Цистит гэж давсагны салстын үрэвслийг хэлнэ. Ихэнх эмэгтэйчүүд амьдралынхаа туршид ядаж нэг удаа энэхүү өвчнөөр өвдсөн байдаг. Эмэгтэйчүүдийн 50 – 70 хувь энэ өвчнөөр өвчилдөг нь бие махбодийн онлогтой холбоотой. Эмэгтэй хүний шээсний сүв нь эрэгтэй хүнийхийг бодвол өргөн, богино байдаг тул халдвар өгсөж орох нь илүү амархан байдаг. Циститийн ерөнхий шинж тэмдэгт: шээхэд шатаж, хатгах мэт хорсож өвдөх, ойр ойрхон багаар шээх, шээсний дараа хэвлийн доогуур эсвэл нуруугаар өвдөх, шээс хурц үнэртэй, тунадастай болох, халуурах, дотор муухайрах, ядарч сульдах зэрэг орно.
Шалтгаан
Давсагны үрэвслийн халдварын шалтгаан нь гол төлөв гэдэсний савханцар, цөөн тохиолдолд хламид, стафилокок, уреоплазм төрлийн нянгууд болон кандида төрлийн мөөгөнцөр байдаг. Гэдэсний савханцар Escherichia Coli (E.Coli) нь шулуун болон бүдүүн гэдсэнд ямар нэг эмгэг үүсгэлгүйгээр оршин байдаг ба гэдэсний амсрын анатомийн байрлал, ариун цэвэр чандлан сахидаггүй, биеийн дархлаа сулрах зэрэг шалтгаануудаас шээсний сүвээр өгсөн, давсагны салст бүрхүүлийг үрэвсүүлэх шалтгаан болдог.
Шээсний сүв үтрээнд нээгддэг шалтгаанаар бэлгийн харьцаа идэвхжсэн эмэгтэйчүүдэд циститийн дайрлага (бал сарын цистит) ойрхон байж болно.
Цэвэршилтийн насанд дааврын өөрчлөлтөөс үтрээний салст нимгэрдгийн адил давсагны салст нимгэрч гэмтэн, үрэвсэх тохиолдол элбэг болдог.
Цистит үүсэх бас нэгэн шалтгаан бол давсгаа бүрэн суллаж чадахгүйгээс үлдэгдэл шээсэнд бактери үржих таатай нөхцөл үүсдэг. Жирэмсэн үед ургийн жингээр давсганд даралт учруулснаас давсаг гүйцэд сулрахгүй үрэвсэх тохиолдол их байдаг. Учир нь энэ үед давсаг болон аарцаг дээр хэвийн үеээс илүү их даралт ирдэг. Ингэснээр давсаг гэмтэх болон үрэвсдэг. Хэт бариу нийлэг хувцас өмсөх, хурц саван хэрэглэх, давсаг гэмтэх зэргээс цистит эргэж давтах магадлалтай.
Давсагны салст үрэвсэх нөхцлийг дараах хүчин зүйлүүд бүрэлдүүлдэг:
- Хурц халуун ногоо, давстай, амтлагч ихтэй хоол идсэнээс шээс илүү хүчиллэг давстай болж, давсагны хана цочрох
- Удаан хугацааны турш суугаа ажил эрхлэх, өтгөн хатах, хэт бариу хувцас зэргээс бага аарцагны цусан хангамж боогдох
- Чихрийн шижин, цэвэршилт зэрэг дотоод шүүрлийн эмгэгээс давсагны судаснууд хагарамтгай болох
- Дархлаа сулрах
Шинж тэмдгийг эмчлэх нь
Аль болох эмчийн хяналтгүйгээр дур мэдэн эмчилгээ хийхээс зайлсхийх хэрэгтэй. Буруу эсвэл гүйцэд эмчлээгүй давсагны үрэвсэл нь архагшсанаас насан туршид эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог. Ялангуяа танд цистит төст шинж тэмдэг анх удаа мэдрэгдвэл юуны түрүүнд эмчид хандан, шижилгээ хийлгэж, бэлгийн замаар дамжих халдвар, эсвэл мөөгөнцрийн үрэвслээс ялган оношилж тохирсон эмчилгээг оновчтой хийх нь нэн чухал. Шээсний ерөнхий шинжилгээ яг юунаас үүдэлтэй цистит гэдгийг ялгаж өгөх боломжтой.
Давсагны салстын үрэвсэл нэг биш идэвхждэг бол урд нь тохирч байсан эмчилгээг бүрэн гүйцэд хийхэд болно. Эмчилгээ, арга хэмжээ авсан ч шинж тэмдэг багасахгүй 2-3 өдрөөс удвал эмчид хандаж, тохирсон антибиотик эмчилгээ хийлгэх нь зүйтэй.
Доорх шинж тэмдэг илэрвэл заавал эмчид хандаарай.
– Шээсэнд цус гарах
– 38°C-ээс илүү халуурах
– Тэсэхэд бэрх их өвдөлттэй байвал
– Жилд 3-аас олон удаа цистит тусдаг болвол
Давсагны салстын үрэвсэл нь ерөнхийдөө 4-9 өдрийн антибиотикийн курс эмчилгээнд эмчлэгдэнэ. Гэхдээ антибиотик эмчилгээний хажуугаар өөрийнхөө дархлаа нэмэгдүүлэх, шингэний хэрэглээгээ нэмэгдүүлэх, давсаг угаах, зовиур багасгах зэрэг маш олон зүйл хийж болно. Эдгээрт, өвчин намдаах зорилгоор парацетамол болон ибупрофен уух, их хэмжээний шингэн юм ууж шээсээ шингэлэх нь тустай. Давсаг цочроодог каффеин, архи, чихэрлэг шүүс, хийжүүлсэн ундаа болон халуун ногоотой хоолноос татгалзах хэрэгтэй.
Баримтууд
Архаг хэлбэрийн нянгийн бус циститтэй өвчтөнүүд бүдүүн гэдэсний цочмог үрэвсэлтэй байх магадлал 100 дахин илүү байдаг.
Дархлаа сулрах нь бие махбодийн олон үйл ажиллагааны хямралыг бий болгоно.
Нянгийн бус давсагны салстын үрэвсэл
Ихэнх тохиолдолд цистит антибиотик эмчилгээгээр эсвэл аяндаа эдгэрдэг. Гэтэл зарим хүний шинж тэмдэг удаан үргэлжилж, байнга давтан зовиур үүсгэдэг. Хэрвээ ямар нэг шалтгаан мэдэгдэхгүй мөн антибиотик нөлөөгүй байвал та үрэвслийн бус циститтэй байж болох юм. Энэ нь нянгийн бус гаралтай давсагны ханын архаг үрэвслийн хэлбэр тул антибиотик эмчилгээнд үр нөлөө бага байдаг.
Уг нянгийн бус архаг хэлбэрийн циститийн үндсэн шалтгааныг тайлбарлаж чадаагүй ч судлаачид үүнд ямар нэгэн удамшлын гаралтай шалтгаан байж болзошгүй хэмээн судалсаар байна.
Цистит архаг явцтай бол бэлгийн замын халдварт өвчин, хорт хавдар, эндометриоз зэрэг өвчлөлүүд байгаа эсэхийг тодруулах шаардлагатай. Уг циститийн эмчилгээнд давсаг угаах, үр дүн өгөхгүй бол мэс заслын аргаар шархалсан хэсгийг хэсэгчилж тайрах зэрэг төгс эмчилгээ хийнэ.
Урьдчилан сэргийлэх
Циститээс бүрэн сэргийлэх нь дандаа боломжгүй ч та үүний эрсдэлийг бууруулах алхмуудыг авч чадна.
- Өдөр тутам хэрэглэдэг арчилгаа, ариун цэврийн ердийн хэрэглээнд зарим хүмүүс цочмог болсон байдаг. Цочроогч хүчин зүйлд үнэртэй ус, бариу өмд, синтетик дотуур хувцас зэрэг олон төрлийн хэрэглээ багтдаг тул тэдгээрээс зайлсхийх нь зүйтэй.
- Циститийг хөдөлгөдөг том хүчин зүйл нь хүйтний улиралд даарах явдал байдаг юм. Иймд хүйтэн улиралд дулаахан хувцаслах хэрэгтэй.
- Халуун ногоо, хурц хоол идэх дуртай хүмүүс шингэн ихээр ууж хэрэглэх нь зүйтэй.
- Биений юм ирэх үеэр ариун цэврийн хэрэглэлийг ойрхон солих
- Давсгаа чинэртэл шээсээ удаан барихгүй байх
- Бэлгийн хавьтлын дараа давсгаа суллаж угаалга хийх
- Савантай ваннд суухаас зайлсхийж, оронд нь шүршүүрт орохыг эрхэмлэх
- Хэт их хлоржуулсан бассейн усан санд орохоос зайлсхийх хэрэгтэй.
Циститийн үрэвсэл эхэлснийг мэдэрвэл
Сода хэрэглэх: хэдийгээр клиник судалгаагаар батлагдаагүй ч шээсийг шүлтлэг болгодог бикарбонатын давс, калийн цитрат зэрэг нь бие засахад өвддөг өвдөлтийг багасгахад ихээхэн дэм болдог. Энэ арга танд нөлөөлөх эсэхийг мэдэхийн тулд туршиж үзэх хэрэгтэй. 1 шилэн аяга усанд 1 цайны халбага сода сайтар уусган өдөрт 2-3 удаа уух.
Аньсны жүүс (cranberry juice) эсвэл нэмэлт бүтээгдэхүүн. Аньс давсагны хучуур эсүүдийг сонгон хамгаалах өвөрмөц үйлчилгээтэй.
Пробиотик нь гэдэсний савханцар Е.Coli хэмжээг бууруулж, циститийн эрсдэлийг багасгадаг.
Циститийн талаарх дараах цуурхал яриа үнэн үү?
Цистит зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал
ХУДАЛ. Хэдийгээр эмэгтэйчүүд илүү өртдөг ч, эрчүүд ч циститтэй болж болно. Гэхдээ эрэгтэйчүүдэд цистит төст шинж тэмдгүүд илүү аюултай шинж тэмдэг байх боломжтой. Энэ нь давсагны доор байрладаг түрүү булчирхайн халдвар /түрүү булчирхайн томрол, хавдар/, шээс дамжуулах замын бөглөрөл байх бололцоотой. Хүүхэд ч тусах боломжтой. Хэрвээ циститийн ямар нэг шинж тэмдэг илэрвэл эрчүүд ч, хүүхэд ч эмчид хандах хэрэгтэй.
Зөвхөн антибиоток эмчилгээ хэрэгтэй
ХУДАЛ. Эхэн үедээ бактери хангалттай их шингэн зүйл уусны ачаар шингэнтэй хамт цэвэрлэгдэх боломжтой. Хэрвээ шинж тэмдэг арилахгүй бол эмч танд антибиотик эмчилгээ зөвлөх болно. Үүний тулд халдвар үүсгэж байгаа бактерийг илрүүлээд зохих антибиотикыг хэрэглэх хэрэгтэй.
Олон нийтийн ариун цэврийн өрөөнөөс давсаг үрэвсдэг
ХУДЛАА. Хэдийгээр эмэгтэйчүүд олон нийтийн 00-д суудаггүй хагас суун бие засдаг нь давсгаа бүрэн суллахад саад болдог байна. Энэ нь циститийн шалтгаан болох боломжтой.
“ЦИСТИТ ҮРЭВСЛИЙГ бактерийн нянгууд голлож үүсгэдэг ч, уух шингэний хэрэглээг нэмэгдүүлэх хэлбэрээр тэдгээрийг угааж гадагшлуулах бүрэн бололцоотой.”