Фибройд нь умайн булчингийн эдийн хоргүй хавдар юм. Фибройд нь мөн миома, фибромиома, леомиома хэмээн эмнэлгийн олон нэршилтэй байдаг. Уг хавдар нь хэмжээгээр жижиг вандуйн хэмжээнээс эхлээд тарвасны хэмжээ хүртэл томорсон олон төрөл байдаг. Тэдгээр нь умайн аль ч хэсэгт байрлаж болох бөгөөд байрлалаасаа хамаарч өөр өөр нэртэй байна.

  • Интермурал фибройд нь умайн булчингийн эдийн гүнд бий болно. Энэ нь фибройд дундаа хамгийн элбэг тохиолддог нь.
  • Субсероз фибройд нь умайн гадаргуу хэсгээр байрлаж ургана.
  • Салстын доторх фибройд нь умайн хананы дотор салстаас булчин руу түрж өснө.
  • Хөлтэй фибройд нь умайн хананы гадна талаар субсероз байрлалтай ургахдаа нарийн иш хэлбэрийн хөлтэй болж ургадаг.

Умайн фибройд маш элбэг тохиолддог бөгөөд, дөрвөн эмэгтэйн нэгэнд амьдралынх нь аль нэг үед нь ямар нэг хэлбэрийн фибройд бий болсон байдгаас гол төлөв 30-50 насны эмэгтэйчүүдэд тохиолддог нь ажиглагдсан байна.

Фибройд нь мөн ихэнх тохиолдолд 70 килограммаас дээш жинтэй эмэгтэйчүүдэд илүү элбэг байдаг. Энэ нь таргалалтын улмаас биеийн өөхөн эдийн хувь нэмэгдсэний улмаас эстроген дааврын нийлэгжих хэмжээ болон нөөцлөх нөхцөл ихэссэнтэй холбоотой гэж үздэг.

Фибройд хавдрын шалтгаан

Фибройд нь умайн  гөлгөр булчингийн эд  эсүүдийн хэт өсөлтөөс үүсдэг (умайн их бие голчлон гөлгөр булчингаас бүрддэг). Фибройд бүрэлдэж эхлэх эх үүсвэр нь тодорхой бус байдаг ба харин фибройдын зангилаа нь өндгөвчнөөс ялгардаг эстроген дааврын хэлбэлзэлд их мэдрэг байдаг. Эстроген дааврын түвшин нэмэгдэхэд фибройд хөөж хавагнадаг (жирэмсэн үед элбэг). Харин эстроген дааврын түвшин буухад хэмжээ нь агшдаг (цэвэршилтийн дараа).  Цэвэршилтийн дараа даавар орлуулах эмчилгээ хийлгэвэл фибройд хавдрын агшилт нь удаашрах хандлагатай.

ФИБРОЙД ХАВДРЫН ШИНЖ ТЭМДЭГ.

Эрт шинж тэмдэг маш ховор ба гурван эмэгтэйн зөвхөн нэгд нь л шинж тэмдэг илэрнэ. Ихэнх эмэгтэйчүүд фибройдтой гэдгээ мэддэггүй. Гол төлөв ердийн урьдчилан сэргийлэх үзлэгээр санаандгүй байдлаар илрүүлсэн байдаг.

Дараах шинж тэмдгүүд илэрдэг:

Сарын тэмдэг өвдөлттэй эсвэл их хэмжээгээр ирэх

Фибройд нь сарын тэмдгийн мөчлөгт саад учруулдаггүй боловч ялгарах цусны хэмжээ нь энгийнээс илүү их байдаг, заримдаа маш өвдөлттэй. Мөчлөг болгоны ийм элбэг сарын тэмдэг  нь төмөр дутагдлын цус багадалтанд хүргэдэг. Төмөр дутагдлын цус багадалт нь цусны шинжилгээгээр оношлогдох ба төмрийн бэлдмэлийн эмчилгээгээр үр дүнгээ сайн өгдөг.

Хэвлийн доод хэсгээр хөөх эсвэл томрох

Хэрвээ фибройд хавдрын хэмжээ их том хэмжээнд хүрвэл хэвлийн доод хэсгээр томрон хүндэрч мэдрэгдэнэ. Фибройд жингээрээ даралт учруулснаас зарим эмэгтэйчүүд нуруугаар өвдөх зовиуртай болдог.

Давсаг болон бүдүүн гэдэсний шинж тэмдгүүд

Давсаг умайн урд хананд байрладаг тул умайн томорсон фибройд нь давсгийг түрж ачаалал өгдөг. Үүнээс болж эмэгтэйг илүү их ойрхон шээх шаардлагатай болгодог. Умайн ард байрладаг шулуун гэдэс мөн заримдаа дарагдаж өтгөн хатах шинж тэмдэг илэрдэг болно.

Бэлгийн харьцаа эмзэглэлтэй болох

Хэрвээ фибройдын өсөлт үтрээ эсвэл умайн хүзүү рүү түрж өсвөл бэлгийн харьцаа их эмзэглэлтэй болж, биед таагүй байдал илэрнэ.

Жирэмсэн зулбах эсвэл үргүйдэлтэй байх

Хэрвээ фибройдын өсөлт умайн хөндийг эзлэж томорвол ховор тохиолдолд үрийн хоолойг таглан үргүйдлийн шалтгаан болдог. Харин жирэмсэлсэн тохиолдолд хааяа зулбах хүндрэл үүсгэх шалтгаан болдог.

Жирэмсний явцыг хүндрүүлэх

Нэг болон түүнээс олон жижиг фибройдын зангилаа ихэнх жирэмслэлтийг тэр болгон хүндрүүлээд байдаггүй. Хааяа бага зэргийн хөндүүрлэх мэдрэмж л төрнө. Фибройдоос болсон өвдөх зовиур нь ихэвчлэн зангилаа хэт хэмжээгээр томорч эсвэл хөлтэй зангилаа хөл дээрээ мушгирснаас цусан хангамж боогдон өвдөлт үүсгэдэг байна. Фибройдын үед ураг өгзгөөр байрлах болон дутуу төрөх хандлагатай байдгаас Кесарево хагалгаагаар төрдөг бас нэг хүчин зүйл нь болдог. Фиброидтой жирэмслэлтийн төрөлтийн төлөвлөгөөг эмч нартайгаа нарийн ярилцаж төлөвлөсөн байх шаардлагатай.

Оношлогоо

Фибройд хавдар байх магадлалыг эмэгтэйчүүдийн эмч дотуур оношлох ба хэт авиа болон бусад шинжилгээгээр дахин батлах шаардлагатай байдаг.

Ажиглах

Хэрвээ фибройдууд зовиурлах шинж тэмдэг өгөөгүй бол эмчилгээ хийх  шаардлагагүй байдаг. Зарим эмэгтэйчүүд шинж тэмдэг өгсөн ч зовиургүй бол арга хэмжээ авалгүй хянаад явж байхыг сонгодог. Цэвэршилтийн дараа фибройд хэмжээгээр багасан агшдаг тул шинж тэмдгүүд ихэвчлэн арилж, яваандаа хөнгөрдөг. Харин хавдрын шинж тэмдэг хэтэрхий зовиуртай болж эхэлбэл хүлээлгүй эмчилгээний арга хэмжээ заавал авах хэрэгтэйг анхаарна уу.

Эмийн эмчилгээ  

Фибройдыг эмийн эмчилгээгээр гүйцэт эмчлэх аргачлал одоогоор боловсрогдоогүй байна. Иймээс эмийн эмчилгээний гол зарчим нь нь зөвхөн шинж тэмдгүүдийг л багасгах зориулалтаар хийгдэнэ.

Шинж тэмдгийг багасгах эмүүд:
Фибройд хэмжээ бага хирнээ сарын тэмдэг хэт их хэмжээгээр ирэхэд дараах эмчилгээг хийнэ.

  • Транэксем хүчлүүд. (эмийн нэрнүүд: Lysteda, , Transamin, Transcam,Espercil эсвэл дуслаар Cyklokapron ). Сар болгон сарын тэмдэг ирэх үеэр хэрэглэвэл цусны бүлэгнэлтийг зохицуулна.
  • Үрэвслийн эсрэг эмчилгээ: ибупрофен ба mefenamic acid. Эдгээр нь сарын тэмдгийн өвдөлтийг багасгаж өгнө. Сарын тэмдэг ирдэг өдрүүдэд хэрэглэнэ. Эдгээр нь умайн салстын простогландины хэмжээг багасгадаг. Хэт их простогландины нөлөөгөөр сарын тэмдгийн хэмжээ ихсэх талтай.
  • Жирэмслэлтээс сэргийлэх дааврын эм нь сарын тэмдгийн хэмжээ болон өвдөлтийг багасгана.
  • Levonorgestrel умайн ерөндөг /Mirena/. Мирена ерөндөг нь жирэмснээс хамгаалах ердийн ерөндгийн адил тавигдах ба Levonorgestrel нэртэйгээр прогестерон дааврыг тогтмол бага тунгаар ялгаруулдаг бүтэцтэй ерөндөг болно. Ингэснээр умайн салст зузаарал багасч, цус алдалт багасна. Харин фибройдтой үед Мирена ерөндгийг суулгахад бэрхшээлтэй байдгийг анхаарна уу.

Цэвэршсэний дараа фибройд хавдар ямар шинж тэмдэгтэй байдаг вэ?

-Өвдөлт. Ихэвчлэн бэлгийн харьцааны явцад мэдрэгдэх ба энэ нь сарын тэмдгийн агшилтын үеийнхтэй төстэй өвдөлтөөр мэдрэгдэнэ. Нуруугаар өвдөх ба өтгөн хатах зовиур нь умайн ойролцоо эрхтэн дарагдсанаас үүсч болдог.

-Аарцагт даралт мэдрэх. Фибройд хавдрын хэмжээ томрох тусам аарцаг тэлэгдэж дотроос даралт учруулж байгаа мэт мэдрэмж төрнө. Сайн тэмтэрвэл хатуу зангилаа мэдрэгдэх мэт санагдана. Энэ нь фибройд хавдрын хэмжээ томорсноос хавь орчны эрхтэнд даралт учруулан аарцагт даралт учруулснаас мэдрэгдэнэ.

Хэт ойрхон давтамжтай шээх. Томорсон умай давсганд даралт учруулснаас үүснэ.

-Гэдэс дүүрэх: гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн томорсон умайд дарагдан удаашран гэдэсний хий гарахдаа саатна.

Эмчилгээ

Фибройд хавдар нь голдуу жирэмслээгүй бөгөөд төрөөгүй, эсвэл анхны сарын тэмдэг хэт эрт ирсэн, полицист өндгөвчийн хам шинж, умайд ямар нэг шалтгаанаар сорвижилт үүсэх зэрэг онцлох эмгэгүүдээс шалтгаалан амьдралын явцад байнга өндөр эстрогены түвшины үйлчлэлд байсан эмэгтэйчүүд фибройд хавдартай болох илүү  өндөр эрсдэлтэй байдаг.

Ихэнх эмэгтэйчүүдийн эмч нар фибройд хавдар нь эрүүл мэндэд аюул занал  учруулдаггүй тул цэвэршилт хүртэл хүлээх нь зөв гэж үздэг.

Фибройд нь эстрогений үйлчлэлээр өсдөг тул цэвэршилтийн дараа эстрогений түвшин буурахын хамтаар фибройд зангилааны хэмжээ агшиж эхэлдэг. Гэхдээ цэвэршиж гүйцсэний дараа ч фиброид хавдрыг нарийн хянаж байх шаардлагатай байдаг. Хэрэв фибройд аюултай гэж тодорхойлогдвол мэс засал эмчилгээгээр умай тайрах эмчилгээг хийх шаардлагатай.

Цэвэршилтийн дараа фибройд хавдрыг тэжээдэг эстроген даавар буурдаг учраас энэ хавдар хорт хавдарт шилжих аюул бараг байхгүй.

Эрсдэл өндөртэй насандаа тогтмол эмчид үзүүлж, өөрийнхөө эмэгтэйчүүдийн өвчлөлийн байдалд байнга үнэлгээ дүгнэлт хийснээр эрүүл амьдрах боломжтой. Дааврын түвшингээ хянаж эмчтэйгээ зөвлөлдөж байгаарай.

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »