиологийн болон сэтгэл зүйн өөрчлөлт бас хямралтай тулгарах цаг ирнэ. Сэтгэлзүйн өөрчлөлт нь эмэгтэйчүүдэд амьдралаа эргэн нэг харж, амьдралын зорилго болон хэв маягаа зохицуулан өөрчлөлт хийх шаардлагатай эсэхээ өөрөөсөө асуухад хүргэдэг байна.

Иймээс үнэхээр сэтгэлийн хямралд орж байна уу, эсвэл өнгөрсөн түр зуурын үйл явдал нөлөөлөөд байна уу гэдгийг ялгаж сурах хэрэгтэй.

Сэтгэлзүйн хямралд орсон үед бие тавгүйтэх, нойр муудах, гуниглах, хоолны дуршил болон бэлгийн дур хүсэл буурах, итгэл найдваргүй болох, түргэн ууртай, цухалдуу болох зэрэг шинж тэмдгүүд тогтмол хэлбэрээр илэрдэг. Хэрвээ танд эдгээр шинж тэмдгүүд илэрч, 14 хоногоос илүү хугацаагаар үргэлжилбэл эмчид хандаарай. Учир нь дунд насны хямралын зарим шинж тэмдгүүд  эрүүл мэндийн шалтгааны улмаас үүсдэг. Жишээлбэл:  бэлгийн сулрал нь сэтгэлийн хямралаас гадна чихрийн шижин эсвэл зүрх судасны өвчлөлөөс шалтгаалж болно.

Зарим судлаачдын үзэж байгаагаар эрэгтэйчүүдийн цэвэршилтийн үеийн бэлгийн дааврын буурлын үед тестостерон орлуулах эмчилгээ (TRT) хийхэд богино хугацаанд үр дүн өгөх бололцоотойг заасан. Олон улсад дааврын буурлыг нөхөх ба тестостерон дааврын орцтой наалт, тариа, эм бэлдмэл, тосон түрхлэгийг нэмэгдэл хэлбэрээр хэрэглэх туршлагатай болсон байна.

Өөртөө туслах боломж бий юу?

Эрчүүд өөрийнхөө бодол санаа, сэтгэлийн асуудлаа бусадтай хуваалцахдаа тун тааруу хүмүүс. Гэвч сэтгэл зовнисон, сэтгэлзүйн хямралд орсон үедээ бусадтай ярилцаж хуваалцаж чаддаг байх нь хамгийн чухал. Тиймээс эхнэр, итгэлт найз, нас ойролцоо адилхан асуудалтай хэн нэгэнтэй ний нуугүй ярилцаарай.

  • Аливаа асуудалд эергээр ханд. Тиймээ, бидний эргэн тойрон бүгд насжих, хөгшрөх гэдгийг зөвхөн сөргөөр хүлээж авдаг тал байдаг. Гэхдээ та насжилтыг өөрөөр хүлээж авдаг байх хэрэгтэй. Дунд насанд маш олон сайхан өөрчлөлтүүд тохиолдох ба тэдгээр өөрчлөлтүүдийн ашигтай талуудаар сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Танд амьдралаа эргэн нэг харах, дүгнэх, туршлагаа ашиглан эерэг өөрчлөлтүүдийг хийх боломж гардаг. Өөрөөр хэлбэл бэрхшээлийг боломж болгон хувиргах өөрчлөлт бий болно.
  • Зөв хоолло. Хоолоо зөв сонгон, бага хэмжээгээр гэхдээ тогтмол хооллох хэрэгтэй. Ханасан тос, холестерол агуулсан, дахин боловсруулсан хоол хүнснээс татгалзаж, хангалттай унтаж амрах нь чухал. Хэдийгээр эдгээр дэглэмүүд нь энгийн мэт боловч, маш их өөрчлөлтийг авчирдаг.
  • Амин дэм, эрдэс бодисын нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. B төрлийн амин дэмийн бэлдмэл нь стрессийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг ба олон төрлийн амин дэм, эрдэс бодисуудыг тогтмол хэрэглэх нь хүний биед “эрүүл мэндийн даатгал”-ын үүрэг гүйцэтгэж, таныг ямар нэгэн шим тэжээлийн дутагдалд орохгүй байх баталгаагаар хангадаг.
  • Дасгал сургуулилалт тогтмол хийх. Сэтгэлээр унасан, хямарсан үед шалтаг болгон аливаа зүйлээс зайлсхийн, залхуурч суух нь амархан боловч дасгал хийснээр стрессээ тайлж, сэтгэл зүйн хямралаас сэргийлэхэд тустай. Илүү үр дүнд хүрэхийн тулд аеробек, гүйлт, дугуй унах, усанд сэлэх, тэсвэрийн дасгал (жинтэй дасгал) гэх мэт олон төрлийн дасгалаар хичээллэх хэрэгтэй. Гэхдээ хамгийн чухал нь тогтмол хийж, зуршил болгох юм. Мөн багийн спортоор хичээллэж хамт олонтой байх, аль нэг дасгал сургуулилтын газар гишүүнчлэлээр элсвэл таслахгүй байх нөхцөл болохоос гадна ижилхэн асуудалтай хүмүүстэй уулзах боломжийг олгодог.
  • Таны бэлгийн амьдрал идэвхгүй болсон ч битгий хүндээр хүлээж аваарай. Бэлгийн харьцаандаа тооноос илүү чанарыг эрхэмлэж, бэлгийн хавьтал гэдгээсээ илүү хайрлах, хүрэхүйн ханамжийг илүүд эрхэмлээрэй.
  • Ажил алба болон гэр бүлдээ зориулах цагийг тэнцвэртэй байлгах хэрэгтэй. Албан ажлаа алдах, тушаал буурах, санхүүгийн байдлаа хадгалах хэрэгтэй гэсэн айдсаасаа болж гэр бүлдээ тавих анхаарлаа сулруулах тохиолдол байдаг. Гэсэн ч амьдралаа зохицуулж гэр бүлдээ, найз нартаа бага ч гэсэн тогтмол цаг зарцуулж чадвал эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, ажлын чадвар, амжилтыг бүрэн нэмэгдүүлнэ.

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »