Давсаг, шээс ялгаруулах замын эмгэг

Бүх насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс ямар нэг хэлбэрийн давсагны хүндрэлтэй тулгарч байдаг ба харин анатоми бүтцийн онцлогоос шалтгаалж эмэгтэй хүмүүс эрэгтэйчүүдээс өвөрмөц шалтгаан болон давтамжаар өвчилдөг.

Давсагнаас эхлэл аван гадагш үтрээний хананд нээгддэг шээсний сүвийн урт нь эмэгтэй хүнийх маш богино байдаг. Мөн давсаг умайтай ойрхон байрладаг, шээсний сүв үтрээний хананд байрладгаараа төрөлт, бэлгийн харьцаа болон дааврын өөрчлөлттэй холбоотой давсагны амсрын хунигч булчин, бага аарцгийн булчингуудын чангарал, гэмтэл, үтрээний салстын өөрчлөлт зэрэг олон нөлөөнд өртдөг байна.

Эрүүл давсаг нь шээсийг 3-4 цаг тутамд нэг удаа гадагш ялгаруулах ба өдөрт 8-аас ихгүй удаа, харин шөнийн цагаар 1-ээс илүүгүй удаа шээсийг ялгаруулах ёстой.

Давсганд эмгэг өөрчлөлтгүй үед шээсээр дүүрч байгаа дохио очсоноос хойш ариун цэврийн өрөө орох хүртэл шээсийг барих чадвартай байх ёстой.

Давсагны мөчлөг нь шээсийг тохиромжтой үе болон тохирсон газар хүрэх хүртэл нөөцөлж байх үүрэгтэй нарийн тогтолцоо юм. Уг мөчлөгийг хэвийн явуулахын тулд давсагны хананы булчин нь (detrusor) суларч, шээсийг нөөцлөх, харин шээсний нөөц гадагш ялгаруулах хэмжээнд хүрэхэд агшиж шээсийг шахаж үүргийг гүйцэтгэх чадвартай байдаг. Мөн давсагнаас эхлэлтэй шээсний сувганд бүтцийн болон мэдрэлжүүлэлтийн үйл ажиллагаа хэвийн байж шаардлагатай үед шээс хуримтлуулахад оролцох ба ялгарууралтын нарийн мөчлөг хэвийн явагддаг.

Давсганд шээс нөөцлөгдөх үед шээсний сүвийг зөв байрлалд байлгаж амсрыг нь агшааж хаалттай байлгахад аарцагны доод хананы булчин голлох үүрэг гүйцэтгэнэ. Шээсний сүвийг нээх буюу хаах шаардлагатай үед аарцагны булчин агших буюу суллах тушаалыг тархи өгч шээс ялгаруулах явцыг удирддаг байна.

Эдгээр шээс нөөцлөн хуримтлуулах болон шээс ялгаруулах харилцан нарийн зохицолтой мөчлөг алдагдан, шээс задгайрах эмгэгт хүргэ, ажил амьдралын хэвийн хэм алдагдуулахад хүргэдэг өвчлөлүүдийн талаар танилцуулъя.

Шээс ялгаруулах замын үрэвсэл

Нас нэмэгдэх хэмжээгээр бэлгийн дааврын хэмжээ аажим буурдгаас үүдэлтэй  давсагны өвчлөлийн эрсдэл нэмэгдэх хандлагатай байдаг. Дааврын тэнцвэр алдагдахад бэлэг эрхтэн орчмын эдийн цусан хангамж болон дааврын хүргэлт багассанаас салст давхарга болон булчингийн эд нимгэрэн хэврэг болдог. Давсаг шээсний сувгуудын салст давхарга  нимгэрснээс сунах уян чанараа алдан гэмтэмтгий болох, шүүрэл нь багасч халдварт илүү өртөх хандлагатай болно.

Шээхэд хорсох, ойрхон шээс хүрэх зэрэг залуу насанд элбэг тохиолдох ердийн  үрэвслийн шинж тэмгүүд илрэхийн хамт дааврын өөрчлөлттэй холбоотой давсаг шээс ялгаруулах замын үрэвслүүд, илүү шээс задгайрах, эсвэл дүлж шээх, давсаг удирдаж чадахгүй байх, сэтгэл түгшлийн хамааралтай байх зэргээр илэрдэг онцлогтой болно

40-өөс дээш насанд тохиолдох давсаг шээсний замын халдварыг уламжлалт аргаар антибиотик эмчилгээгээр эмчилдэг ч ихэнхдээ халдвар дахих хандлагатай байдаг тул даавар тэнцвэржүүлэх эмчилгээ хийж байж халдварын ойрхон дайралтаас сэргийлж болдог. Хэсгийн эстроген даавар эмчилгээ бичил тунгийн (үтрээний лаа, тосон түрхлэг, гель)  хэрэглэхэд илүү үр дүнтэй байдаг. Хожуу насны давсагны үрэвсэлд антибиотик эмчилгээ голдуу бага тунгаар илүү удаан хугацаагаар (3 сар хүртэл) хийгддэг зарчимтай байдгаараа онцлогтой.

Шээс задгайрах

Шээс задгайрах буюу давсаг сулрахыг ихэнхдээ зөвхөн насжилт дагасан эмгэг гэж үзэх эндүүрэл байдаг. Шээс задгайрах нь даавар буурснаас гадна төрөлт, амьдралын хэв маяг, бусад өвчлөл, хэрэглэдэг эмийн эмчилгээний гаж нөлөө зэрэг олон шалтгаантай байж болно. Шээс задгайрлыг  эмчлэх эмийн, мэс заслын, төхөөрөмж ашиглах олон арга байдаг ба тохирсон эмчилгэний арга сонгож чадвал  бүрэн эдгэрэх бололцоотой.

Шээс задгайрах хоёр төрлийн эмгэг байдаг:

 Даралт хамааралт шээс задгайрал болон түгшлийн гаралтай шээс задгайрал.

Энэ нь ханиах, найтаах, гүйх, инээх зэрэг хэвлийн хэсгээс хүчдэл өгсөн үед санамсаргүйгээр шээс алдах задгайрлыг хэлнэ. Энэ нь давсагт шээсийг барьж байх үүрэгтэй хавхлагын үйл ажиллагааг зохицуулахад тусалдаг аарцгийн доод хананы булчингууд – давсаг, шээсний сүвийн суурийн эргэн тойронд байрлах булчингуудын сулралаас болж үүсдэг.

Хүүхэд төрүүлэх нь аарцагны булчингийн гэмтэл болон суналтын эх үүсвэр болдог. Хэдий олон, болон том жинтэй хүүхэд төрүүлнэ төдий чинээ дээрх булчингуудын суналт үүсэх эрсдэл ихэснэ. Өөр нэг шалтгаан бол насжилт, хэт таргалалт, тамхи татахаас шалтгаалсан салст болон булчингийн эдийн өөрчлөлт юм.

Өөртөө авах арга хэмжээ

Живх хэрэглэхээс эхлээд хүчдэл хамааралт давсаг сулралтыг зогсоох олон арга боломж бий. Ийм олон аргууд байдаг ч хамгийн үр дүнтэй цорын ганц арга бол аарцагны доод хананы булчинд зориулсан дасгал хийх арга юм.

Аарцагны хананы булчинг өөр бусад булчингуудын адилаар хэр их дасгал хийнэ төдий чинээ чангардаг. Хүүхэд төрүүлсэн эхчүүдийг төрсний дараа хэвлийн доод хананы булчингийн дасгал хийхийг зөвлөдөг ч үнэндээ үүнийг хийх цаг зав байдаггүй. Гэхдээ дасгалыг хийж эхлэхэд хэзээ ч оройтохгүй. Аарцгийн булчингийн дасгалыг аль болох эрт наснаас, тогтмол хийж занших нь зүйтэй. Дасгалыг 3-6 сар тогтмол хийхэд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна.

Шээс задгайрахад хэрэглэдэг шинэ эмчилгээний аргаас:

  • Давсагны суурийн булчин чангаруулах шинэ эмийн эмчилгээ бол Duloxetine (үйлдвэрлэгчийн нэрийг эмчээс лавлаж хэрэглээрэй). Уг эмчилгээг аарцгийн булчингийн дасгалтай хавсарвал илүү үр дүнтэй.
  • Хэсгийн даавар эмчилгээ. Уухаар даавар эмчилгээ хэрэглэсэн ч үтрээний даавар эмчилгээ хэрэглэж болно.
  • Давсагны амсрын булчин чангалах мэс засал, тарилгууд. Силикон, коллаген тарилгаар давсагны амсарт тулгуур болгох, амсрын агшилтыг дэмжих эмчилгээний аргыг нэвтрүүлж эхэлсэн байгаа.

Түгшлийн хамааралт шээс задгайрал

Энэ эмгэгийн үед гэнэтийн шээх хүсэл төрж, ариун цэврийн өрөө хүртэл тэвчих боломжгүй болсон байдаг. Түгшлийн гаралтай шээс задгайрлын үед ямар нэг хугацаа өгөлгүй гэнэт ариун цэврийн өрөө лүү яарах мэдрэмж төрдөг ба шээх давтамж нь хэт ойртон заримдаа өдрийн цагаар 30 минут бүрт, шөнийн цагаар хамгийн багадаа 2 удаа шээдэг байна.

Хэвийн үед, давсаг дүүрэх явц аажим явагдах ба дүүрэх явцад, давсагны ханан дахь булчингууд шээс дүүрч байгаа дохиог тархи руу эртнээс өгч эхэлдэг. Гэвч зарим тохиололд давсагт маш бага хэмжээний шээс байхад тархи руу дохио өгч булчингууд агшиж шээсийг шахаж эхэлдэг. Үүнийг давсагны хананы цочмог идэвхжил гэх ба хүн өөрөө хичнээн хичээсэн ч болиулж чадахгүйгээр давсагны булчингууд агшиж шээс хөөдөг.

Эрүүл хүн давсгаа хэр ойрхон суллах нь тухайн хүний уусан шингэний хэмжээнээс болон цаг агаараас шалтгаалдаг. Зуны улиралд хүн хөлсөөрөө их хэмжээний ус биеэсээ алддаг учраас ойр ойрхон давсгаа суллах шаардлагагүй байдаг. Нөгөөтэйгүүр, хэрвээ та өдөрт 15 аяга кофе, цай уувал үүнтэй холбоотойгоор ариун цэврийн өрөөний байнгын үйлчлүүлэгч болох болно. Гэхдээ ерөнхий дүрмийн дагуу, хэвийн үед өдөрт 8-аас дээш удаа, шөнөдөө 1 удаа давсгаа суллах ёстой. Хэрвээ эдгээр үзүүлэлтээс илүү их, байнга давсгаа суллаж байвал таны давсаг хэт идэвхжсэн байж болох юм.

Эстроген дааврын үүрэг

Давсагны үйл ажиллагаа нь эстрогены үйл ажиллагаанаас хамааралтай байдаг. Эстрогений дааврын үйлчлэлийг хүлээн авагч төвүүд давсаг, шээсний сүв, аарцгийн доод хананд байрлана. Цэвэршилтийн үеэр эстрогений түвшин буурсны улмаас ойрхон шээх, яаралтай шээх түгшүүртэй болгох, шөнийн цагаар олон шээх зэрэг зовиуртай болж эдгээр зовиурууд давсаг хэт цочмог болсон мэт шинж тэмдгээр илэрнэ.  Даралтат хамааралт давсаг сулрал нь цэвэршилтийн үед байнга илэрдэг бол тулгарсан шээс задгайрал нь цэвэршилтийн дараа үед илүүтэйгээр ажиглагдана.

Өөртөө авах арга хэмжээ

Жингээ хасах болон давсагны ханыг цочроож болохуйц кофейн, архи зэргээс татгалзах арга хэмжээ аваарай. Кофе, архи дарс нь тун ихтэй хүчтэй байх тусам давсгийг илүүтэйгээр цочрооно. Зарим тохиолдолд ойрхон шээхгүйн тулд эмэгтэйчүүд уух шингэнийхээ хэмжээг санаатайгаар багасгадаг ба энэ нь таны шээсийг өтгөрүүлж, давсагны үрэвсэлд өртөх эрсдэлийг ихэсгэнэ. Өдөрт 2 орчим литр шингэн ууж байх хэрэгтэй.

Давсгаа дасгалжуулах

Давсгаа дахин дасгалжуулах нь маш үр дүнтэй арга ба нэрнийхээ утгын дагуу давсагтаа илүү их шээс барьж сургах дасгал юм. Хүн хоол бага идэж жижиг ходоодтой болж сургадгийн адилаар давсгийг тодорхой хэмжээний шингэн барьж сургаж болдог. Үүний тулд эхний ээлжинд шээх хүслээ түр дарах эсвэл үл тоох дасгалыг хийж эхлээрэй.

Ингэснээр давсагтаа илүү их шээс хадгалж сурч байна гэсэн үг юм. Давсгаа сулламаар санагдах үедээ шээхээр явахыг ялихгүй бага хугацаагаар сунгаж сурах хэрэгтэй. Мөн шээс хүрээгүй үедээ “юу ч гэсэн бие засчихаад ирэх” зуршлаас салах хэрэгтэй. Хэр давтамжтайгаар ариун цэврийн өрөө орж байгаа, уусан шингэний хэмжээ болон ойролцоогоор ялгарч байгаа шээсний хэмжээний талаар тэмдэглэл хөтөлж байх хэрэгтэй. Эхлээд шээсээ 10 минутаар илүү удаан хадгалж сураад дараа нь аажмаар энэ хугацааг ихэсгэж 30 минут болгох маягаар цааш үргэлжлүүлэн шээсээ барих чадварт суралцана.

ЭМИЙН ЭМЧИЛГЭЭ

Хэт идэвхжсэн давсаг болон түгшлийн хамааралт шээс задгайралтанд зориулсан эмчилгээ болох Тoleradine, Оxybutynin, Solfenacin зэрэг эмүүд бий. Гэвч Монголд эдгээр эмүүдийн хэрэглээ хязгаарлагдмал байдаг (хувийн эмч нараас хэрэглээг авах). Эдгээр эмүүд нь давсагны булчинг сулруулах ба ам хатах, өтгөн хаталт зэрэг сөрөг нөлөөг эс тооцвол маш үр дүнтэй.

Түгшлийн хамааралт давсаг сулралд мэс заслын арга ерөнхийдөө хэрэглэдэггүй гэхдээ сүүлийн үед давсагны булчин сулруулах зорилгоор Ботокс хийсний зарим нь үр дүнгээ өгчээ. Гэвч энэ хямралын үед үзүүлэх удаан хугацааны нөлөө бүхий эмчилгээ гараагүй байгаа.

Шээс ялгаруулах эрхтэнүүдийн эрүүл мэндэд хоол хүнс ба амьдралын хэвшил хэрхэн нөлөөлдөг вэ?

Ямар ч төрлийн давсагны асуудалтай байсан хоол хүнс амьдралын хэв маягаа өөрчлөх нь өвчний шинж тэмдгийг бууруулахад сайн нөлөөтэй.

Хамгийн багадаа таван төрлийн жимс, ногоо бүхий эрүүл хоолоор хооллох хэрэгтэй. Энэ нь давсагны зовиурыг багасгаж өтгөн хаталтыг бууруулна. Хэрвээ та илүүдэл жинтэй бол жингээ хасах нь аарцгийн доод хананы булчингуудын ачааллыг сулруулах болон хүчлэл хамааралт давсаг сулралыг багасгана.

Өдөр бүр 1.5-2 литр шингэн ууж, архи, каффейн агуулах цай, кофе, кола, энергийн ундаа зэргийг хэрэглээнээсээ хасах хэрэгтэй.

Тамхи таталт нь ханиалгыг ихэсгэж аарцгийн доод ханын булчинд улам их ачаалал нэмэгдүүлнэ. Никотин нь давсагны булчингийн агшилтыг ихэсгэдэг гэж үздэг тул ойрхон шээс зовиурыг улам хүндрүүлнэ.

Байнгын дасгал сургуулилт хийх нь жин хасах, аарцгийн булчинг чангаруулах ба зовиургүй эрүүл байлгах ач тустай.

ААРЦГИЙН ДООД БУЛЧИНГИЙН СУЛРАЛЫН УЛМААС БАГА ААРЦГИЙН ЭРХТЭНҮҮДИЙН БАЙРШИЛ ӨӨРЧЛӨГДӨХ

Цэвэршилтийн дараа үед зарим эмэгтэйчүүдэд үтрээний хана руу хажуугийн эрхтэнүүд түрж орж ирэх болон умайн амсар доошилж нүүж орж ирэх мэдрэмж төрдөг. Зарим тохиолдолд ерөнхийд нь аарцгийн хөндийгөөс доош дарж эсвэл татаж чангаасан мэдрэмж төрдөг. Цэвэршсэн эмэгтэйчүүдийн хагаст нь умайн урд хананы сулрал 1/4- т нь умайн хойд хананы сулрал болон 15 хүн тутмын нэгд нь умайн дээд хананы сулрал тус тус илэрдэг байна.

Аарцгийн доод хананы булчин ба холбооснууд нь хэвийн үед умай, давсаг, болон бусад эрхтэнүүдийг зөв байрлалд нь хадгалж өгдөг. Харин тэдгээрийн бүтцэд байдаг коллаген нь эстроген дааврын дутагдлаас болж бат бэх чанараа алдаж, бага аарцгийн эрхтэнүүдийн тулгуур холбоос суларсны улмаас умай, давсаг болон зэргэлдээ эрхтэнүүд үтрээ рүү түрж орж ирдэг. Бэлгийн уруулын коллагены өөрчлөлт нь хэлүүний хамгаалагч бүрхүүлд нөлөөлснөөр хэлүү бага үрэлтэнд амархан гэмтэж хавагнах тохиолдол элбэг болно. Үтрээний хэлүүний үрэвсэл эмчилгээнд үр дүн бага авдаг ба арьсны дерматоз хэмээх эмгэгт шилжин нэмэгдэл эмчилгээ хийх шаардлагатай болдог.

Ихэнх эмэгтэйчүүд шээс бэлгийн замын зовиур болон асуудлаасаа санаа зовж тусламж эрдэггүй буюу эмчид ханддаггүй. Энэ асуудлаа та нэн даруй нарийн мэргэжлийн эмч эсвэл итгэсэн найзтайгаа хуваалцаж анагаах ухааны дэвшилтэт арга, эмчилгээг сонгон хэрэглэх нь гэр бүлийн нандин харилцааг хамгаалахад нэн чухал үүрэг гүйцэтгэнэ.

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »